УИХ-ын дарга хууль зөрчив үү

5380_134УИХ-ын дарга З.Энхболд 2015 оны төсвийн төслийг эргүүлэн татахыг шаардсан МАН-ын бүлгийн шаардлагад өнөөдөр хариу өгөхдөө төсвийн төслийг хэлэлцэх боломжтой гэжээ. Ингэхдээ тэрээр Сангийн сайд Ч.Улааны гарын үсэг зурж огноолсон “2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” гээч албан бичгийг “хуулийн төсөл” гэж тооцон, улмаар УИХ-аар хэлэлцүүлэх тухайгаа энэ бичигтээ онцолсон байх юм. Засгийн газрын бүтцийг шинэчилж баталсан, нөгөө талаар цаг давчуу байна гэх шалтгааныг ч УИХ-ын дарга албан бичигтээ дурджээ. Харин Засгийн газар үдээс өмнө хуралдаж, ирэх оны төсвийн төслийг буцаан татахаар болсон аж. Тэгэхээр Засгийн газар шинэ бүтэцтэйгээ уялдуулж хуульд нийцсэн төсвийн төслийг өргөн барих юм байна.
Хэрэв нэг сайдын албан бичгийг “хуулийн төсөлд өөрчлөлт оруулах хуулийн төсөл” гэж үзэж УИХ-аар хэлэлцүүлсэн бол УИХ-ын дарга З.Энхболд нь Үндсэн хууль зөрчсөн гэгдэж шууд огцрох үндэслэл болохыг хуульчид онцолж байгаа юм.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хууль санаачлах эрхийг Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүн л эдэлдэг. Энэ гурваас өөр хэнбугай ч хууль албан ёсоор санаачлан УИХ-ын гал тогоонд оруулж шууд хэлэлцүүлэх эрхгүй, зөвхөн санал гаргаж л болно. Гэтэл Төсвийн хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Засгийн газар ч биш Сангийн сайд дангаараа албан бичиг ИРҮҮЛСЭН-ийг УИХ-ын дарга хэлэлцүүлнэ гэж албан бичиг ирүүлжээ.  ”Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” гэж л ойлголт байдаг болохоос “Хуулийн төсөлд өөрчлөлт оруулах хуулийн төсөл” гэж ойлголт хаана ч байхгүй, байж ч таарахгүй. Харамсалтай нь УИХ-ын дарга З.Энхболд дэлхийн парламентат ёсны түүхэнд анх удаа ийм ойлголтыг гаргалаа. Нөгөө талаар энэ албан бичигт “шинэчилсэн хуулийн төслийг ИРҮҮЛСЭН” гэж бичсэн байна. Хуулийн төслийг ӨРГӨН МЭДҮҮЛЭХ гэж ойлголт хуульд байдаг болохоос ИРҮҮЛСЭН гэх ойлголт байдаггүйг зарим хуульчид сануулан фэйсбүүктээ тавьжээ.

- See more at: http://www.unen.mn/content/40957.shtml?alias=politics#sthash.cMH38Gs7.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих