Онцгойн аврагч Н.Очирбатыг “Чи ингэж амьд явахаар үхээч” гэж компанийн босс хараажээ

Онцгойн аврагч Н.ОчирбатБарилгын осолд орж, өнөөдөр үхэх сэхэхийн зааг дээр байгаа онцгой байдлын аврагч асан Н.Очирбат Дээд шүүхэд гомдол гаргажээ. Тэрээр хоёр жилийн өмнө Онцгой байдлын Аврах тусгай ангийн тусгай чиг үүргийн тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах бүлгийн дарга, ахлах дэслэгч цолтой ажиллаж байлаа. Сургуулиа дөнгөж төгссөн залуухан офицерт ийм хариуцлагатай хүндтэй албыг өгнө гэдэг тэрээр үеийнхэн дундаа мэргэжил, боловсролоороо гаргууд байсныг илтгэх ганцхан жишээ юм. Харамсалтай нь тэрээр ид хийж бүтээх залуу насандаа танилдаа туслах гэсэн даргынхаа тушаалаар өнөөдөр өвчин намдаах тариагаар өдөр хоногийг өнгөрөөж явна.

2012 оны есдүгээр сарын 7-ны өдөр ангийн захирагч А.Батмөнх нь түүнийг өрөөндөө дуудан “Чи хэдэн ахлагч аваад барилга Дээр хэд хоног ажилла” гэж тушаажээ. Хэдийгээр тэрээр онцгой байдлын алба хаагчид барилга дээр ажиллаж болохгүй гэдгийг мэдэж байсан, энэ талаар даргадаа хэлмээр санагдсан ч цэргийн хүний ёсоор тушаасан газар руу нь явсан байна. Ингээд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Бөхийн өргөөний урд байрлах “Эрин” эмнэлгийн барилга дээр 11 ахлагч нараа ахалж ажиллажээ. Тус компанийн зүгээс ахлагч нарт аюулгүй ажиллагааны багаж хэрэгсэл, каск малгай огт өгөөгүй байна. Барилга дээр ахлагч нараа ахалж ажиллаж байгаагийнхаа хувьд Н.Очирбат өөрөө дээд давхарт нь гарч ажиллаж байтал хажууд нь баригдаж байсан “Баганат өргөө” компанийн барилгын сапу төмөр түүний толгой дээр унасан аж.

Сапу төмрийн ирмэгтэй хэсэг дух, нүүрний хэсэгт нь онож, тархинд нь зоогдож, тархи болон нүүр хацрын яс нь нэлэнхүйдээ бяцаржээ. Духных нь яс нэг тийшээгээ ярагдчихсан, зүүн нүд нь бүлтрээд гараад ирсэн байсныг нь хажууд нь байсан хүн чихэж оруулсан гэдэг. Ийм зэргийн гэмтэлтэй хүн үхлээс өөр замгүй байдаг бол аргагүй цэргийн бэлтгэгдсэн хүн гэсэндээ Н.Очирбат амьд үлдэж чаджээ. Тархины хагалгаа, дараа нь тархины эс сэргээх, нүүр амны хэлбэр засах хагалгаа гээд тэрээр хоёр жил гаруйн хугацаанд 20 орчим хагалгаанд ороод байна. Гэсэн ч тэрээр хөдөлмөрийн чадвараа 65 хувиар алдаж, дахиж эрүүл саруул болох боломжоо нэгэнт алджээ. Н.Очирбат шүүхэд гомдол гаргасны дагуу “Эрин” эмнэлгийн захирал Ц.Алтангэрэл, “Баганат өргөө” ХХК-ийн дэд захирал О.Мөнхдалай нарыг шүүх хурал саяхан болсон байна. Гэвч тэд шүүх хурал болохын өмнө хохирогч Н.Очирбаттай уулзаж “Чи хоёр ахдаа гомдолгүй гээд хэлчих. Бүх эмчилгээний зардлыг гаргаж өгнө. Цаашид ч гэсэн хзрэгцээтэй үед чинь тусалж байх болно” гэж уйлан дуугарч гуйхаар нь эр хүмүүсийг ингээд ирэхээр нь итгээд гомдолгүй гээд хэлчихсэн нь өнөөдөр түунийг эм тариагаар тасрахад хүргээд байгаа аж. Шүүгчид тэдэнд тэнсэн харгалзах ял оноож, эмчилгээний төлбөрийг гаргаж өгөх шийд гаргасан. Харин тэд ял аваагүйдээ баярлаж, тэр цагаас хойш Н.Очирбатыг элдвээр доромжлох болжээ. Нөхрөө эмчлүүлэх гэсэндээ эхнэр нь гэр орон, бүр аав ээжийнхээ орон байр, машин унаа, дээр нь нутгийнхаа хүнээс 57 сая тегрөг зээлсэн нь өнөөдөр эхнэрийг нь залилангийн хэргээр ял авах хэмжээнд хүрээд байна. Энэ учраа хэлж, Н.Очирбат “Эрин” эмнэлгийн захирал Ц.Алтангэрэл, “Баганат өргөө” ХХК-ийн дэд захирал О.Мөнхдалай нартай очиж уулзжээ.

Шүүх хурал болохын өмнө уйлан дуулан гуйж байсан тэд энэ удаа хүн чанаргүй зан гаргаж “Ийм болсон нь чиний хохь, ийм ослоос хүн амьд үлддэггүй юм, мөнгө өгч чадахгүй, чаддаг юм бол олоод ав” хэмээн загнажээ. Н.Очирбатын эхнэр нь түүнийг эмчлүүлэх гэж эмчилгээний зардал хайж явахдаа нутгийн танилаасаа шүүхийн шийдвэрийн бичгээ үзүүлээд мөнгө зээлчихсэн байсан нь ийнхүү талаар болж, өдгөө эхнэр нь хоёр нялх үрээ өвчтэй нөхөртөө үлдээгээд шоронд орохдоо тулаад байна. Иймд Н.Очирбат тэд нараас эмчилгээний төлбөрөө нэхэмжлэхээр Иргэний шүүхэд өргөдөл өгсөн ч шүүх бүрэлдэхүүн Н.Очирбатыг хагалгаанд орсныг буруутгасан шийдвэр гаргажээ. Шүүх хурлын дараа түүнийг доромжилж, “Хэргийг чинь хэрэгсэхгүй болгосон, та нар яаж ч чадахгүй, тэгээд ч чи ингэж хоёрын хооронд амьд явахаар үхээч” гэж доромжилжээ. Өөрийнхөө өвдөлтийг намдаах эм тариа бус эхнэрээ шоронд явуулчихгүй юмсан гэсэндээ Н.Очирбат өнөөдөр бүтэн нойртой хонож чадахгүй явна. Анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг тэрээр эсэргүүцэж, Улсын дээд шүүхэд гомдол гаргаад байгаа юм байна.

Харин Улсын дээд шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Н.Очирбатын хагалгаанд орсныг буруутгавал түүний эхнэр шоронд орох, өөрөө эм тарианы мөнгөөр тасалдаж, өвчиндөө шаналан орилохоос өөр замгүй болж байгаа аж. Өөрөө насан туршдаа эрэмдэг зэрэмдэг болсон ч эр хүний чанар гарган “гомдолгүй” гэж хэлснээрээ тэрээр өнөөдөр хохирсон дээрээ хохирч явна. Түүнийг танилынхаа барилга дээр хууль бусаар’ ажиллуулсан ангийн захирагч А.Батмөнхөд тушаал бууруулах л арга хэмжээ авсан гэнэ. Ийнхүү олон арван хүний амь нас, эрүүл мэндийг сүйрүүлж байгаа барилгын салбарынхан ийм л хэнэггүй, хүн бус зан гаргаж байна. Иймд өнөөдөр монголчуудын дунд дээрх хүмүүсээс илүү сайн хүмүүс нь олон байдаг гэдгийг өвчин зовлонгоосоо илүү сэтгэлийн дарамтанд амьдарч яваа онцгой байдлын аврагч асан залууд бүгдээрээ өглөгийн гараа сунгах нь зүйтэй санагдана. Манай сонины зүгээс Н.Очирбатад туслах мэдээллийн тал дээр хамтран ажиллах болно.

 

ХОРИОТОЙ БҮС СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих