Оролцоотой өсөлт

148232-15102014-1413337831-1143143919-economicМонголчууд бид англи хэл дээрх “inclusive economic growth” гэдэг үгийг эдийн засгийн хүртээмжтэй, хамарсан, хамааруулсан, оролцоотой өсөлт гэх мэтээр орчуулан ойлгож, төр засгийн эдийн засаг, нийгмийн бодлогыг хэлэлцэхдээ ашиглаж ирлээ. Нийгмийн бүх давхаргын төлөөлөлд эдийн засгийн хөгжилд оролцох ижил тэгш боломж олгох санааг илэрхийлж ирсэн учир энэ нэр томъёог оролцоотой өсөлт гэх нь илүү тохиромжтой аж.

Тэгш боломж гэдэгт юуны өмнө зах зээлд оролцох, бүх төрлийн нөөцийг ашиглах, бизнесийн орчин адил, эрх тэгш байхыг хамааруулж буй. Оролцоотой өсөлт гэдэг нь ядуу, бага орлоготой хүмүүст орлогоо нэмэгдүүлэх боломж олгосон ажил олдохыг хэлж буй тул нэлээд урт хугацааны ойлголт юм.

Эдийн засгийн тогтвортой өсөлт нь оролцоотой өсөлтийг шаарддаг. Эдийн засгийн өсөлт нь заримдаа авлига, орлогын үлэмж ялгаа зэрэг сөрөг үр дагаврыг авчирдаг учир оролцоотой өсөлтийг хангах нь амаргүй ажил. Үүний тод жишээ нь өнөөгийн Монгол Улс.

Манай улсын эдийн засгийн өсөлт 2011 онд 17 хувь хүрч бүх дэлхийн амыг ангайтал “гялалзаж” байсан ч иргэдийн амьдралын түвшин тэгж өсөөгүй. Өдөрт 1.25 доллараас бага орлоготой хүмүүсийн тоо 2000 оноос хойш дөнгөж хоёр хувиар буурч хүн амын 27 хувьд хүрлээ.

Эдийн засаг нь ашигт малтмалын олборлолт, үнэ, борлуулалтаас бараг бүрэн хамааралтай болсон ч уул уурхайн салбарт ажиллах хүчний дөнгөж таван хувь ногдож байна. Манайд хөдөлмөрийн насны иргэдийн хагас нь ажилгүй бөгөөд нийгмийн баян, ядуугийн ялгаа улам нэмэгдсээр байгаа.

Хүн амын талаас илүү нь төвлөрөөд буй нийслэл Улаанбаатар хотын оршин суугчдын 60 хувь нь ариун цэврийн наад захын нөхцөлөөр хангагдаагүй байна. Эдүгээ уул уурхайн өсөлт зогсон, инфляцид баригдаж, мөнгө нь огцом үнэгүйдэн эдийн засаг нь “бүдгэрч” байгаа учир ядуучуудын эгнээ эргээд тэлэх хандлагатай болов.

Манай улсын эдийн засгийн өсөлт 2011 онд 17 хувь хүрч бүх дэлхийн амыг ангайтал “гялалзаж” байсан ч иргэдийн амьдралын түвшин тэгж өсөөгүй.

Ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих шатандаа явж буй олон оронд хүн амын орлогын түвшний ялгаа их байдаг ч эдийн засаг хөгжихийн хэрээр багасна гэж үздэг.

Нобелийн шагналт, эдийн засагч Кузнец 1955 онд энэ ялгаа нь баян хүмүүст хангалттай хөрөнгө цуглуулж, бизнесээ өргөжүүлэх боломж олгон, улмаар хөрөнгө оруулалтыг дагасан эдийн засгийн өсөлт авчрах боломжтой гэж үзэж байжээ.

Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким бага орлоготой хүмүүс эдийн засгийн үр дүнгээс заавал хуваалцах ёстой гэж саяхан мэдэгдэв. Зөвхөн хуваалцаж байж л хөгжиж буй орнуудын хамгийн бага орлоготой (хүн амын 40 хувь) хүмүүсээс гадна цөөхөн хөрөнгөтнүүдээр тогтохгүй хүн амын үлдсэн бүх давхаргын амьдралын түвшин дээшлэх болно гэж тэр хэлжээ.

Хөгжлийн үр шимийг хуваалцахын тулд ядуучуудын орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, хүүхдүүдэд сурч боловсрох, нийт хүн амд хүнс, ус хэрэглэх, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийг хангах ёстой гэсэн байна. Хамгийн чухал асуудал нь харин яаж гэдэгт л байгаа юм.

Дэлхийн банк үүнд хүний капиталыг үүсгэх, нийгмийн халамжийн сайн тохиргоотой бүтэц байгуулж ажиллуулах, ажлын байр бий болгох сонирхол төрөхүйцээр хувийн хэвшлийг урамшуулах, энэ зорилтуудыг биелүүлэхэд тохирсон санхүүгийн болон байгаль орчны тогтвортой бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх явдал гэж хариулжээ.

Европын хөгжлийн банкны хариултыг “Шилжилтийн тайлан 2013”–ын дүгнэлтээс харж болно. Улс төрийн ардчилал, зах зээлийн эдийн засаг руу шилжиж буй орнууд баруун Европын амьдралын түвшинд хүрэхийн тулд эдийн засгийнхаа шинэчлэлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд үүний тулд олон улсын интеграцид орох, дотооддоо манлайллаа хөгжүүлэх, шударга, ардчилсан нийгмийн төлөө олон нийтийн өргөн хөдөлгөөн байгуулах үйл явдлууд зэрэг өрнөх ёстой гэжээ.

Шилжилтийн үр дүн нь ардчиллын түвшинтэй холбоотой, эдийн засгийн байгууллуудын чадвар, хүний капиталын хөгжил, эдийн засгийн оролцооноос шууд хамаардаг болохыг олон арван орныг хамарсан тэдний судалгааны үр дүн харуулсан байна.

Ямар ч гэсэн оролцоотой өсөлтийг хангахын тулд улс төр, эдийн засгийн шинэчлэл өөрчлөлтийг эрчимжүүлэх, улс төрийн болон эдийн засгийн байгууллуудаа бэхжүүлэн чадваржуулах, хүний капиталд хөрөнгө оруулах, эдийн засагт оролцох ижил тэгш гарааны боломжийг нийгмийн бүх давхаргад олгох зэрэг дөрвөн чухал үйл явдал өрнөх ёстой гэдэгт хөгжлийн байгууллагууд, судлаачид санал нийлж буй.

Сурч боловсрох, өөрийн хүсэл эрмэлзлийн дагуу бизнес эрхлэх, сайн ажиллаж их орлого олох, эд хөрөнгөтэй болох бүх эрх, боломж хүн бүрт ижил тэгш олгогдсон цагт Монгол Улсад эдийн засгийн оролцоотой өсөлт бий болно.

Монгол Улсын хувьд эдгээр үйл явдлаас хамгийн их хоцорч, бусдыг нь хойш чангааж байгаа, хамгийн хэцүү сорилт бол төрийн байгууллуудын чадвар юм. Улс төрийн намууд өсч бэхжихгүй, хамгийн их авлигажсан учраас тухайн нам сонгуульд ялж төрийн эрх авсан ч бусад үйл явдлыг өгөөжтэй өрнүүлж чадахгүй байгаад хөгжлийн ихэнх асуудлын шалтгаан оршиж байна.

Авлигатай тууштай тэмцэх, нийтийн хөрөнгийг шамшигдуулж, хувьдаа завшиж буй этгээдүүдтэй хариуцлага тооцохын төлөө олон нийтийн өргөн хөдөлгөөн Монголд эрс үгүйлэгдэж байна.

Оролцоотой өсөлтийн суурийг тавихын тулд хувийн хэвшлийн өрсөлдөөнийг дэмжиж, цөөн тооны бизнесийг хамардаг учир төр засгийн олон төрлийн хөнгөлөлт, үнийн хязгаарлалтыг зогсоож, бүгдэд нь адилхан үйлчилдэг энгийн хялбар, урьдчилан хэлж болохуйц бизнесийн тогтвортой орчин, хуулийн засаглал Монголд шаардлагатай байгаа юм.

Сурч боловсрох, өөрийн хүсэл эрмэлзлийн дагуу бизнес эрхлэх, сайн ажиллаж их орлого олох, эд хөрөнгөтэй болох бүх эрх, боломж хүн бүрт ижил тэгш олгогдсон цагт Монгол Улсад эдийн засгийн оролцоотой өсөлт бий болно.

Тэр цагт л Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яг нэг жилийн өмнө “Ухаалаг төр рүү” сэдвээр хэлсэн үгэндээ дурдсан “Төр өрмийг нь хамж, иргэд хусмыг нь булаалцалдахаа” болих юм. Эдийн засгийн өсөлтөд иргэн бүр оролцох учиртай.

http://jargaldefacto.com/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих