Хятадууд Монгол биеэ үнэлэгчидтэй унтах гэж Эрээн рүү жуучилдаг
Хүн худалдаалах, ялангуяа эмс охид, насанд хүрээгүй хүүхдүүд секс зуучлалд өртөх тал дээр Монгол улс олон улсын төвшинд жинтэй байр суурь эзлэх болов. Эрээн, Хөх хот, Бээжинд ширээний хүүхэн хийж, Макао, Тайланд, Тайваньд хар тамхи, хүний наймааны хохирогч болж буй Монгол охид нэмэгдсээр байна. Жилд 3000-5000 орчим Монгол охид, бүсгүйчүүд хятадын томоохон хотуудаар дамлагдан худалдагдаж, янхны газрууд, саун массаж, баар ресторанд ажилладаг. Энэ тухай нэгэн америк эр эртний үлэг гүрвэлийн яс, янхны газруудаараа нэрд гарсан Эрээн хотын амьдралтай танилцсан сурвалжлагадаа тэмдэглэжээ.
“Хятад эрчүүд Монгол биеэ үнэлэгчидтэй унтах гэж Эрээн рүү ирцгээдэг. Нэг шөнийн үнэ нь 300 юань буюу 55 ам.доллар байдаг. Орлогынхоо 30 хувийг тэд зуучилсан эзэндээ өгдөг гэнэ. Хятад эзэнтэй, ариун цэврийн шаардлага хангаагүй бохир нэгэн янхны газар ажилладаг хоёр Монгол бүсгүйтэй ярилцахад тэдний нэг нь өвөрмонгол эртэй Хөх хотод амьдрахаар ирсэн боловч удалгүй салж мөнгөгүй болсны улмаас Эрээнд биеэ үнэлэх болсон. Нөгөө нь Бээжинд караоке бааранд ажиллах гэрээтэй ирсэн ч хүчээр биеийг нь үнэлүүлэх болж хууртагдсанаа мэдэн арай хийн оргож явсаар Эрээнд иртэл паспорт, мөнгөгүйн улмаас биеэ үнэлэхээс аргагүйд хүрсэн тухайгаа ярьжээ. Америк эрийг Эрээний зах дээр явж байхад нь дунд эргэм насны нэгэн Өвөрмонгол авгай Монгол охид санал болгосон төдийгүй, орчуулагч бүсгүйтэй нь ярилцан Монголоос шинээр охид авчирвал 2000 юань буюу 300 мянган төгрөгөөр тус бүрт нь бодож худалдан авах санал тавьсан гэнэ. Одоогоор Эрээнд 300 орчим Монгол бүсгүйчүүд биеэ үнэлэн амьдардаг. Байшин барилга нь сүндэрлэж, орчин үеийн гоёмсог хотын шинжийг илтгэх Эрээн хот, дөнгөж хил даваад орших 1800-гаад оны Америкийн хөдөөгийн нэгэн суурингийн дүр төрхийг санагдуулам Замын-Үүд хоёрын харьцаанаас Хятад, Монголын хөгжлийн ялгааг олж харж, Монгол охид Эрээн рүү хуйлрах болсныг ойлгомжтой зүйл хэмээжээ.
Н.Нараа’
agshin.mn
URL: