Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргаар Ч.Болдбаатар томилогдлоо
Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулиар нийслэлийн Цагдаагийн газрыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар болгон өөрчилж, даргыг нь Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн томилохоор болсон. Үүний дагуу хамтарсан тушаал, захирамж гаргаж “Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах” ажлын хэсэг байгуулсан. Нийслэл анх удаа Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргыг нээлттэй сонгон шалгаруулалтаар, иргэдийн оролцоотойгоор зохион байгуулж, шалгалтын нэгдсэн дүнгээр нэгт жагссан Ч.Болдбаатарын нэрийг нийслэлийн Засаг даргад өргөн барьсан юм. Хуулийн дагуу нийслэлийн Засаг дарга өргөн барьсан тогтоолд дурдагдсан нэр дэвшигч Ч.Болбаатарыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргаар томиллоо.
Албан ёсоор томилох, ажлын үнэмлэх гардуулах үйл ажиллагаа Нийслэлийн Иргэний танхимд болсон юм. Тус үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, ЦЕГ-ын дэд дарга Д.Эрдэнэбаатар, Нийслэлийн ЗДТГ-ын дарга, Сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсгийн дарга Ё.Гэрэлчулуун болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо.
Нийслэлийн Засаг дарга албан ёсоор томилж, ажлын үнэмлэх гардуулахдаа “Нийслэлийн Цагдаагийн газрыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга гэж өөрчилсөн нь нэр өөрчлөх төдий биш, агуулга, бүтцийн өөрчлөлтийг энэ газарт хийж байгаа юм. Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр боловсруулан, иргэдэд танилцуулж, олон нийтийн сүлжээгээр санал авч сонгосон нь энэ удаагийн томилгооны гол онцлог байлаа. Нуулгүй хэлэхэд өмнө нь энэ албан тушаалд улс төр, эрх мэдлийн зорилготой томилгоо хийдэг байсныг бид халсан. Эрүүл аюулгүй Улаанбаатарыг бүрдүүлэхийн төлөө өөрийн дэвшүүлсэн хөтөлбөрөө хэрэгжүүлж, амжилттай ажиллаарай” гэж тодотгон хэллээ.
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргаар томилогдож буй Ч.Болдбаатар нь8 зорилт бүхий “Иргэний төлөө-Найрсаг цагдаа” хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд уг хөтөлбөрийг ирэх жилүүдэд хэрэгжүүлэн, ажиллах юм. Тэрээр үүрэгт ажлаа хүлээж авсны дараа “Миний төлөө саналаа өгсөн нийслэлийн иргэддээ талархаж байна. Эрүүл аюулгүй Улаанбаатарыг бүрдүүлж, өөрийн дэвшүүлсэн Иргэний төлөө-Найрсаг цагдаа хөтөлбөрийг хэрэгжүүлэн та бүхэнтэй хамтран ажиллах болно” гэдгээ онцлон хэлсэн юм.Нээлттэй сонгон шалгаруулалтад 6 хүн оролцож, хууль эрх зүй, ерөнхий мэдлэгийн шалгалтыг 4 хүн өгсөн бөгөөд сүүлийн шатад 2 нэр дэвшигч шалгарч, иргэдийн саналыг цуглуулан нэгтгэсэн дүнгээр Ч.Болдбаатар 81,82 оноо авч ийнхүү нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргаар томилогдлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: