Хүнд өвчтөнүүдэд итгэл найдвар бэлэглэхээр сайхан сэтгэлт залуус нэгджээ

54430

Монголд “Doctor Clown” гэдэг хүнд өвчтэй хүмүүст сэтгэл заслын үйлчилгээ үзүүлдэг алиалагчдын байгууллага байдаг юм байна. Монголын Эмнэлгийн Алиалагчийн баг болох тус сайн дурын байгууллага 2013 оны 12 дугаар сард байгуулагдсан бөгөөд Дани улс дахь “SOS International” байгууллагын санаачлагаар байгуулагджээ. Тэдний гол зорилго хүүхэд, насанд хүрэгчдийг эмнэлгээс халшрах, айх айдсыг багасгах, өвдөлт, өвчнөө мартагнахад туслах, хүүхэд болон асран хамгаалагчид эдгэрэх, өвчнөө даван туулахад нь тус дэм болж, итгэл найдвар бэлэглэх юм билээ.

Нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй тус сайн дурынхан бүгд ямар нэг цалин авдаггүй, сайн дураараа ажиллаж буй аж. Тэд 2013 оны 12-р сараас хойш Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Хүүхдийн Эмнэлгийн 18 тасгаар сар бүр, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Хүүхдийн тасаг, Хүүхдийн Төв Сувилал, Ясли цэцэрлэгийн 10 дугаар цогцолбор зэрэг газруудад зочилсон байна.

Цаашид ч Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв, Асрамжийн төв, Хосписс, Ахмадын асрамжийн газар зэрэг баяр хөөр хэрэгтэй хүүхэд, хүмүүст очиж инээмсэглэл бэлэглэхээр төлөвлөн ажиллаж байгаа гэдгийг тус багийн гишүүн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нийгмийн ажилтан Н.Эрдэнэчимэг бидэнд хэлсэн.

Тэд жүжигчид биш зүгээр л сэтгүүлч, нийгмийн ажилтан, эмч, техник технологийн коллежийн дөрвөн оюутан, хувиараа бизнес эрхлэгч гээд төрөл бүрийн ажил эрхэлдэг хүмүүсээс бүрдсэн. Мэргэжлийн алиалагч, мэргэжлийн жүжигчин хүмүүс байхгүй юм билээ. Дани улс дахь “SOS International” байгууллагын алиалагчийн багийн багш нар 2013 онд ирэхдээ тэдэнд 10 хоногийн сургалт явуулж, хүүхдүүдийг хэрхэн баярлуулж баясгах талаар анхан шатны хичээл заасан юм байна. Харин тэд энэ бүхнийг цааш нь өөрсдөө баяжуулж, олон хүүхдийг баярлуулж, сайн үйлсийн аянд нэгдэж яваа гэсэн.

medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих