Э.ЦЭРЭНДОЛГОР: ХҮЧТЭЙ НЬ ХҮЧГҮЙГЭЭ ГЭРЭЭГЭЭР БАРЬЦААЛДАГ
Олон нийтийн дунд “цэнхэр үст Цэрэн” гэж алдаршсан хатагтай Э.Цэрэндолгортой уулзлаа.
Ярилцлага хийхээр гэрт нь очиход “Өндөр настай ээжийгээ орхиод гадуур гарч чадсангүй уучлаарай” гэснээр бидний яриа эхлэв. Сүүлийн үед бусдын анхаарлын төвд байгаа 13 настай бүргэдчин Айшолпаны гэрээний асуудлаар тэр нэлээд тэмцэж байгаа билээ.
/Хэд хоногийн өмнө Баян-Өлгий аймагт амьдардаг дэлхийд гайхагдаад буй 13 настай бүргэдчин охин Айшолпаны амьдралаар кино хийх гэж ирсэн гадны кино багийнхан гэрээн дээр охинд кинонд тоглосны хөлс гэж нэг доллар өгнө гэж заасан байсныг хатагтай Цэрэндолгор тус аймагт аялж яваад олж мэдсэнээр олон нийтийн сүлжээгээр мэдээлсэн билээ/
Хүмүүс сайн муугаар олон талаас нь харж байгаа ч үнэн юу вэ гэдэг хамгийн чухал.
Ингээд нарлагхан намрын нэгэн өдөр хатагтай Цэрэндолгорынд зочлохдоо түүний дотоод ертөнцийг бага ч гэсэн нээж, хэлэх гэснийг нь уншигчиддаа хүргэх зорилгоо биелүүлсэн гэж найдаж байна.
- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сүүлийн үед Монголд төдийгүй дэлхий дахинд яригдаж байгаа сэдвээр яриагаа эхлүүлье. Бүргэдчин охины талаар олон нийт шуугиж байна. Одоо асуудал ямар шатанд явж байна вэ?
Өчигдөр Баян-Өлгий аймгийн ССАЖЯ-ны харъяа байгууллагын удирдлага нь хэлэхдээ ямар ч байсан гэрээ гурван хэлээр хийгдэхээр болсон.
Охины гэр бүлтэй гэрээ хийсэн АНУ-ын иргэн Отто Белл гэрээгээ шинэчлэхдээ охины аюул эрсдлийг бүгдийг нь тооцож, мөнгөн дүнг нь тодорхой тусгах болсон байна лээ. Ер нь миний хэлсэн гол санаанууд орчихсон байна лээ. Мэдээж Отто Бейл гэрээг нэг өдрийн дотор хийчихгүй. Хуулийн зөвлөхтэйгээ ярьж байгаад Монгол руу гэрээний төсөл явуулах байх. Түүнийг нь манайхан хараад нэмж оруулах ЗААЛТУУДАА нэмэх байх.
Мөнгөн дүнг одоогоор тодорхойлох боломжгүй. Учир нь кино зураг авалтын шатандаа явж байгаа. Уг нь тэр гэрээний мөнгөн дүн бидэнд ямар ч хамаагүй л дээ. Иргэд хооронд хийгдсэн учраас тэр. Гол нь энэ гэрээн дээр нэг доллар гээд заачихсан байсан учраас анхаарал татсан юм. Энэ асуудал дээр миний хөндөж буй гол санаа бол бид улс орноороо гэрээнд барьцаалагдчихаад байна. Бүх төрлийн гэрээн дээр. Бид энэ Айшолпан охины тохиолдлоос харах ёстой. Хүний эрх ашиг яаж хохирч байна гэдгийг.
- Охиныг эрх зүйн зарим чадамжтайгаас болоод англи хэл дээрх гэрээг аавынх нь гарын үсгээр баталгаажуулсан байна лээ. Мэдээж уулын мухарт амьдарч байгаа хүн англи хэл мэдэхгүй. Тиймээс энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж болох уу?
- Цаад тал энэ гэрээг намайг асуухад албан ёсны биш гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Яагаад гэхээр хүчингүй болгох хоёр том үндэслэл байна. Эхнийх нь энэ гэрээ зөвхөн англи хэл дээр хийгдсэн. Казак юм уу Монгол хэл дээр хийгдээгүй байгаа юм. Мөн охины тал гэрээн дээр юу тусгагдсан байгааг мэдээгүй бөгөөд ямар ч тамга тэмдэггүй, нотариатаар орсон зүйл байхгүй. Ийм учраас хүчингүй болгох амархан.
- “Айшолпан, уран бүтээлч нарын хооронд санхүүгийн харилцаа эхэлснийг нотлохын тулд нэг долларын гүйлгээ хийснийг нотлох гэрээ хийсэн нь үнэн” гэсэн байсан. Отто Беллийн хувьд асуудалд хэрхэн хандаж байгаа вэ?
- Энэ хэрэг Отто Беллийн хувьд нэлээн асуудал үүсгэж байгаа. Учир нь тэр Огилви энтертайнмент гэж дэлхийд алдартай рекламны компанийн Нью-Йорк дахь захирал хүн. Асар том хүн шүү дээ. Бидний мэдэх Microsoft, Ford, IBM гээд алдартай брэндүүдийн рекламыг хийдэг хүн. Ийм хүн энэ гэрээг хийнэ гэдэг бол асар их зөрчилтэй. Тэр хүний нэр хүнд, ажил, карьерийг их эвгүй байдалд оруулж байгаа юм.
Отто Белл дээрх том компаниудтай дандаа л гэрээний зарчмаар ажиллаж байгаа. Гэрээн дээр юу тусгагддаг вэ гэдгийг маш сайн мэднэ. Санхүүгийн харилцаа үүсгэсэн гэдгийг нотлохын тулд нэг долларын гэрээ бэлэгдлийн шинж чанартай хийсэн гэж хэлж болно л доо.
Гэхдээ бид хэзээ ч амьдрал дээр амаар сая төгрөгийн гэрээ хийгээд цаасан дээр арван мянга гэж тусгадаггүй шүү дээ. Тийм байж болно гэхэд доор нь нарийн ширийн зүйлсээ тусгах хэрэгтэй. Заалтуудаар гэрээний утга учрыг тодорхой болгох хэрэгтэй байсан. Монголчууд их итгэмтгий байна. Отто Беллийг тэгж хэлэхээр энэ чинь бэлгэдлийнх байсан гээд дайрцгаах юм. Хэзээ бид бэлэгдлийн гэрээ хийдэг болчихсон юм. Банктай гэрээ хийж байгаагаас огт ялгаагүй асуудал. Тэр хүн яг л банк шиг мөнгөтэй, нэр хүндтэй бас сүлжээтэй хүн. Харин охинд юу ч байхгүй.
- Та Отто Беллийг ёс зүйн асар том зөрчил гаргачихлаа гэж харж байна уу?
Ерөөсөө тэгсэн гэдэг нь зайлшгүй.
Би ч биш. Барууны ертөнцийг гадарладаг хүн болгон үүнийг байж болшгүй зүйл гэж харж байгаа. Хүний эрхийг зөрчиж, ёс зүйг уландаа гишгэсэн ийм л гэрээ гэж би хувьдаа үзэж байгаа.
- Зураг авалт 60 хувьтай явж байгаа гэсэн. Одоогийн байдлаар охин болон түүний гэр бүл зураг авалтынхаа хөлсийг авсан уу. Зураг авалт 100 хувь дуусвал охин хангалттай хэмжээний хөлс авах боломж бий юу?
- Тэдний кино баг мэдээж мундаг системтэй ажиллаж байгаа байх.
Зураг авалтаа гурван үе шатанд хуваасан юм байна лээ. Тэр нь долоон сард, сая бүргэдийн баяраар, өвөл гэсэн хэсэгтэй. Энэ хүмүүс эргэн ирж зургаа авах байх. Зарим хүн дэлхийн рекламны мангасыг явуулчихлаа, Монголыг сурталчлах байсан хүмүүсийг хөөчихлөө гэж яриад байна. Би үүн дээр өөрийнхөө бодлыг хэлье. Үүнийг явуулснаараа бидэнд алдах юу ч байхгүй. Тэр охины амьдралаар кино хийе гэсэн өчнөөн хүн байна. Бас дэлхийд сурталчилж байгаа нь энэ гээд бүх зүйлээ үнэгүй тавьж өгөөд байх нь зохисгүй. Дэлхий дээр 13 настай бүргэдчин охин цор ганц манайд л байна гэдгийг мартаж болохгүй.
Бид харж хамгаалах ёстой ийм нарийн зүйлээ харахгүй байгаад гол учир байна. Бүргэдчин гэдэг энэ хатуу, зориг тэвчээр шаардсан эр хүний спортоор ийм жаахан охин, гялалзсан “од” гараад ирэхэд тэнд байгаа бүх хүний анхаарлыг татсан. Миний анхаарлыг хүртэл татсан.
- Гэрээн дээр охины тухай энэхүү кино уран бүтээлчдийн буюу гадныхны өмч болох тухай дурдсан байна лээ. Гэтэл энэ нь Монголын үндэсний баялаг. Энэ мэтээр ирсэн жуулчид зөвшөөрөлгүйгээр Монголчуудын тухай хийсэн киногоороо их хэмжээний ашиг олоод буцах нь бидэнд хохиролтой санагдаж байна. Та энэ тал дээр өөрийн бодлоо илэрхийлнэ үү?
- Иймэрхүү төрлийн киног маш их хийж байгаа. Бүргэдчид, цаатнууд, малчдын амьдралаар кино хийчихээд цаад хүмүүстээ ямар хөлс өгдгийг нь бид мэдэхгүй шүү дээ.
Хамгийн гол нь арилжааны байна уу, баримтат байна уу хамаагүй үнэгүй байх ёстой гэсэн үг биш шүү. ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийн зүгээс ямар ч улс оронд баримтат кинонд мөнгө төлдөггүй, манайх анх удаагаа авах гэж байна гэж яриад байгаа нь маш том эндүүрэл. Энэ маш онцгой баримтат кино. Энэ бол Цэрэнгийн тухай биш, Сарангийн тухай ч биш. Харин дэлхий дээр байгаа цор ганц бүргэдчин охины тухай. Би үүн дээр ССАЖЯ онцгой анхаарах ёстой гэж үзэж байгаа. Учир нь энэ охин бол соёл, спорт, аялал жуулчлал гээд бүхий л салбарын билэг тэмдэг болохуйц байгаа юм. Төрийн байгууллага хувь хүний гэрээнд оролцохгүй гэж байгаа ч энэ бол манай улсын соёлын үнэт зүйл гэж хэлмээр байна.
- Та сүүлийн үед гэрээний луйврын асуудлаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсээр байгаа. Нээрээ л банкинд карт нээлгэхэд хүртэл гэрээ нь маш урт, жижигхэн тексттэй байдаг тул иргэд шууд гарын үсэг зурах нь элбэг. Иргэдийн гэрээний талаарх боловсрол дутмаг байна уу?
- Би бусдынхыг ярилгүйгээр зөвхөн өөрийнхөө жишээн дээр л ярья. Хүмүүс намайг жижигхээн мөртөө дуу чимээ ихтэй Café Amsterdam гээд кафе ажиллуулдаг гэдгийг мэдэх байх.
Би энийг одоогоос зургаан жилийн өмнө хоёр гадаад хүнтэй хамт ажиллуулж эхэлсэн юм. Тэр үед би бусадтай үл хөдлөх хөрөнгө хуваалцах ямар байдгийг мэдэхгүй хамтаръя гээд ирэхэд нь сайхан сэтгэл гаргаад нэг их татгалзаагүй.
Эхний хоёр жилдээ манайх гайхамшигтай ажиллаж байсан. Тэр үед нөгөө хоёр хүн маань Монголоос явбал хувьцаагаа зарна гэсэн. Хувьцаагаа зарахдаа оруулсан хөрөнгөө дөрөв дахин нугалж үнэ хэлсэн. Энэ надад хүнд байсан учир би авч чадахгүй гэж гүрийсэн.
Гэтэл тэд зарах гээд өөр хүмүүс хайж эхэлсэн. Надад хэлэхгүйгээр зарах хүмүүс олоод миний араас зарах гэж үзсэн. Гэрээн дээр ганцхан заалт байсан нь намайг аварсан. Хэрэв хувьцаагаа зарах болсон бол хамгийн түрүүнд хэнд, хэдэн хувийг, ямар үнэтэй зарах болсон гэдгээ надад мэдэгдэх ёстой гэж заасан байсан. Тэд хэлэхгүй яваад л байсан. Эцэст нь би та нар надад хэлэхгүйгээр үүнийг зарах ямар ч эрх байхгүй гэж хэлсэн. Тэгээд би энэ тухай зөвлөгөө авахаар M.A.D гээд үл хөдлөх хөрөнгийн газарт хандсан. Гэтэл маргааш нь нөгөө хамтрагч хоёр маань намайг хувьцаагаа өгөхийг шаардаж үгүй бол чамайг таван доллар ч үгүй эндээс гаргана гэсэн.
Яагаад гэтэл бид нийлээд 66 хувийг нь эзэмшиж байгаа учраас энэ хөрөнгөө яах нь бидний дур гэсэн. Яг үнэндээ энэ асуудлаар хүмүүсээс зөвлөгөө авахад надад тоймтой хариулт өгөх хүн гарч ирээгүй. Манайд ийм хуулийн цоорхой байдаг л юм байна лээ. Би аргаа бараад та хоёр намайг арай ингэхгүй биз дээ гэж асуутал бид чамд тэгж хандахгүй. Гэхдээ Монголд бүхий л асуудал ийм байгаа шүү дээ . Бидний хийж буй гэрээнүүд ийм л луйвраар хийгддэг гэж хариулсан.
- Санаатайгаар гэрээний луйвар хийх нь манайд хэр их ажиглагдаж байна вэ? Дээрх жишээн дээрээс харахад манай улс төр, эдийн засаг гээд бүхий л салбарынхан иймэрхүү байдлаар гэрээний луйварт өртөөд байгаа юм биш биз гэж бодогдож байна?
- Улс төрийн салбарыг би бол мэдэхгүй байна.
Гэхдээ өнөөдөр иргэд хооронд маш их асуудал үүсдэг. Гэтэл энэ талаар хэн ч дуугарахгүй байна. Иргэдийн дуу хоолой хүчгүй, энийг хэлэхээр хэн ч итгэдэггүй болохоор дуугарахгүй байна.
Энийг хэлсэн хүн өөрөө гутамшигтай, ичгэвтэр байдалд ордог учраас дуугарахгүй байна. Гэхдээ хэн нэгэн хөндөх л ёстой байхгүй юу. Би асар олон гэрээ хийж байсан. Миний бизнес хийсэн 20 жилд дандаа л гэрээний асуудал гарч ирдэг байлаа.
Монголд байгаа гадаадынхан бол гэрээн дээр их луйвар хийдэг.
Би 2009 онд “Валиант Арт” компанийг худалдаж авахаар болсон. Одоог хүртэл энд гэрээний маргаан явж байгаа. Энэ гэрээг би Худалдаа Хөгжлийн Банкны захирал Рандольф Коппа болон түүний эхнэртэй хийсэн. Тэр гэрээгээр би тэдний урлагийн компанийг хоёр сая доллараар худалдаж авахаар болсон юм. Гэхдээ би үүнийг хийхийн тулд хөрөнгө оруулагч олох хэрэгтэй байсан. Тэр үед би байраа зарж бүх юмаа энэ гэрээ рүү хандуулсан. Гэтэл тэд гэрээ хийгээгүй санамж бичиг хийсэн байсан.
Тэр бол өнөөдөр асар их зөрчилтэй санамж бичиг болсон. Тэр гэрээн дээр нэг юм дурдсан нь хэрэв энэ гэрээнээс буцах юм бол Цэрэндолгорт анх оруулсан 50 мянган долларыг нь буцааж өгөхгүй. Ганцхан тус заалтаар энэ хүмүүс дөрөөлсөн. Одоо болтол 50 мянган доллараа өгөхгүй байгаа. Гэтэл би үүнийг гэрээ биш, энэ бол санамж бичиг гэж хэлсэн. Тавин мянган доллар гэдгийн үндэслэл нь компанийн бүх нууцыг мэдсэн учраас тэр гэсэн. Гэтэл би хөрөнгө оруулна гээд мөнгөө өгчихсөн байхад тэр компанийн нэг ч бичиг баримт, санхүүгийн тайлан надад байхгүй.
Санхүүгийн тайлангаас тэр компанийн дотоод зөрчил, ямар өртэй гэдгийг нь харах боломжгүй. Мөн тэр компанийн Монголчуудаас авсан уран зураг нь дандаа зөрчилтэй. Би уг нь эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар хандсан. Гэтэл тэд их жижиг хэрэг байна, үндэслэлгүй байна гэсэн. Өнөөдөр энэ асуудлыг ярихад маш олон зураачид миний талд байгаа. Тэдэнтэй тэмцэж ялалт байгуулсан зураач Мөнхцэцэг байгаа. Өөрөөр хэлбэл Мөнхцэцэг зураач миний зохиогчийн эрхийг буруугаар ашиглалаа гээд шүүхэд хандсан. Тэгээд шүүх зураачийн талд шийдсэн.
- Манайхан бие биетэйгээ хийж буй гэрээнээс илүү гадаадын иргэдтэй хийсэн гэрээнд хэлний бэрхшээл, хууль эрх зүйн мэдлэг дутмагаас хохирч байгаа тохиолдол олон байх. Гадныхантай гэрээ хийхэд юу хамгийн чухал вэ?
- Отто яагаад Монголд ирээд ийм гэрээ хийв гэхээр тэр хүмүүсийн харанхуй бүдүүлэг, мэдлэггүй байдал, санхүүгийн чадваргүй зэрэг дээр л дөрөөллөө ш дээ. Өөр ямар ч хариулт байхгүй.
Монголын зураачид дээр 15 жилийн өмнө яаж дөрөөлөв гэвэл тухайн үед уран зургийг хүмүүс тоодоггүй байсан. Зураг үнэгүй байсан. Монголчууд нь өөрсдөө хардаггүй байсан. Зураачид мэдээж хуулийнхан биш учраас гэрээний нарийн асуудлыг мэдэхгүй. Таван зуун долларын зургийг чинь зуун доллараар авъя гэхэд санхүүдээ захирагдсан зураачид өгч л байсан. Тэглээ гээд тэр хүмүүсийн хувилах эрхийг нь хүртэл аваад хэн нэгэнд зургаа зарах эрхийг нь хүртэл хаана гэдэг бол шударга бус.
Нэмж хэлэхэд саяны бүргэдчин охиныг аавтай нь нийлээд найман эр хүн эгц хад руу авируулаад зураг авсан гэхэд миний зэвүү хүрч байсан. Нүднээс бараг нулимс гарсан. Би хүүхдээ хэзээ ч тэгж чадахгүй. Хамгаалалтгүй нисээд унахад хэн хохирох юм. Монгол улсаа сурталчилж байгаад унаад үхчихлээ гэж баатар болох уу. Хүн ёсныхоо үүднээс бодоход л бухимдаж байгаа юм. Үүнийг харин зарим хүн ойлгохгүй гэрээ нь ийм, тийм байсан гэж цэцэрхэцгээж байна.
- Гэрээний луйврын эсрэг юу хийх ёстой вэ. Та өөрийн туршлагаасаа хуваалцаач.
- Гэрээ гэж юу юм бэ гэж Монголчуудаас асууя л даа.
Би энэ гэрээг хийхэд хамт байсан 26 настай орчуулагч залуугаас асуулаа. Яагаад ийм гэрээ хийсэн байхад чи тоогоогүй юм бэ гэж. Компанийн нууц гэсэн хариулт өгсөн. За тэгээд би бодсон л доо. 26 настай залуу юу мэдэх билээ. Би 26 битгий хэл 36 насандаа юу мэдэж байсан билээ гэж.
Гэхдээ яагаад би энэ гэрээний талаар ийм хүчтэй ярьж байгаа вэ гэхээр өөрийнхөө гэрээнүүд дээр жишээ аваад энэ асуудалтай тэмцэхэд хүч дутмаг байсан. Энэ бүргэдчин охины жишээ бид бүгдэд хамаатай, чухал асуудал учир үүгээр дамжуулан гэрээний асуудлыг хөндье гэж бодсон.
Бид хүчтэй нь хүчгүйгээ гэрээгээр барьцаалаад дасчихжээ. Өнөөдөр бид бүгд банкны гэрээний асуудалтай. Хоёр зуун саяын хөрөнгийг хорин саяар үнэлсэн гэрээ хийгээд төлж чадахгүй бол хураана л гэдэг. Би ч өнөөдөр тийм гэрээ хийсэн л явж байгаа. Гэхдээ энэ асуудлаар хэн ч дуугарахгүй байна. Хувийн хэвшлийнхэн үнэндээ их зовж байгаа.
Татвараа өгч буй хэрнээ бүгд барьцаалагдсан юм шиг л явдаг. Гэтэл тэр татвараар санхүүжээд, цалинжаад явж байгаа яамныхан юу хийж байна, төрийн ажилтнууд юу хийж байна. Өнөөдөр Монголын жижиг дунд үйлдвэрлэгчид ашгаа банкны зээлэнд өгч байгаа нь нууц биш. Мань шиг том дуугардаг нь үл хөдлөхөөр барьцаалагдаж, ядуу ард нь зурагтаар барьцаалагдсан байна. Харин дээр байгаа хүмүүс нь хумслаад сууж байна шүү дээ.
- Сүүлийн үед та сошиал сүлжээгээр үзэл бодлоо байнга илэрхийлж, олон асуудлыг дэлгэлээ. Ингэж ил тод мэдээлэхэд эсэргүүцэх хүн олон гарч ирнэ. Танд ямар байдаг вэ?
- Ганцаарддаг. Би энийг нуусан ч ганцаардана, ил гаргасан ч ганцаардана. Гэхдээ ил гаргаснаараа би маш олон хүний нүдийг нээж өгдөг. Би зөв шударга ёсны төлөө дуугардаг хүн.
Жон Ленноны хэлсэн “Та шударга байснаараа олон нөхөдтэй болохгүй ч цөөн хэдэн үнэнч нөхөдтэй болно” гэж үг байдаг. Намайг хаа байсан хилийн чинадаас хэзээ ч хараагүй мөртөө байнгын дэмждэг хэдэн хүн байдаг.
Яг миний хувь заяагаар харийн хүнтэй суучихсан, эх орон, ээжийгээ санагалзаад явж байгаа хэсэг бүлэг эмэгтэй байдаг л даа. Ямар ч нөхцөлд бид нар ард чинь байна шүү гэдэг. Тэд надад санхүүгийн эсвэл эрх мэдлийн туслалцаа үзүүлж чадахгүй.
Гэхдээ сэтгэлийн асар их дэмжлэг өгдөг. Би саяхан бага хүүтэйгээ яриад сууж байлаа. Миний хүү том болоод ямар хүн болох юм гэтэл би яг тань шиг хүн болно. Над шиг хүн болно гэж юу гэсэн үг вэ гэтэл “Кафег чинь ажиллуулаад л, муу хүмүүсийг загнаад л гэсэн”. Миний хүүхэд хүртэл намайг ингэж хардаг юм байна. Надад буцах эрх байхгүй.
ikon.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Saihan yriltslaga bna amjilt husii !!!