Засаглалын хямралд ойртох нь байна шүү

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр  Засгийн газраас оруулж ирсэн бүрэлдэхүүний өөрчлөлтийн тухай хуулийг хэлэлцэхэд МАН-ын дарга болон тус намын бүлгийн дарга нар байр сууриа илэрхийллээ.

М.Энхболд: Цаг алдаж байгаа нь төрийн ажлыг цалгардуулж байна

-Энэ асуудлыг яаралтай хэлэлцэхийг дэмжиж байна. Ер нь цаг үеэ олоогүй бүтцийн асуудал улс орны ажил амьдралыг хүндрүүлж байна. Есдүгээр сарын 6-ны өдрөөс өнөөг хүртэл яам, тамгын газарт ажил хийдэг, асуудал шийддэг хүн гэж байхгүй боллоо. Уул нь өдийд Засгийн газар намрын ургац, тариа будаа, өвөлжилтийн бэлтгэл ажлаа ид хөөцөлдөж байх ёстой л доо. Гэтэл гэнэт цочсон юм шиг бүтцээ өөрчилнө гээд хэлчихсэн.

Өмнө нь бүтэц, бүрэлдэхүүний асуудал УИХ-аар хамт гардаг байсан. УИХ аль болох Засгийн газрын ажлыг дэмжиж хурдан асуудлыг шийдэх тал руугаа байгаа. Гэтэл нэг хуулийн төсөл өргөн бариад долоо хонодог, бас дахиад л долоо хонодог. Бүрэлдэхүүний төслийг батлаад өгөхөөр дахиад долоо хонох уу. Ингэж цаг алдаж байгаа нь төрийн ажлыг цалгардуулж байна. Хэрвээ улс орны төлөө ажиллая гэж бодож байгаа бол Засгийн газар, Ерөнхий сайд асуудлыг түргэн шийдмээр байна.

Хэзээ байхдаа ингэж уддаг байсан юм бэ. Би Ерөнхий сайдаар томилогдоод маргааш нь сайд нараа оруулж хоёр хоногийн дотор танхимын сайд нар бүрдэж байсан. Та нар шалтаг шалтгаан хэлээд фракцдаа уягдаад байх юм. Цаана чинь улс орны ажил гэж бий шүү дээ. Хөдөө явж ард түмний амьдралтай танилц, тариаланчидтай уулзаад үз. Ажил амьдрал нь хүнд болчихоод байна. Яам тамгын газраар яваад үз. Ямар сайд байх вэ гэдгээс болоод цаана чинь төрийн бүх ажил суларчихаад байна. Ингэж удвал засаглалын хямралд ойртох нь байна шүү.

 

ea682b19-8831-4f91-9621-5f6d9d49a6fa.jpg

С.Бямбацогт: Хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж болдоггүй юм

-УИХ-д хууль тогтоол өргөн мэдүүлэх журмын тухай хууль гэж бий. Тодорхой шаардлага шалгуур хангасан хуулийн төслийг хүлээж аваад холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэх ёстой. Өнөөдөр ийм зөрчилтэй хуулийн төсөл өргөн барьсан байна. Засгийн газар хуулиа мэддэггүй юм уу, эсвэл чадваргүй юм уу, Ч.Сайханбилэг даргын хариултаас үзэхэд зөрчилтэй хууль өргөн барьсныгаа хэлэлцүүлгийн явцад арилгачихъя гэж байна.

Сайд нарыг чөлөөлөх асуудлыг давхар оруулж ирэх ёстой байсан. Шинэ хуучин хоёр зөрчилтэй хууль хүчин төгөлдөр үйлчлэх гээд байна. Яам нь татан буугдсан мөртлөө сайдын эрх нь хэвээр байна. Салбарын асуудлыг хэлэлцэхээр яах ёстой юм бэ. Бид Засгийн газрыг Төсвийн төслөө татаж ав гэхээр хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барьчихаж байна. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулдаг болохоос хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж болдоггүй юм. Тамгын газар үүнд анхаарах хэрэгтэй. Засгийн газар хуулийн төсөл өргөн барихдаа зөрчилгүй байх талд нь анхаарч болдоггүй юм уу.


URL:

Сэтгэгдэл бичих