Борлуулагч залууг мөнгө зээлсэнгүй гэж амь насыг нь хөнөөв үү

527-1413430001fgjdklgd-АН-ын албатууд ар араасаа эрүүгийн хэрэгт шалгагдаж байна-

Хувиараа бөөний төв ажиллуулдаг идэр залуухан гурван хүүхдийн аав, халамжит ханийхаа амьдралын тулах багана болсон А гэх залуу бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг хуучраагүй байна. “Аав нь ажлаа дуусгаад хурдан ирнэ ээ” гээд хүүхдүүдээ үнсээд гэрээсээ гарсан тэрбээр хүний гарт ийн үрэгдэх юм чинээ даанч бодоогүй биз ээ.

Айлын ганц хүү А өндөр настай ээжийгээ Сүхбаатар аймгаас нүүлгэн хаяандаа буулгаж, хувиараа бөөний төв ажиллуулаад өөрийн гэсэн унах унаатай болж, ёстой л хүний гар харахааргүй болох мөчид хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.

Өнөөдөр түүний цэл залуухан хөрөгнийх нь өмнө зул бадамлаж, нэгэн айлын гал голомт эзгүйрч, дотны хүмүүсийнх нь нулимс ч хатаагүй гомдол нэхэн цөхөрч сууна.

Хэргийг тодруулбал, өнгөрөгч есдүгээр сарын 15-нд Хонхор, Гачуурт чиглэлийн хүнсний дэлгүүрт бараа хүргэхээр гэрээсээ гарсан борлуулагч 15 хоног ямар ч чимээ сураггүй алга болсны эцэст аравдугаар сарын 1-нд Налайхын уурхайн цооногноос түүний цогцсыг олсон.

Мөн тухайн өдөр түүний унаж явсан микро автобусыг Зуун мод хотоос олж илрүүлсэн юм. Тэгвэл эл хэргийг үйлдсэн хүн хэн бэ гэдэг нь өнөөдөр ч тодорхой бус байна. Иймд манай сонин энэ хэргийн мөрөөр сурвалжиллаа.

Эх сурвалжууд “Талийгаачийг хөнөөсөн этгээд дэлгүүрийн эзэн байжээ” гэж мэдээлж байсан. Тэгэхээр бид хамгийн түрүүнд Хонхорт үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийн хэн гэгч эзэн хүний аминд хүрэв гэдгээс сурвалжлагаа эхлүүлсэн юм.

Хүн цөөнтэй Хонхор тосгоныхон бие биенээ андахгүй юм. Захын хүнээс сураглахад л “Хэрэг болсон нь үнэн. Тэр хүн нь хэргээ хүлээсэн гэсэн шүү дээ. Гэрээс нь баривчлаад явсан. Борлуулагч сураггүй болсон хэд хоногт ямар ч юм болоогүй юм шиг ажлаа хийж байсан” гээд дэлгүүрийг нь зааж өгөв.

Хонхорын буюу Баянзүрх дүүргийн XI хорооны Булгачны 13 дугаар гудамжинд байрлах “Мянганы гол” ХХК-ийн “Хадат мянган” гэх дэлгүүрийн эзэн Г.Пүрэвсүрэн гэж хүн дээрх хэргийг үйлджээ. Хэрэг гараад удаагүй учраас дэлгүүр ажиллаагүй болов уу гээд ортол залуухан бүсгүй шалны алчуур барьчихсан цэвэрлэгээ хийж байна.

Дэлгүүр бараа гээд байх зүйлгүй, боов талх ховор байхыг бодвол бараг өнөөдөр /өчигдөр/-өөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн болов уу гэхээр байлаа. Баттай эх сурвалжийн хэлж байгаагаар тус дэлгүүрийн эзэн Г.Пүрэвсүрэн нь Хонхорын уугуул буюу XI хорооны иргэн аж. Түүнийг дээрх хэрэгт сэжиглэж гэрээс нь баривчилсан байна.

Гэхдээ түүний эхнэр Б.Отгонхандыг цагдаагийн байгууллага эхэлж баривчилж шалгасан байна. Эхнэрийг нь сэжиглэх болсон шалтгаан нь Зуун мод хотод  аваачиж нуусан микро аетобусны суудпаас илэрсэн үсний сэв түүнийх болохыг тогтоожээ. Ингээд түүний нөхөр Г.Пүрэвсүрэнг цагдан хорьж байцаахад тэрбээр хэргээ хүлээсэн байна.

Түүний эхнэрийг ч мөн адил цагдан хорьж байгаад гадуур байцаахаар болсон байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар Б.Отгонханд нь тухайн микро автобусыг Зуун мод хотод аваачиж нөхрийнхөө дүүгийн хашаанд хийсэн гэж байгаа юм. Г. Пүрэвсүрэн нь эрхэлсэн тодорхой ажилгүй өмнө нь ТҮЦ ажиллуулж байгаад өнгөрсөн жилээс “Хадат мянган” дэлгүүрийг ажиллуулж эхэлсэн байна.

Ингээд тухайн борлуулагч алга болсны дараа ар гэрийнхэн нь болон цагдаагийн албан хаагчид тус дэлгүүрээр орж талийгаачийг сураглахад “Манайд орж ирэхдээ хар нүдний шил, саравчтай малгайтай танихгүй хүнтэй орж ирсэн” хэмээн мэдүүлсэн нь цагдаагийн байгууллагынхныг “чулуу хөөлгөх” арга нь байсан аж.

Өөрөөр хэлбэл, тэднийхээс өмнөх дэлгүүрүүдэд ганцаараа байсныг гэрчүүд хэлж байжээ. Гэтэл гэмт этгээд өөрөөсөө зайлуулж ийн худал мэдүүлэг өгч эрлийн ажиллагааг төөрөгдүүлж байсан байна.

XI хорооны Засаг дарга Б.Отгонханд гэж хэн бэ

Хонхорын Засаг даргаар 2013 оны хоёрдугаар сард АН-аас Б.Отгонханд сонгогджээ. Гэхдээ түүнийг Хонхорын иргэд сонгоогүй гэдгээ хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Б.Отгонханд өөр хорооны иргэдийг автобусаар ачиж авчраад хорооныхоо иргэдийг оруулахгүйгээр хаалттай санал хураалт явуулж сонгогдсон гэдгийг хэллээ.

Санал хураалт явуулахаар сургуулийн заалыг бэлтгэж тохижуулсан байхад хорооны зааланд авна гэх шийдвэрийг гэнэт гаргаж хуулийн дагуу товлосон цагаас өмнө буюу 13.00 цагт товлосон хурлыг урагшлуулж 10.00 гэхэд өөрийн хүмүүсээр тухайн заалыг дүүргээд дотроос нь түгжээд санал хураасан байна.

Ийнхүү анхнаасаа хэрүүл маргаантай сонгогдсон Засаг дарга Б.Отгонханд бүх хэсгийн ахлагч нарыг ажлаас нь чөлөөлж өөрийн хүмүүсээ томилсон байна. Иймд нутгийн иргэд түүнийг огцруулах шийдвэрийг энэ оны зургадугаар сард гаргаж хурал зохион байгуулахад Б.Отгонханд нь мөн өөр хорооны хүмүүс авчирч хурлын зааланд суулгасан байсныг тус хорооны ИТХ-ын дарга Гомбогарав эсэргүүцэж цугласан иргэдийн иргэний үнэмлэхийг шалгахад дийлэнх нь өөр хорооны хүмүүс байсан учраас өөрийн хорооны хүмүүсийн саналыг хурааж түүнийг олонхийн саналаар Засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Гэтэл Б.Отгонханд ийн халагдсан шөнөө ИТХ-ын дарга Гомбогаравын шинээр барьж байсан байшингийн вакум цонх, машины шилийг хагалж танхайрсан байна. Үүнийг тухайн үед дүүргийн цагдаагийн газар тэмдэглүүлж шалгаж байжээ. Мөн түүний оронд сонгогдсон Засаг дарга Эрдэнэсайхан руу утасдаж “Гурав хоногийн дотор ажлаа өгөхгүй бол хоёр хүүхдийн чинь амь насанд аюултай шүү” гэж заналхийлж байжээ.

Мөн АН-ын мөр зэрэгцэн ажиллаж байсан нэгэн эмэгтэй түүнийг ажлаа хийж чадахгүй байгааг хурлын үеэр шүүмжлэхэд хашаан дээр нь “Үхэл, үхэл” гэж бичсэн байсан гэдгийг ч хэлж байгаа юм. Үүгээр юу хэлэх гээд байна гэвэл тухайн хорооны Засаг даргаар жил гаруй ажиллаад үүрэгт ажлаа өгсөн Б.Отгонханд гэж эмэгтэй ямаршуухан авиртай хүн бэ гэдэг нь харагдаж байгаа биз гэдгийг иргэд хэлж байгаа юм.

Тэрбээр өмнө нь төрийн албанд ажиллаж байгаагүй Хонхорт архи, пиво борлуулдаг нэгэн байсан гэх. Анх спирт найруулж зарж байсан гэх мэдээлэл ч байгаа юм.

Сэжигтний буруутайг тогтоовол 15-25 жилийн хорих ял онооно.

Эх сурвалжийн хэлж байгаагаар талийгаач тухайн өдөр “Хадат мянган” гэх дэлгүүрт архи, пиво бусад барааг зээлээр өгсөн байна. Энэ үеэр дэлгүүрийн эзэн Г.Пүрэвсүрэн “Мөнгө байвал зээлээч. Дүүгийн хурим болох гээд мөнгөний хэрэг болоод байна” гэсэн байна. Гэтэл талийгаач бараагаа зээлээр өгөөд мөнгө зээлэх боломжгүй гэдгээ хэлсэн байна.

Маргаан эндээс эхэлж түүнийг боож амь насанд нь хүрсэн гэж сэжиглэн шалгаж байгаа аж. Ингээд гэмт этгээд талийгаачийг Хонхороос Налайх ордог шороон замаар явж уурхайн нүхэнд хийсэн байна. Харин түүний унаж явсан автомашинаас эхнэрийнх нь үс гарсан учраас түүнээс байцаалт авснаар хэрэг явдал илэрчээ.

Одоогоор Г.Пүрэвсүрэн урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа аж. Түүний хэргийг нийслэлийн Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлэн шалгаж байна. Г.Пүрэвсүрэнд Эрүүгийн хуулийн 91.2-т зааснаар шунахайн сэдлээр танхай авирлаж бусдын амь насанд санаатай халдсан гэдэг зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байгаа юм байна.

Ингээд түүний гэм буруутайг нотолвол 15-25 жил хорих буюу цаазаар авах ялын хуультай юм байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар гэмт этгээдтэй үгсэн хуйвалдаж тохиролцсон гэх үндэслэлээр хэд хэдэн хүнийг цагдан хорьж байгаа гэсэн мэдээлэл ч байна.

Баянзүрх дүүргийн IV хорооны хэсгийн ахлагч хүний аминд хүрчээ

Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэсэн үг бий. Үүний илрэл болох мэт дээрх хэргийн мөрөөр мөшгихөд тус дүүргийн IV хорооны I хэсгийн ахлагч

Ч.Алтанчимэг хүний аминд хүрсэн хэргээр 461 дүгээр хорих ангид хүмүүжиж байгаа аж. Уг хэрэг 2014 оны хоёрдугаар сарын 25-нд Мянган оюутны байрны хоёр давхрын зочид буудалд болжээ.

Хэсгийн ахлагч танил эрэгтэйтэй архи ууж маргалдсаны улмаас архины шилээр толгойг нь цохиж гэмтээжээ. Ингээд хохирогч ГССҮТ-д сар гаруй хэвтэн эмчлүүлж байгаад амь насаа алдсан байна. Иймд түүнийг тавдугаар сарын эхээр цагдан хорьсон байна.

Хонхорт улстөржилт хэрээс хэтэрчээ

Ийн хэлэхийн учир нь төрийн гэлтгүй хувийн хэвшлийнхэн нь намчирхажхоорондоо ам зөрж, ажил үүрэг нь урагшилдаггүй гэдгийг хэлж байгаа юм. Энэ байдал нь дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваатай холбоотой гэх гомдлын үг ч сонслоо.

Тухайлбал, дээрх хэргийн талаар ямар нэгэн мэдээлэл гаргахгүй байхыг хороо, хэсгийн ахлагч нарыг цуглуулж байгаад үүрэгдсэн гэнэ. Мөн УИХ-ын гишүүн Н.Батзандан хонхорынхонд 30 амралтын бичиг тараахдаа “АН-ын гишүүддээ өгөөрэй. МАН-ынханд өгч болохгүй” гэж хэлсэн нь ахмадуудын чихэнд хүрч түүнд “тааруухан” дүн тавихад хүргэсэн гэнэ.

Түүнээс гадна Засаг даргаар ажиллаж байсан Б.Отгонханд өөрийнхөө томилсон хүмүүсийг аясаараа байлгах, гэдэг шахалт шаардлагаас болж тус хорооны төрийн албан хаагчид 2-3 удаа халаа сэлгээнд орж төрийн ажил мэдэх хүнгүй болсон гэдгийг хэлж байлаа.

Б.Цэцэгдэлгэр

Эх сурвалж: Монголын үнэн


URL:

Сэтгэгдэл бичих