Гишүүд маань босго мөн хаанаас яаж “хусна” даа
Шотландын сэтгэгч Адам Смит “Өмчийн тогтолцоо нь хүн төрөлхтнийг дэлхий дээрх бусад амьтдаас ялгаж байдаг” гэжээ. Тэгэхээр хөрөнгө орлогоо мэдүүлж, хүн гэдгээ мэдрүүлж байгаа төрийн өндөр албан хаагчдын заримынх нь халаас нимгэнд ихэд санаа зовох юм. Санаа зовсны учир нь намууд нэр дэвшигчдийнхээ эрхийн мандатын үнийг нэмчихлээ л дээ. Ардчилсан намын босго мөнгө 50, МАН-ынх 100 сая гээд тогтоочихсон байдаг. Тэдний заримынх нь Хөрөнгө орлогын мэдүүлгийг сөхөж харвал юун 50,100 сая төгрөг байх вэ, нэг сая төгрөггүй ч хүн байх юм. Заримынх нь данс бүр улайчихсан “цохиж” явна. Эднийг мөнгө төгрөггүй яана даа гэж айж байгаа хэрэг биш л дээ. Намынхаа босго мөнгийг хаанаас өгөх бол гэж айж сууна. Шуудхан хэлэхэд хаанаас, хэнээс хулгай хийх гэж байгаа бол гэж тэр.
Саяхан МАН-ын бүлгийн дарга болсон УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин хадгаламжиндаа 500 мянган төгрөгтэй, “Лексус-470″ автомашинтай гэж мэдүүлжээ. Түүний нэг жилийн орлого нь 10.892.1 төгрөг, гэр бүлийн гишүүдийн орлого нь 36.480.0 төгрөг бөгөөд гишүүн маань газар тамгалах малгүй аж. Тэгэхээр Ө.Энхтүвшингийн хувьд намдаа өгөх 100 сая төгрөгийг хаанаас гаргах вэ гэдэг нь ихэд сонирхол татав. Хөрөнгө орлогоо мэдүүлснээс харахад өөрийнхөө болон гэр бүлийнхээ гишүүдийн орлогыг нэмэхэд 40 гаруй сая төгрөг болж байгаа юм. Тэгээд дансанд байгаа 500 мянгаа нэмнэ. Ахиад л дутахаар нь арга буюу ганц хөл дүүжилдэг унаагаа зараад ч бас л дутах нь. Ингэхээр чинь хулгай хийж, худлаа хэлэхээс өөр ямар арга байна вэ. Танил нэгнээсээ гуйхаар цаадуул нь нүүр буруулна шүү дээ. Тэгээд ч гарч ирэх магадлал бага болсон хөгшин гишүүдийн алгыг дээш харуулчих хүн ховор биз ээ. Ядахад МАН-ын босго мөнгө маш их юм.
Гэтэл банкир гишүүн О.Чулуунбат хадгаламжиндаа юу ч байхгүй, дансаа улайсгачихсан гэсэн мэдүүлэг өгчээ. Харин Ө.Энхтүвшингээ бодоход хоёр машинтай юм билээ. Харин АН-ын С.Эрдэнэ хадгаламжиндаа 2.011.4 төгрөгтэй юм. Намдаа өгөх босго мөнгөний дэргэд бол хоёр төгрөг л гэсэн үг. Харин “Ланд круйзер-200″, “Ниссан экстрайл” маркийн хоёр машинтай бол 48 адуу, 14 үхэр, 172 адуутай ажээ. Бас ч гэж бусдыгаа бодоход малтай юм болохоор гайгүй. Мөнгөний эрэлд хатаж, бас дахин Авлигатай тэмцэх газарт шалгуулж байхаар хэдэн үхрийн махтай “Хүчит шонхор” зах дээр хэд хоноход босго мөнгөө хийчих нь байна шүү. Эдний намд Х.Тэмүүжингээс эхлээд хоосон гарууд олон байна. Яаж хаанаас, хэнээс хулгай хийхээ л бодож суудаг байх даа.
Нэр дэвшигчдийн мөнгийг босгодог хувийн хэвшлийнхэн ч хэнд мөнгө өгөх нь ашигтай вэ гэдгээ сайтар тунгаадаг болчихсон. УИХ-д сонгогдоод бусдын асуудлыг бүү хэл өөрийнхөө асуудлыг зохицуулж чадахгүй нөхдүүд олон бий. Тэдний алгыг дээшээ харуулчих бизнесмэнүүд байхгүй л болов уу. Жишээлбэл, нэг барилгын компанийн захирал нэр дэвшигчийн сонгуульд хэрэглэх 200 сая төгрөгийг өгчихлөө гэхэд түүнийгээ хоёроос дээш нугалж авах эрмэлзэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, орон сууц хөтөлбөрт багтах, барьсан чанар муутай барилгаа Засгийн газарт шахах гээд багагүй асуудал бий.
Шавар, тоосго болгочихсон мөнгөө Засгийн газраас нугалж авах гэсэн санаа л даа. Энэ мэт зүйлийг бүтээдэг гишүүд бол Засгийн газар, УИХ-д асуудлаа зүтгүүлж чаддаг, бусад гишүүддээ нөлөөтэй, тэдэнтэйгээ хамтраад асуудлаа шийдэж чаддаг байх ёстой. Гэтэл зөвхөн бор ходоодоо болгоод явдаг нөхөд олон бий шүү дээ.
Энэ мэт зүйлийг олоод харчихсан бизнесмэнүүд хэнд хэдэн төгрөг өгч хэд болгож авахаа аль хэдийнэ тооцсон суугаа. Ялангуяа МАН-д ахин гарч ирэхгүй болсон нөхдүүд олон бий. Нэгэнт сонгуульд бүдрэх нь тодорхой болчихсон нөхдөд хэн мөнгө өгөх вэ. Ёстой өнөө салхинд хийсгэнэ гэдэг л болно биз дээ. Тэгэхээр нөлөө багатай гишүүдэд мөнгө олдохгүй ихэд зовоох нь.
Энэ мэт мандатынхаа мөнгийг хаанаас олохоо мэдэхгүй манарч байгаа нөхөд АН-д ч бий, МАН-д ч олон бий. УИХ-ын гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх гэж байгаа нь ч сонгуулийн мөнгөтэй л холбоотой шүү дээ. “Сүмбар” компани Д.Дондог гишүүний хооронд энд дурьдаад байгаа шиг л асуудал үүссэн хэрэг.
“Монголын мэдээ” сонин С.УУГАНБАЯР
URL: