“Отгонтэнгэр” их сургуулийн багш Ү.Амарбат: “НОМОНДОО УНШИГДСААР БАЙХ УУ? НОМ УНШИЖ СУРАХ УУ?”
Зарим хүмүүс номыг нойр хүргэх хэрэгсэл, залхуурлын эх үүсвэр гэж боддог. Харин зарим нь ямар ч хамаагүй номыг уншиж байвал сайн гэж боддог. Зарим хэсэг нь ном их уншвал цагаан солио тусна ч гэж ярьдаг. Харин энэ бүхний аль зөв аль нь буруу болохыг тунгаан тогтооход хэцүү биз.
Юутай ч энэ удаагийн зөвлөгөөгөөрөө ном уншихад зориулсан мэдээллийг бэлтгэлээ. Бид номноос мэдээлэл авах эцсийн зорилготой байдаг. Энэхүү зорилгодоо тэр бүр хүрч чаддаггүй. Заримдаа өөрөө номоо унших биш номондоо уншуулчихсан байдаг. Тэгвэл та энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Жон Стуарт Милл шиг номын бүтэн нүүрийг нэг л харалтаар уншиж, Франклин Д.Рүүзвэлт шиг нүдний нэг 1 цавчилт хооронд 1 параграфийг уншиж дуусгадаг болж, Ванда Норд шиг хурдан унших чадвараараа дэлхийд гуравдугаарт ордоггүй юм гэхэд өөрийн түвшинд хэрхэн сайн уншдаг болох аргуудыг танд хүргэж байна.
1. Хамгийн түрүүнд унших гэж байгаа номоо танд үнэхээр хэрэгтэй эсэхийг тогтоо. Ингэхийн тулд тухайн номын автор, зохиолчийн хүргэх гэсэн гол үзэл санаа, боломжтой бол товчлолтой нь танилцах хэрэгтэй. Номын эхлэл төгсгөлийг нэг гүйлгэж унших хэрэгтэй. Номын гарчгуудтай танилц.Ингэж та тухайн ном үнэхээр хэрэгтэй эсэхийг мэдсэний дараа унших нь цаг хэмнэнэ. Өнөө цагт сайхан нэрнээс цаашгүй хогон мэдээллээр дүүрэн ном элбэг болсон. Тиймээс та номын нэрнээс гадна зарим хэсгүүдийг гүйлгэн уншиж нэрэндээ таарсан мэдээлэл байгаа эсэхийг нягтлах хэрэгтэй. Ууланд хэдий хурдан зөв авирсан ч таны авирсан уул авирах ёсгүй уул чинь байвал ямар ч үр дүнгүйтэй адил.
2. Харин дараагийн удаад хэрхэн үр дүнтэй унших вэ?. Хүний тархинд 2 ой зэрэг ажиллаж байдаг. Эдгээр нь санах болон мартах ой юм. Энгийнээр бид хэрэггүй зүйлээ мартаж хэрэгтэй зүйлээ санаж амьдрах хэрэгтэй. Та номыг уншиж байгаа зорилго нь хэрэгтэй мэдээллийг авч үлдэх юм. Гэтэл уншсан зүйлс чинь дахин санагдахгүй байх магадлалтай. Энэ асуудлыг шийдэхийн тулд та номоо уншихдаа тодруулагч эсхүл бал барьж тэмдэглэл хийж чухал хэсгүүдийг тодруулан уншиж болно. Мөн номын тэмдэглэл хийдэг дэвтэртэй болж түүндээ гол санаануудаа гаргах нь чухал ингэхдээ бичихийг урьтал болголгүйгээр зураглан тэмдэглэх нь илүү таны санаанд үлдэнэ. Гэхдээ энэ бол уншилтын нэлээд доод түвшний арга юм.
3. Анхаарлаа төвлөрүүлэхийн тулд удаан уних хэрэгтэй гэж ихэнх хүмүүс боддог. Үнэндээ энэ буруу юм. Хурдан унших тусам анхаарал сайн төвлөрдөг. Хүн хурдан уншиж анхаарлаа давхар төвлөрүүлж чаддаг бол уншсан зүйлээсээ ойлгож, агуулгыг нь гаргаж, эргэн санах магадлал өндөр. Дээрх зурагт харуулсан байдлаар номыг мөр алгасаж болон товчилж унших боломж бий. Ийн уншиж сурахад гоц авьяас өндөр IQ байхаас илүү хичээл зүтгэл хэрэгтэй. Эхний мөрийг бүтэн уншаад ташуу зураасыг дагаж агуулгаар нь уншихад эхэндээ төвөгтэй агуулга ойлгогдохгүй, Харин хэд дахин уншсаны эцэст хялбархан арга болохыг мэдэрнэ. Ернь номыг хурдан унших дараах аргууд байдаг байна.Үүнд:
1. Skimming=Гүйлгэж унших
2. Ердийн заагчтай уншилт
3. Scanning=Гүйлгэж харах
“Номын утга тэнгэр мэт агуу, далай мэт гүн…” хэмээн их зохиолч Ц.Дамдинсүрэн хэлсэн байдагчлан энэхүү тэнгэрийн мөн чанарыг таньж, далайн чанадад хүрэхэд арга зүй, хичээл зүтгэл ихээхэн чухал билээ.
URL: