Шинэчлэлийн Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд хэн, хэн багтах вэ
Шинэчлэлийн Засгийн газрын зургаан яамыг нэгтгэж Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Уул уурхай, эрчим хүчний яам болгож өөрчилсөн билээ. Харин үүний дараа дээрхи гурван яамыг удирдах сайд нарын асуудал яригдаж эхэлсэн. Төрийн тэргүүнээс эхлээд сөрөг хүчнийхэн сайд нарыг гаднаас томилж “давхар дээл”-ээ тайлахыг сануулсан. Харин Ардчилсан нам бүлгийн хурлаараа Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцээд одоогийн хуулиараа буюу УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байж болно гэсэн байр суурьт нэгдээд байгаа. Харин МАН-ынхан сайд нарыг гаднаас томилох хийгээд Засгийн газрын тэргүүнийг өөрөө огцрох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Түүнчлэн МАХН-МҮАН, “Шударга ёс эвсэл”-ийн бүлэг Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу дөрвөн сайдын суудлаа авч үлдэнэ гэдгээ мэдэгдээд байгаа билээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхий сайдтай уулзахдаа сайд нарын тухай ярилцсан гэх мэдээлэл бий. Гэрээний дагуу Д.Тэрбишдагва, Н.Удвал, М.Сономпил, Ч.Улаан гэсэн дөрвөн сайдыг “Шударга ёс эвсэл”-ийн бүлгээс томилсон. Харин Н.Энхбаяр Д.Тэрбишдагвыг хэвээр үлдээх санаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн аж.
Мөн МҮАН-ын нэг квотод М.Энхсайханын нэрийг оруулж ирэх магадлалтай байгаа бол МАХН-аас Сангийн сайдад О.Чулуунбат, Г.Шийлэгдамба нарын нэр яригдаж байгаа аж. Харин Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг хэвээр үлдээх тухай яригдсан мөн бололтой.
Харин шинэ бүтцээр ажиллах Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны сайдаар УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн нэр дуулдаж байгаа бол Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад М.Энхсайхан, Л.Пүрэвсүрэн нарын нэр яригджээ. Мөн Уул уурхай, эрчим хүчний яамны сайдаар М.Сономпилийг хэвээр нь үлдээх тухай бүлгийн хурал дээр яригдсан гэх мэдээлэл бий. Гэвч тус яамны сайдад УИХ-ын гишүүн С.Баярцогтын нэр дуулдаж байна. Түүнчлэн Хөдөлмөрийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны сайд нарыг солих тухай асуудал ч мөн яригджээ. Тухайлбал Хөдөлмөрийн яамны сайдад Ж.Батзандангийн нэр яригдсан бол Ш.Түвдэндоржийн суудлыг тохиролцоно гэх мэдээлэл байна.
Харин Соёл спорт аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэл сайдын суудлаараа дэнчин тавьж яамаа авч үлдсэн гэх. Тус яамыг нэгтгэх тухай асуудлыг гишүүд чуулганы үеэр хэлэлцсэн. Харин “сайд нь суудлаасаа бууж, яамаа нэгтгэхгүй хэвээр үлдээе” гэсэн тохироог хийсэн гэх мэдээлэл бий. Тэрээр энэ тухайгаа “одоогоор хэлэх боломжгүй” байна гэсэн юм. Тэгэхээр Ц.Оюунгэрэл сайд суудлаасаа бууж магадгүй болоод байгаа юм. Түүнчлэн үндсэн чиг үүргийн яамдын сайд нар төдийлөн хөдлөхгүй бололтой. Энэ мэтчилэн Шинэчлэлийн Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд багтаж ажиллах сайд нарын таамаг хөвөрсөөр байна. Харин УИХ-ын дарга Засгийн газрын бүрэлдэхүүнийг УИХ-д яаралтай оруулж хэлэлцүүлэхийг Ерөнхий сайдад сануулсан. Энэ дагуу өчигдөр Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай саналыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг УИХ-ын даргад өргөн барилаа. Өнөөдөр тус саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн УИХ-ын чуулганаар эцэслэн батална. Ингэснээр Засагт ажиллах сайдуудын нэр тодорч Монгол Улсын Засгийн газар Ерөнхий сайд, Шадар сайд болон 14 сайдын бүрэлдэхүүнтэйгээр ажиллах юм.
medee.mn
URL: