ОХУ барууны нөлөөнөөс “зугтах” зүүнийг чиглэсэн бодлогоо хэрэгжүүлж эхэллээ

охуУкраины хямралын нөлөөгеер ОХУ, өрнөдийн харилцаа тааламжгүй байгаа энэ үед Москва хөрштэйгээ харилцаагаа сайжруулах зүүнийг чиглэсэн бодлого баримталж эхлээд байгаа билээ. Тэгвэл Орос, Хятад улс худалдаа, эдийн засаг, эрчим хүч, банк санхүү, шинжлэх ухаан техник, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны 38 гэрээ, баримт бичиг үзэглэж, стратегийн харилцаагаа гүнзгийрүүлэх эхлэлээ тавилаа. Үүнд Хятадад байгалийн хий нийлүүлэх урт хугацааны гэрээ, монополийн эсрэг зохицуулалт, гаалийн хамтын ажиллагаа, хиймэл дагуулын навигацын систем дээр хамтран ажиллах зэрэг Засгийн газар хоорондын гэрээ, хамтарсан мэдэгдлүүд багтаж байгаа юм.

Эдгээрийн дундаас ач холбогдол бүхий гэрээг дурдвал Хятадын Ардын банк барууны хоригийн нөлөөнд автаад буй Оросын банк болон компаниудад 4.5 тэрбум ам.долларын тусламжийн зээл олгохоор зөвшөөрсөн байна.

Түүнчлэн Хятадын Ардын банк болон Оросын Төв банкхоёр талт худалдаа, шууд хөрөнгө оруулалтад тус дөхөм үзүүлж, хоёр орны эдийн засгийн хөгжлийг ахиулах зорилгоор жил бүр 150 тэрбум юань, 815 тэрбум рублийг солилцох хоёр талт своп хэлцэлд гарын үсэг зурав. Валют солилцох гэрээний хүчинтэй хугацаа нь гурван жил бөгөөд хоёр тал зөвшөөрвөл, хугацааг сунгаж болох аж. Энэ нь нэг талаар хоёр орны үндэсний валютаар хийх худалдааг нэмэгдүүлэх зорилготой ч нөгөө талаар ам.долларын нөлөөг бууруулах зорилготой байж болох юм. Учир нь,ОХУ-ын хувьд барууны хоригийн нөлөөг багасгахын тулд ам.долларын хамаарлыг бууруулах шаардлагатай нүүр тулаад байгаа билээ. Харин БНХАУ-ын хувьд юанийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор энэ онд 20 гаруй оронтой шинээр своп хэлцэл хийх гэрээ байгуулаад байгаа бөгөөд цаашид юанийг дэлхийн голлох валют болгох зорилт тавиад байгаа юм. Үүнээс гадна Оросын хөрөнгө оруулалтын сан, Москвагийн бирж зэрэг санхүүгийн бүтцүүд ч Хятадын талтай гэрээ байгуулжээ.

Хоригийн нөлөөнд автаад буй ОХУ-ын санхүү, бизнесийн салбарынхан хөрөнгө, мөнгөний өөр эх үүсвэр олох шаардлагатай болж. Хятад улс дээр харц тогтоогоод байгаа билээ. ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев хоёр орны худалдааг хоёр дахин өсгөж, одоо Европын холбоотой хийж байгаа 200 тэрбум ам.долларын худалдааны тэн хагаст Хятад, Оросын худалдааг 100 тэрбум ам.долларт хүргэх зорилготой буйгаа хэлжээ. Тэрээр “Өнгөрсөн жилийн байдлаар сүүлийн зургаан жилийн хугацаанд хоёр талын худалдаанд 40 тэрбум ам.доллараас 89 тэрбум болтлоо өссөн ч энэ хэмжээг 2020 он гэхэд 200 тэрбум ам.долларт хүргэх хэрэгтэй. Бид бол маш ойрын хамтрагчид” гээд.Хятад улстай хийх худалдаа Европын холбооны 28 оронтой хийх худалдаанаас илүү үр дүнтэй байна гэдэгт итгэж буйгаа хэлсэн байна.

Түүнчлэн өөр нэгэн чухал үйл явдал нь 400 тэрбум ам.долларын байгалийн хий нийлүүлэх гэрээг эцэслэн баталсан байв. Мөн энэ үеэр Европын холбооны хоригт өртөөд буй ОХУ-ын газрын тосны “Роснефть” компани болон Хятадын үндэсний газрын тосны корпорац стратегийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээг байгуулсан юм. Дэлхийн эрчим хүчний хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг. ОХУ нь Хятад улстай арав гаруй жил хэлэлцсэн байгалийн хийн гэрээг ийнхүү эцэслэн шийдвэрлэлээ. Барууны санхүүжилт сүүлийн саруудад ширгэж байгаа учраас Орос улс Алс Дорнодын бүс нутгаар дамжуулан газрын тосны салбарт Хятадыг татахыг хүсч байгаа юм.”Роснефть” 2013 оны байдлаар Хятад руу жилд арван тэрбум ам.долларын газрын тосыг нийлүүлээд байгаа юм.Түүнчлэн ноён Медведев 2015 оноос “баруун чиглэл”-ээр хий нийлүүлэх өөр нэгэн гэрээний талаар ам нээжээ. Үүнээс гадна хоёр улс хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллахаар тохиролцжээ.

Түүнчлэн хоёр тал хурдны төмөр замын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, Бээжингээс Москва хүрэх Евро Азийн хурдны тээврийн хонгилыг байгуулж, Москвагаас Казань хүрэх хурдны төмөр замыг түрүүлж тавих төсөл хэрэгжүүлэхээр шийдсэн байна. Орост хурдны төмөр замыг хөгжүүлэх талаар Оросын Засгийн газар, иргэдийн дунд янз бүрийн санал гарч байгаа ч Оросын хүн амын тархалт Хятадаас өргөн болохоор өнөөгийн зорчигч тэавдийн хүчин чадал дотоодын эрэлт хэрэгцээг хангаж чадаж байна, хурдны төмөр замыг байгуулах шаардлагагүй. Нөгөө талаар хурдны төмөр замыг байгуулахад их хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдах болохоор Оросын эдийн засгийн одоогийн байдлаар энэ төслийг дэмжих боломжгүй. Мөн зарсан тасалбарын үнээр оруулсан хөрөнгөө буцааж авахад маш хэцүү гэж зонхилох хүмүүс үзэж байна. Гэвч энэ нь худалдааны хэмжээг 2020 онд 200 тэрбум ам.долларт хүргэх зорилтын гол хөдөлгөгч хүч болно гэдгийг БНХАУ-ын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян хэлжээ.

ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев болон БНХАУ-ын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян нар хурлын дараа мэдээлэл хйисэн байна. Энэ үеэр Ли Кэцян “Хятад улс Оростой хамтрал эдгээр зүйлсийг биелүүлэхэд бэлэн байна. Тухайлбал, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, .2015 онд хоёр талын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх зорилтоо биелүүлнэ. Түүнчлэн уурхай нээх, химийн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, дэд бүтцийн байгуулалт зэрэг салбарын томоохон хөрөнгө оруулалтын төслөөр хамтарч ажиллан, Бээжингээс Москва хүрэх Европ Азийн хурдны тээврийн хонгилыг байгуулж, Москвагаас Казан хүрэх хурдны төмөр замын төслийг юунд түрүүнд хэрэгжүүлнэ” гэжээ.

 

Б.СУВД-ЭРДЭНЭ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих