Хашааны газраа өгсөн иргэдийн эхний ээлж орон сууцандаа орлоо
УИХ-аас батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт тусгагдсаны дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нийт 24 байршлыг гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамруулсан байна. Үүний нэг Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ханын материал орчмын 130 га газарт “Хера пропертийз” ХХК-ийн барьсан барилга өнөөдөр нээлтээ хийж, оршин суугчдад түлхүүрийг нь гардуулан өглөө.
Энэхүү нээлтийн ёслолын үйл ажиллагааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нээж “Анх гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулах ажлын тухай ярьж байхад бүтэхгүй зүйл мэт хүлээн авч, биднийг сонгуулийн сурталчилгаа хийж байна гэж бодож байсан хүмүүс цөөнгүй. Тэгтэл өнөөдөр бид ажлаа эхлээд, эхний орон сууцыг иргэддээ хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна” гэв.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны хүрээнд 2014 оны дөрөв, 2015 оны нэгдүгээр улирлын хооронд нийт 2000-4000 орчим айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулах зорилготой ажилласнаас анхны 168 айлын орон сууц нээлтээ хийлээ. Нийт 40 айлын газрыг худалдан авсан бөгөөд 13 айл орон сууцандаа орохоор болжээ. Газраа өгсөн үлдсэн иргэд хоёр дахь ээлжийн орон сууцанд орох юм.
“Хера пропертийз” ХХК-ийн ерөнхий захирал Х.Ганхуяг “Энэхүү барилгыг 5, 6, 7 дугаар хорооны 50 га газарт босгосон. Сонгинохайрхан дүүргийн иргэд барилгын ажилд сайн тусалсан. “Олны хүч оломгүй далай” гэдгээр олуулаа богинохон хугацаанд дуусган хүлээлгэн өгөөд байна” гэлээ. Одоогоор цахилгаан, халуун хүйтэн ус, дулааны асуудлыг шийдсэн байна. Бохирын шугамын ажил хараахан дуусаагүй, 40 хувьтай яваа аж.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн нээлтийн үйл ажиллагаанд газраа өгсөн иргэдээс гадна Сонгинохайрхан дүүргийн иргэд, “Бэг бүрд” ХХК-ийн ажилчид, Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл, “Хера пропертийз” ХХК-ийн ерөнхий захирал Х.Ганхуяг, Хэвлэл мэдээллийн ажилчид, зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм. Тэр дундаа иргэд шинэ орон сууцтай болсондоо ихэд баяртай байв.
Байрныхаа түлхүүрээ гардаж авсан Л.Базарбат “Би нэг орцны дээд, доод давхарт хоёр өрөө байрыг хөнгөлөлттэй үнээр авсан. Манайх үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан газраа өгөөд, дахин ийм зориулалтаар ашиглах өрөөг үнэ төлбөргүй авч байгаадаа баяртай байна” гэв.
medee.mn
URL: