Инфляц долоон хувьд хүрэх үү?
Монголбанк жил бүрийн эцэст ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын хөтөлбөрөө УИХ-аар хэлэлцүүлдэг. Үүний дагуу намрын чуулган эхэлсэн өдөр Монголбанкны ерөнхийлөгч УИХ-д “2015 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл”-ийг өргөн мэдүүлсэн.
Хуулиар УИХ-аас Төрийн мөнгөний бодлогыг арванхоёрдугаар сарын 5-наас өмнө батлах ёстой. Харин 2015 онд мөнгөний бодлого ямар чиглэлтэй байх, эдийн засгийн өсөлт, инфляцийн төвшин ямар байхыг Төв банк ингэж төсөөлжээ.
Төвбанкны “хатуу” бодлого үргэлжилнэ
Монголбанк инфляц буюу өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хэдэн хувьд барих вэ гэдэг нь мөнгөний бодлогын гол хэсэг. Үүний нэг жишээ 2013-2014 онд Засгийн газар Монгол банк хамтран хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийн дүнд өнгөрсөн хоёр жилд шатахуун, мах зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийг хазаарлаж чадсан үздэг.
Харин нөгөө талд манай улсад орж ирэх гадаад валютын урсгал татарч, валютын ханш өссөнөөс болж зарим бүтээгдэхүүний үнэ өсч, инфляц Төв банкны төлөвлөснөөс 4-5 хувиар хэтэрсэн. Инфляц өнгөрсөн онд 12.5 хувьд хүрсэн бол өнгөрсөн сайрын байдлаар 13 хувь даваад байна. Гэхдээ энэ оны төгсгөлд инфляц 12.1 хувьд хүрэх хүлээлт байгаа аж.
Мөн Төв банк ирэх онд инфляцийг долоон хувьд барих зорилтоо “2015 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл”-дээ тусгасан байна. Монголбанкны тооцоолсноор эдийн засгийн өсөлт 2015 оны эцэст 6.1 хувьд хүрэх аж. Ойрын үед гадаад валютын урсгал нэмэгдэхээргүй байгаа энэ нөхцөлд Төв банк мөнгөний бодлогыг огцом тэлэхээс зайлсхийх аж.
Өөрөөр хэлбэл, ирэх онд өнгөрсөн саруудад барьсан мөнгөний хатуу бодлогыг үргэлжлүүлснээр төлбөрийн тэнцлийн хүндрэлийг бууруулж, инфляцийг тогтворжуулах боломжтой гэж Төв банк үзжээ. Ирэх онд Монголбанк үнэ тогтворжуулах хөтөлбөрүүдээс татгалзаж, ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үргэлжлүүлэн оролцох төлөвлөгөөтэй байгаа аж.
Төгрөг ам.долларын эсрэг хэр чангарах бол?
Ирэх онд төгрөг ам.долларын эсрэг хэр чангарах нь мөнгөний бодлогын хэрэгжилтийн бас нэг гол үзүүлэлт. Монголбанкнаас цаашдаа төгрөгийн ам.доллартай харьцах ханш уян хатан тогтож, дунд хугацаанд дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хамгаалах зорилготой нийцэж байх зарчмыг үргэлжлүүлэн барих аж.
Өнгөрсөн долдугаар сарын эцсийн байдлаар хэрэглээний барааны импорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Энэ үзүүлэлт алсдаа дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дунд хугацаанд ажлын байрыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж тус банкныхан болон зарим эдийн засагч үздэг.
Мөн Монголбанк мөнгөний бодлогын хүрээнд банкны салбарын тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг бэхжүүлж, иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогуудыг хэрэгжүүлэх нь.
Өнгөрсөн жилүүдэд төсвөөс гадуурх зардал их байсан нь мөнгөний бодлогын хэрэгжилтэд нөлөөлсөн гэж үздэг. Мөн ирэх онд Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төслүүд “амь орж” эхэлбэл гаднаас ирэх валютын урсгал сайжирч энэ хэрээр ам.долларын ханш буурах боломж бүрдэнэ гэдгийг Төвбанк онцолж байна.
Э.Өнөр
Эх сурвалж: Зууны мэдээ
URL: