Ким Чен Ун 40 хоногийн дараа анх удаа олны өмнө ил гарлаа
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун удтал олны өмнө гараагүй нь гадны дотныхны анхаарлыг ихэд татсан. Өнгөрсөн сарын 3-ны өдөр тэрээр эхнэрийн хамт Mansudae Art Theater-т Moranbong хамтлагийн тоглолт үзсэнээс хойш олны өмнө гарч ирээгүй. Иймд түүний эрүүл мэндэд ноцтой асуудал үүссэн гэх таамаглалуудыг дэвшүүлж байв.
Хойд Солонгосын удирдагч өчигдөр буюу 2014 оны 10 дугаар сар 13-ны өдөр “алга болсон”-оосоо хойш 40 хоногийн дараа олон нийтийн өмнө ил гарч ирсэн байна. Тус улсын мэдээллийн KCNA агентлагийн мэдээлснээр, тэрээр орон сууцны шинэ хорооллын барилгын ажлын явцтай танилцжээ. “Их удирдагч өнгө өнгийн хавтангаар чимэглэсэн, үзэмж сайтай, шинээр баригдаж буй “Wisong” орон сууцны хорооллын барилгын ажлын явцтай танилцаад, сэтгэл нэн хангалуун байгаагаа илэрхийлсэн” гэж KCNA онцолсон байна. Мөн тэрээр улсынхаа Шинжлэх ухааны академийн хүрээлэнгийн шинээр баригдаж буй барилгын ажлын явцтай танилцжээ.
medee.mn
URL: