“Бүдүүн” яамыг АН авах уу
Бүтэц нь тодорхой болсон шинэ Засгийн газрын сайд нарын нэр намын бүлгүүд дээр яригдаж байна гэнэ. Үнэн худал сайд нарын нэрийг улс төрийн хүрээнийхэн бас ярьсаар байна.
Энэхүү Засгийн газрын бүтцийн өөрчлөлт энэ намрын улс төрийг хачин гоё амттай болгож байгаа нь улстөрчдийн байгаа байдлаас харагдаж буй. Сайдын сэнтийд суучих гэсэн мөрөөдөл, найраа хаа сайгүй.
Гэхдээ эцсийн бүлэгт хэн нь ч сайд болж болно. Ганцхан Монгол Улсын, ард түмэн бидний эрх ашигт нийцэж байх учиртай билээ. Тиймээс намууд энэ удаагийн Засгийн газрын сайд нараас өмнө аль нам ямар яамыг хариуцахаа ул суурьтай ярилцаж байна.
Нийлж бүтсэн гурван яамны нэг бол Уул уурхай, эрчим хүчний яам. Энэ Засгийн газрын хамгийн гол яам бол энэ. Олон чухал төсөл хөтөлбөр эхэлчихсэн. Бас хямарсан эдийн засгийг хөл дээр нь босгох таяг нь энэ яам байх болно гэж эдийн засагчид, улстөрчид үзэж байгаа. Тиймээс засагт хамтарч байгаа намын бүлгүүд энэ яаман дээр гол анхаарлаа хандуулж байгаа аж.
Эх сурвалжийн хэлж буйгаар шинэ бүтцийн Уул уурхай, эрчим хүчний яамыг АН авах гэнэ. Учир нь Н.Алтанхуягийн Засгийн газар АН дээр суурилж байгаа. Тэр утгаараа энэ засгийн хариуцлагын ихэнх АН дээр бууна гэсэн үг. Тодруулж хэлбэл, Уул уурай, эрчим хүчний гэх “бүдүүн” яамыг хэрхэн ажиллуулахаас Засгийн газрын, цаашилбал Монгол Улсын хувь заяа хамаарна. АН-ынхан ч, засгийг бүрдүүлэгч бусад хүчнүүд ч үүнийг ойлгоод байгаа бололтой.
Үүнээс гадна сайд нь хэн байх вэ гэдэг асуудал бас л ид өрнөж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн чиглэл болгосончлон Засгийн газрыг дан дээлтэй голдуу сайдаар бүрдүүлэхээр “сонгон шалгаруулалт” явуулаад эхэлсэн мэдээлэл бий. Тиймээс салбараа сайн мэдэх дан дээлтэй эрхэм Уул уурхай, эрчим хүчний сайдын суудалд суух гэнэ.
Б.ДАМДИН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: