Ханш нь унасан МАН
Могой гурав тасравч гүрвэлийн дайтай гэдэг шиг МАН хуваагдалд орсон ч УИХ-д 25 суудалтайгаа сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байна. Түүх, туршлага, Засгийн эрх барьсан хугацаа, гишүүдийн тоо, намынхаа байраар тэд яах аргагүй ялгарах Монголын улс төрийн томоохон хэсэг юм. Нэгэн үе парламентын 76 суудлын 72-ийг нь авч явсан МАН сүүлийн үед ханш нь унаж, цаас болохоо шахаж буй монгол төгрөг шиг болжээ. Жаахан хатуу байж болох ч олон жил улс төрд манлайлагч байсан МАН өдгөө бусдын анхаарлын гадна орхигдож, УИХ-д суугаа хуучны гишүүдээс нь өөр сөрөг хүчний байр сууриа жинтэйхэн илэрхийлэх хүнгүй болжээ. Зуны өдрүүд дуусч улс төр идэвхжихтэй зэрэгцэн МАН-д Шинэчлэлийн хороо гэгч байгуулагдаж хэдэн гэр бариад Н.Алтанхуягийг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн юм. Тэд Ерөнхий сайдыг огцрох ёстой хэмээн хэд хэдэн үндэслэл гаргаж ирээд Засгийн тэргүүнийг ард түмнээс уучлалт гуйж, ажлаа өгөхийг шаардсан бичгийг энэ сарын 6-нд өгсөн. Энэхүү шаардах бичигт “МАН-ын шинэчлэлийн хорооноос ард түмний дунд асуулга явууллаа. Судалгаанд оролцсон хүмүүсийн 71,6 хувийнх нь худалдан авах чадвар 50 хувиар буурсан, 66,8 хувь нь “Эдийн засгийг эрчимжүүлэх-100 хоног” хөтөлбөрийг үр дүнгүй болсон гэж үзсэн, 58,7 хувь нь УИХ-ын үйл ажиллагааг хангалтгүй гэсэн, 77,4 хувь нь Засгийн газрын үйл ажиллагааг маш муу гэж дүгнэсэн” хэмээгээд үүний учир Ерөнхий сайд та огцрох өргөдлөө өөрөө өгнө үү хэмээсэн юм. Гэвч тэдний энэ бичиг олны анхаарлыг нэг их татсангүй, Н.Алтанхуягийн явуулж буй шинэ менежмент болох Засгийг дахин эмхлэх ажиллагааны дуулианд дарагдан нам болов. Уг нь энэхүү улс төрийн шаардах бичигт хариу өгөх хугацаа уржигдар дуусчээ. Гэвч МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайханд Ерөнхий сайд битгий хэл ЗГХЭГ-ын хэн нэгэн албан тушаалтан ч хариу өгөөгүй байна. Шинэ сайд нар томилогдож, АН фракцуудынхаа эв найрамдлыг хангах гэж түмэн завгүй байхад юун огцруулах бичигт хариу өгөх манатай байсан биз. Эндээс нэг сонирхолтой зүйл ажиглагдана. Хэрэв АН сөрөг хүчин байгаад МАН эрх барьж байхад яг ийм зүйл тохиолдсон бол юу болох вэ. Хэрэв тэгсэн бол сөрөг хүчний зүгээс тоглолт хийж сурсан АН-ынхан МАН-ыг ямар ч байсан хөдөлгөх байсан. Шаардах бичгээ сүр дуулиантай гардуулж, хариугаа сүр дуулиантай авч, олны анхаарлыг өөртөө татах байлаа. Харин МАН-ын ийм үйлдэл өндрөө авахгүй таг чиг. Шаардах бичигт нь ямар ч хариу байхгүй. Одоо Шинэчлэлийн хорооныхон шүүхэд хандах аргаа хэрэглэх үлдсэн гэнэ.
Улс төрийн ийм ялгаатай нөхцөл байдал МАН, АН гэдэг хоёр намыг зааглаж байгаа аж. Боловсон хүчин, улстөрийн манлайлагчийнхаа тоогоор магадгүй АН-аас дээр гарах МАН яагаад ингэж ханш нь суларсан байх вэ. Төрийн ордны баруун талд бариад сар шахам болж буй бүрээс нь урагдсан хоёр гэрт Шинэчлэлийн хорооныхон Засгийг огцруулахаар 7000 гаруй хүний гарын үсгийг авсан гэдгээс өөрөөр гавьтай юм болж иргэдэд хүрсэнгүй. Намаасаа парламентад суугаа гишүүд нь тэднийгээ эргэсэн гэхээс өөрөөр чуулганы танхимд дорвитойхон дуугарч шаардах бичгийнхээ хариуг нэхсэн намын төлөө гишүүд ч алга. Ганц нэгээрээ “АН-ын байгуулсан Засаг болъё оо” гэхээс хэтрэхгүй байна.
МАН ингэж моодноос гарсан учир хуучин лидерүүд нь гаднаас ганц нэгээрээ ирээд ч нэг их тус болсонгүй бололтой. Ер нь МАН-ынханд сөрөг хүчин байх авьяас, чадвар үнэхээр дутмаг юм. Нөгөө талаар шинэчлэл гэгчийг жинхэнэ утгаар нь хэзээ ч хийж байгаагүйгээс болж тус намынхан сонгогчдыг уйдааж, олон нийтийн анхаарлыг татахаа больсон бололтой. Шинэчлэлийн хорооныхон хэрэв Ерөнхий сайд огцрох өргөдлөө өөрөө өгөхгүй бол цаашид улс төрийн суулт, өлсгөлөн зарлана гэсэн байна лээ. Гэвч яг үнэндээ одоогийн улс төр МАН-ын оролцоогүйгээр өрнөж байна.
Ө.Батхүү
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: