Ц.Шинэбаяр: Миний зорилго биелсэн. Одоо УИХ-ын гишүүнийхээ ажилд идэвхтэй оролцоно

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяртай ярилцлаа.

-Та МАХН-ын дэд даргаасаа больж байгаа юм уу?

-Тийм.

-Яагаад?

-Миний зорилго биелсэн. Эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлж чадахгүй байгаа хүмүүсийн төлөө үндсэндээ долоон сарын турш тэмцлээ. Тэгээд үр дүнг нь үзлээ. МАХН-ын гишүүн 26 мянган хүний хүсэл эрмэлзлэлийг биелүүлсэн. Бид хамтдаа тэмцээд МАХН нэрээ авсан нь том ялалт. Харин би МАХН-ын дэд даргын суудалд суух гэж тэмцээгүй. Зууны манлай намыг устгаж болохгүй гэж үзсэн учраас анхнаасаа тэмцсэн юм. Тэр тэмцэл маань үр дүнд хүрсэн учраас одоо УИХ-ын гишүүнийхээ ажилд идэвхтэй оролцоно. Энэ хаврын чуулганаар их чухал асуудлууд хэлэлцсэн. Үнэнийг хэлэхэд би хаврын чуулганд олигтой суусангүй шүү дээ. Сонгуулийн хууль, Таван толгойгоос эхлээд чухал асуудлуудад идэвхтэй оролцохгүй бол болохгүй. Ийм учраас МАХН-ын дэд даргын суудлаа намын нөхдөдөө түр үлдээж байна.

-Түр зуур юм уу?

-Түр гэсэн юм байж болохгүй л дээ. Ажлаа хүлээлгэж өгөөд их хурлын ажилдаа орно доо.

-МАХН-аасаа гарчихаж байгаа юм уу, үгүй юу?

-МАХН-ын гишүүн хэвээрээ байна. Намын өдөр тутмын үйл ажиллагаанд тэр болгон их оролцоод байж амжихгүй л гэсэн үг. Нам нэгэнт нэрээ авчихсан юм чинь намын бэлэн аппарат цаашид үйл ажиллагаагаа төвөггүй явуулчихна.

-Намын дэд дарга байх нь парламентын гишүүний ажилд тийм их саад болохгүй юм биш үү?

-Намаа бүртгүүлэх явцад намын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох зайлшгүй шаардлага байсан юм. Харин нам бүртгүүлсэн учраас тийм шаардлагагүй болгон. УИХ-ын гишүүний хувьд парламентын үйл ажиллагаандаа илүү цаг зарцуулах ёстой.

-Намын дарга, намынхан чинь энэ саналыг яаж хүлээж авсан бэ?

-Мэдээж бидний гол зорилго биелсэн. Одоо парламент дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлэх хэрэгтэйг бүгдээрээ ойлгож байгаа.

-Намын дарга Н.Энхбаяр МАХН нэрийг авахад таныг ашиглачихаад хөөж байгаа юм биш үү?

-Үгүй ээ. Тийм юм байхгүй. МАХН УИХ дахь улс төрөө идэвхжүүлэх цаг одоо ирж байна шүү дээ. Хэн хэнийг ашиглаад хөөдөг, тэрний хүн, энэний хүн гэж ярьдаг бохир улс төр чинь өмнөх 20 жилд байсан асуудал. Одоо бид цоо шинэ улс төр хийх гэж байна.

-Таныг МАН-ынхантай ямар нэгэн тохироо хийж, тэдний арганд орсон учраас МАХН-ын дэд даргаа өгч байна гэсэн хардлага ч бий?

-Үгүй ээ. Тийм бохир улс төр үеэ өнгөрөөсөн гэж хэлээд байна шүү дээ. Хэн нэгэнтэй тохироо хийдэг, шахалтад ордог гэх мэтийн асуудал ард хоцорсон. Одоо бол бүх зүйл хүний итгэл үнэмшлээр явах ёстой.

-МАХН УИХ дахь улс төрөө идэвхжүүлнэ гэхээр бүлэг байгуулна гэсэнтэй адил сонсогдоод байна…

-Бид дандаа эцсийн хувилбараар яриад байгаа байхгүй юу. Ийм туйлын зорилго одоогоор алга. Ер нь МАХН-д элсэх эрх нь хэнд ч нээлттэй.

-МАХН-ыг төлөөлөн парламентад суугаа танд бүлэг байгуулах үүрэг ногдож байгаа юм биш үү. МАН-ын гишүүдээс ганц нэгээр нь “урвуулах” ажлаа хийгээд эхэлчихээгүй юу?

-Тэр талаар ямар ч мэдээлэл алга.

-Тэгвэл МАХН-ын парламентад хийх улс төр юу юм бэ?

-Сонгуулийн хууль дээр ажиллах ёстой. Тийм учраас улс төрийн халуун үйл явдалд МАХН оролцох хэрэгтэй гэж үзэж байгаа. Сонгуулийн хуулиа өөрчилж пропорциональ тогтолцоо руу шилжье гэтэл өнөө л хуучин мажоритар руугаа буцъя гэсэн учраас одоо гацчихаад байна л даа.

-Сонгуулийн хуульд яаж оролцох юм. Танай нам алийг нь дэмжиж байгаа вэ?

-Намынхаа байр суурийг УИХ-д илэрхийлнэ. Байнгын хороонд санал оруулна. Үг хэлнэ. Бид холимог тогтолцоог дэмжиж байгаа. Тооны хувилбарын хувьд ямар нэгэн санал байхгүй. Холимог тогтолцоогоор явлаа гэхэд ямар ч тохиолдолд мажоритараар нэр дэвшинэ шүү дээ. Тийм учраас холимогийг сонгосноор пропорциональ хувилбарыг тусгаж байгаа нь өнгөрсөн 20 жилийн турш сонгууль явуулсан туршлагаасаа нэг шат ахина гэсэн үг. Хоёр нам ийм шийдвэр гаргавал манай нам дэмжээд явна. Дараагийн удаа улам шат ахиж цэвэр пропорциональ хувилбар руу шилжих байх. Уг нь пропорциональ тогтолцоо руу шилжвэл намуудын хариуцлага өндөржиж төлөвших юм л даа.

-Өөр ямар асуудлууд дээр анхаарлаа хандуулах вэ?

-Долдугаар сарын 1-нийг дахин давтуулахгүй байх талаар ард түмэнд байнга сануулж байх ёстой. Хүний эрх зөрчсөн энэ хэргийг яагаад шалгахаас айгаад эрх баригчид тойрч зугтаад байгаа бэ. Үүнийг асууж тодруулж шахна. Бид ингэж шахаж шаардахгүй бол иймэрхүү асуудлууд болж л байдаг гээд тоохгүй өнгөрдөг болох юм уу. Ийм буруу жишиг тогтож болохгүй. Ямар ч тохиолдолд төр иргэнийхээ эрх ашгийг хамгаалж байх ёстой. Гэвч энэ хэргийг шийдэж, хариуцлага хүлээх хүнийг нь олохын төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй байна гэдэг нь төр өөрөө буруутайн шинж шүү дээ.

-Таван толгойг 100 хувь ард түмэнд өгөхийн тулд юу хийх юм?

-Ухаа худаггүйгээр Таван толгойн асуудлыг яриад ард түмнийг төөрөлдүүлээд байна шүү дээ. Тэгэхээр ямар ч тохиолдолд Таван толгойн ордыг 100 хувь төрийн мэдэлд авах ёстой. Үүний дараа ард түмэнд эзэмшүүлэх асуудлыг яривал шударга болно шүү дээ. Тэгэхгүй ард түмэнд Таван толгойн тавны нэгийг өгөөд үлдсэнийг нь хувааж идэх асуудал байж болохгүй. Энэ талаар бид ярьж, уриалга гаргаж байна. Шаардлагатай бол энэ сэдвээр хурал зөвлөгөөн хийнэ.

-Танаар дамжуулж УИХ-д өргөн барих хуулийн төслийн санаа байгаа юу?

-Байгаа. Хэд хэдэн хуулийн төсөл бэлтгэчихсэн.

-Жишээ нь?

-Таван толгойтой холбоотой. Төр 100 хувь мэдэлдээ авч ард түмэнд тараах тухай тусгасан байгаа.

-Засгийн газрыг огцруулах асуудал тавих уу?

-Манай нам дөнгөж байгуулагдаж байгаа учраас энэ талаар нарийн яриагүй байна. УИХ-ын гишүүнийхээ хувьд хэлэхэд Засгийн газар нөөцөө шавхаад дуусчихсан гэж харж байгаа. Өмнөговийн уул уурхайн компаниудын бодлогын талаар Засгийн газраас явуулсан нэг хуралд би суулаа. Тэндээс Засгийн газар юу ч хийж чадахгүй байгаа нь харагдсан. Иргэний нийгмийн байгууллагын нэг төлөөлөгч Х.Баттулга сайдаас “Нүүрсний замыг нэг мөр тавиулчихгүй яагаад осол гаргаад байдаг юм бэ” гэхэд “Мөнгөтэй компаниуд нөлөөлөөд байхад би яаж чадах юм” гэж хариулж байсан. Сайд нь ингэж байхад өөр хэн тэр ажлыг хийж чадах юм бэ. Т.Ганди сайд ч их хариуцлагагүй юм ярьж байна лээ. Ер нь Засгийн газрын сайд нар өөрсдөө албан тушаалаасаа “больё” гэж хэлэх цаг болчихжээ.

-МАХН аль ч намтай нэгдэхэд бэлэн гэлүү?

-Аль нэг намтай нэгдэх ойлголт хэцүү л дээ. Хувь хүнд тийм бодол байж магадгүй. Нам бол хамтын шийдвэр гаргадаг байгууллага шүү дээ.

-Намын дарга Н.Энхбаяр тодорхой зүйлүүд дээр санал нэгдвэл аль ч намтай нийлж болно гэсэн юм ярьж байсан…

-Тэр бол байж болно. Улс орны эрх ашгийн төлөө хийхээр зорьж яваа манай намын үйл хэргийг дэмжиж байгаа улс төрийн хүчинтэй нэгдээд явж болно. Онолын хувьд байж болох асуудал. Гэхдээ практик дээр үүнийг намын нэгдсэн шийдвэрээрээ тогтооно.

-МАХН Ногоон намтай нэгдэж улс төрийн намуудын гуравт жагсах гээд онилчихсон юм биш үү?

-Аль нэг намтай нэгдэх асуудал одоогоор яригдаагүй.

-Танайх Их хуралдайгаа хэзээ хийх вэ?

-Ирэх даваа гаригт хийнэ. Ард түмний санал асуулгын хариуг танилцуулж, баталгаажуулна.

-Намын шинэ дэд даргаар хэнийг сонгох юм?

-Энэ бол намын дүрмээр зохицуулагдана. Намын Бага чуулганыг зарлан хуралдуулна. Тэгээд дэд даргыг сонгоно.

-МАХН МАН-тай өмч булаацалдахгүй гэлүү?

-Ардын намынхан “МАХН цоо шинэ нам шүү” гээд байгаа л даа. Тэгвэл насаараа МАХН-ын гишүүн байсан хүмүүс манайд байгаа шүү дээ. Ингээд ярих юм бол буцаад өмчийн асуудал руу орчих гээд байгаа юм. Гэхдээ бид өмч яриагүй. Харин тэд өөрсдөө өмчийн асуудал яриад байх юм. Тэгэхээр МАН-ынхан бидэнд өмч тасдаж өгөх гээд байгаа юм болов уу гэж бодоод байна. Манай намын ахмадуудад МАН өмч хуваах гээд байгаа юм болов уу гэж гайхаад байна. Өмчийн асуудал бол жижигхэн шүү дээ. Эрх баригчдын сонсдоггүй чихийг яаж сонсдог болгох уу. Амиа боддог занг нь өөрчилж, яаж ард түмнээ боддог болгох уу гээд бодох, хийх ажил их байхад өмч булаацалдах мэтийн жижиг асуудал яриад хэрэггүй.

-Танай намынхан чинь “Ийм сайхан байшин барьж өгсөнд баярлалаа” гэж МАН-ын У.Хүрэлсүхэд хэлсэн юм биш үү?

-Үгүй шүү дээ. Тийм зүйл байхгүй. Бид байр авах тухай ерөөсөө яриагүй. Ер нь намд ийм том байрны хэрэг байгаа юм уу. Ард түмэн том байртай болох ёстой. Намын үйл ажиллагаа чухал болохоос байр чухал биш шүү дээ.

-МАН-ынхан МАХН-ыг бүртгэсэн Дээд шүүх хууль зөрчлөө гэж үзээд байгаа л даа. Энэ талаар юу хэлэх вэ?

-Үндсэн хуулийн Цэц шийдвэрээ гаргаад өгчихсөн шүү дээ. Хуулийн дагуу МАХН нэрийг үргэлжлүүлэн хэрэглэж байгаа.

-Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэж та үзэх болсон байна лээ…

-Наад захын жишээ хэлье. Манай Үндсэн хуульд хүний эрх гэсэн 16 дугаар зүйлд 18 зүйл бичсэн байдаг. Гэтэл НҮБ-ын хүний эрхийн түгээмэл тунхаглалд 30 зүйл бичсэн байдаг. Монголчууд дэлхийн хүн төрөлхтний нийтлэг эдлэх эрхээс хэдийг нь дутуу эдлээд байгаа юм бэ. Ийм Үндсэн хуультай байж болох уу. Манай Ц.Нямдорж сайд ч хүчний байгууллагынхандаа хандаад мэндчилгээ дэвшүүлэхдээ хэлсэн байна лээ. “Монголд хууль ёсоор оршин сууж байгаа гадаад иргэд тэгш эрхтэй” гэж. Тэгэхээр монгол хүн, гадаад хүн хоёр Монголд ижил эрх эдлэх нь ээ. Улс төрчдийн хамгаалалтад байдаг мөнгөтэй гадаадынхан монголчуудаас давуу эрхтэй гэдгийг Ц.Нямдорж сайд сануулсан байна. Үндсэн хуулийн доголдлыг манай улстөрчид гадаадынхны эрх ашгийн төлөө ашигладаг нь эндээс харагдаж байна.

Я.Мөнгөнцэцэг


URL: http://www.fact.mn/18785.html

Tags:

Сэтгэгдэл бичих