Н.Энхбаяр Ц.Шинэбаяраа жийж, М.Энхсайханыг өөд нь татах уу?

Дөнгөж нэрээ аваад байгаа МАХН хэмээх шинэ коммунист намын дэд дарга Ц.Шинэбаяр өчигдөр намын ажлаа өгөх мэдэгдэл маягийн юм гаргажээ. Үүнийг улс төрийн хүрээнийхэн янз бүрээр тайлбарлаж байна. Хамгийн ойрын таамаг бол Н.Энхбаяр МАХН-ын даргынхаа ажлыг Ц.Шинэбаярт шилжүүлж, М.Энхсайханыг МАХН-ын дэд дарга болгох замаар ҮШН-ыг татан буулгаж, МАХН-тай нэгдүүлэх нь гэх. Н.Энхбаяр тэртэй тэргүй УИХ-д нэг суудлыг хүссэн ч эс хүссэн ч аваад ирнэ. Тэгэхээр Н.Энхбаяр, Ц.Шинэбаярыг намын дарга болгочихоод өөрөө зааж зурж явах гэсэн байхыг үгүйсгэхгүй.

Удахгуй МАХН-ын хурал болж, энэ мэт зохион байгуулалтын ажлаа хийх бололтой. Хэрвээ ийм юм болбол ҮШН-ын Ц.Цолмон нарын нөхөд намаа татан буулгахгүй гэж бөөн юм болно биз. Ногоон намынхан Д.Энхбат гишүүнтэй үзэж байгаа шиг л зүйл болохыг үгүйсгэмгүй. Гэтэл бас нэгэн эх сурвалж Н.Энхбаяр, Ц.Шинэбаяраа жийж, М.Энхсайханыг өөд татна гэсэн зүйлийг ч ярив. Ц.Шинэбаяр төрийн ажлаа хийдэг юм уу гэх ухааны юм ярьсныг бодоход энэ үнэн байхыг хэн мэдлээ. Аль аль нь магадлалтай хувилбар.

Гэхдээ МАН-ынхны үзэж буйгаар хууль бусаар нэрээ аваад байгаа МАХН-ынхан удахгүй нэлээд бужигнах төлөвтэй. Нөгөө Баабарын хэлсэнчлэн Н.Энхбаярын цуглуулбарууд дор бүрнээ дарга болох гэж зүтгэх нь тодорхой. Л.Цог, Эрдэнэтуул, Д.Удвал гээд нам нам дамжсан нөхдөд одоо л төрийн өндөр сэнтий харагдаж, бүр зүүдлээд эхэлсэн биз. МАХН сонгуульд ялаад бүгдээрээ дарга болох хүсэлтэй байж таараа.

Ц.Шинэбаяр одоо төрийн ажлаа хийе гэжээ. Юу гэсэн үг вэ. Дураа хүрэхээр төрийн ажлаа, дургүйгээ хүрэхээр гудамжинд гарна ч гэх шиг. УИХ-ын гишүүн гэдэг хэн хүн дураа хүрэхээр хийдэг ажил юм уу. Ц.Шинэбаярын Дорнод зоноос цуглуулсан санал, тэдний хүлээлгэсэн өндөр итгэл нь ердөө Н.Энхбаярын төлөө байсан гэж үү хэмээн өөрөөс нь ч юм уу, дорнодчуудаас ч юм уу асуумаар санагдлаа.

Энд нэг зүйлийг дурьдаж хэлэхэд олон түмний итгэл хүлээж УИХ-д орж ирсэн Ц.Шинэбаяр гэгч нөхөр миний мэдэхийн л төрийн ажил хийсэнгүй. МАХН хэмээх нэрийг улс төрийн зорилгоор өгөхгүй байна. Би чуулган хаяад гудамжинд гарна л гэсэн. Төрд байгаа олигархиудыг цэвэрлэнэ л гэсэн. Өмнөговиор Н.Энхбаярын телевизийг аваад нэг хэсэг тэнэсэн. Тэр сонгогдсон тойрогтоо удаа дараа очсон ч ардтүмний төлөө бус МАХН-ын төлөө очиж байсан.

Шуудхан хэлэхэд Н.Энхбаярын төлөө Дорнод аймагт зочилж байсан хэрэг. За энэ ч яахав, тэртэй тэргүй Ц.Шинэбаяр гэдэг хүн дорнодчуудын төлөө биш Н.Энхбаярын төлөө төрд ажиллаж байгаа нь үнэн.

С.Баяр
Эх сурвалж: “Монголын мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих