Ард түмний нуруун дээр ачаа үүрүүлэх “тонуулч” төсөв болжээ
С.Бямбацогт: Ард түмний нүд, чих, сэтгэлээр битгий тоглооч ээ
Өнгөрөгч баасан гаригт хуралдсан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл ирэх оны төсвийг буцаан татаж, шинэ бүтэцтэйгээ уялдуулан хуульд нийцүүлэн дахин оруулж ирэхийг шаардсан МАН-ын бүлгийн саналыг хүлээж авч, Засгийн газар ч төслөө татан авлаа гэж мэдэгджээ. Гэтэл Засгийн газар хэлснээ хэрэгжүүлэх нь бүү хэл өргөн барьсан төслийнхөө ганц хоёр хуудсыг сольж өөрчлөх тухай ярьж байгаад МАН-ын бүлэг шүүмжлэлтэй хандаж байна. Хэрвээ ирэх оны төсвийн төслийг эргүүлэн татах бус ганц хоёр хуудас сольсон байдлаар өөрчилбөл ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нар хууль зөрчсөн асуудал үүснэ гэж МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт анхаарууллаа. Үүний зэрэгцээ Засгийн газрын өргөн барьсан ирэх оны төсвийн хуулийн төсөл нь ард түмний нуруун дээр ачаа нэмсэн, “тонуулч” төсөв болсныг сануулж, төсвийн хуулийн төсөлд засвар оруулж, дахин өргөн барихыг эрх баригчдаас шаардаж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр “Хямралтай үед аль болох ард иргэдийнхээ бодит орлогыг дэмжсэн төсөв оруулж ирэх ёстой. Гэтэл Засгийн газар гаднаас авсан “Чингис”, “Самурай” бондын зээлээ төлөхийн тулд татвар нэмэх замаар ард олныхоо халаас руу гар дүрж болохгүй” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
Мөн “Эрх баригчдын үгэнд цадвал цадахаар боллоо. Харамсалтай нь цаддаггүй юм байна. Сэтгэл, нүд, чихээр минь бага тоглооч ээ. Гэдэс, толгой маань хоосорч дууслаа” гэж төр засагт уламжилж өгөхийг хүссэн иргэдийн үгийг ч энэ үеэр дахин санууллаа.
Ерөнхий сайд нь худалч, одоо бүр танхимын сайд нь хүртэл улаан цайм иргэдээ хуурсан мэдэгдэл хийж байгааг МАН-ын бүлгийн дарга шүүмжлэв. Учир нь ирэх оны төсөвт цалин тэтгэврийг 2.5 дахин нэмэгдүүлнэ гэж Ч.Улаан сайд мэдэгдсэн. Гэтэл төсөвт суулгасан гэх 500 тэрбум төгрөг нь бодит байдал дээр цалин тэтгэврийг 2.5 дахин нэмэгдүүлэх хэмжээний мөнгө огт биш. Тиймээс ард түмнийг хуурч, тархи угааж болохгүйг ч тэрээр санууллаа.
Д.Оюунхорол: Татварыг хоёр дахин нэмэх гэж байна
Дөрвөн төрлийн татвар нэмэгдүүлэх чиглэлээр эрх бүхий албан тушаалтнууд зөрүүтэй мэдээлэл өгч байгаа учраас энэ талаар бодит мэдээллийг өгөхийг МАН-ын бүлгээс сэтгүүлчид хүссэн юм. Ирэх онд дөрвөн төрлийн татварыг нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгасан бөгөөд газар, орон сууц, тээврийн хэрэгслийн татварыг хоёр дахин, малын хөлийн татварыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж, хотод амьдардаг иргэнээс татвар шинээр авахаар оруулж иржээ. Энэ талаар бүлгийн дэд дарга Д.Оюунхорол тодорхой жишээгээр тайлбарласан юм. Жишээлбэл:
1. Малчин өрх, мал бүхий этгээдийн албан татвар. Малын хөлийн тоогоор хонин толгойд шилжүүлэн татварыг 0-1000 төгрөгийн хязгаарт багтаан аймаг, нийслэлийн ИТХ-аас тогтоохоор төсөлд тусгажээ. Нэг хонинд 500 төгрөгөөр тооцоход 3 ам бүлтэй, 250 хоньтой айл жилд 95000 төгрөгийн татвар төлөх юм байна.
2. Харин үл хөдлөх хөрөнгийн татварын дээд хязгаарыг хоёр дахин нэмэгдүүлэхээр тооцжээ. Өмнө нь 0,6- 1,0 хувьтай татвар байсныг 0,6-2,0 хувь хуулийн төслөөр болгож байгаа. Жишээ нь, хотод 80 сая төгрөгийн үл хөдлөхтэй хүн жилд 800 мянган төгрөгийн татвар төлж байсан бол 1,6 сая төгрөг төлөх юм байна.
3. Тээврийн хэрэгслийн татварыг Улаанбаатар, Дархан уул, Орхон аймгийн төвүүдэд ногдуулж, татварын дээд хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр төслийг боловсруулжээ. Жишээлбэл, манай ард иргэдийн нийтлэг унадаг Pruis суудлын автомашины татвар 36 мянгаас 72 мянган төгрөг болж нэмэгдэх ажээ.
4. Нийслэл хотын татвартай болно. Татварын хувь хэмжээг НИТХ шийдвэрлэх юм байна.
“Засгийн газар өр зээлийн хэмжээгээ нэмж тансагласаар байгаад одоо өрөө төлж чадахгүйд хүрэхээрээ эргээд ард түмнээс авдаг татвараа нэмэгдүүлэхээр зэхэж байна. Тиймээс энэхүү мэдээллийг үнэн зөв, бодитоор нь ард иргэдэд дамжуулж өгөх”-ийг тэрээр хэвлэл мэдээллийнхнээс хүссэн юм. Мөн ирэх оны төсвийн төслийг эргүүлэн татаж, хуульд нийцүүлэн дахин өргөн барих шаардлагыг МАН-ын бүлэг Ерөнхий сайдад хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
Ч.Хүрэлбаатар: Хямралтай үед татвар нэмдэг жишиг дэлхийд байхгүй
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ирэх оны төсвийн төсөлд дөрвөн төрлийн татварыг нэмэгдүүлэхээр оруулж ирсэн нь гишүүдэд тараасан төсвийн төслийн багц номонд хэрхэн тусгасныг жишээгээр тайлбарлалаа. Тэрээр “Ард түмний амьдрал хүнд, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нэрвэгдсэн, ажилгүй иргэдийн тоо өссөн үед энэ байдлыг засах уу, үгүй юу гэдгийг шийддэг зүйл бол төсөв. Энэ хоёр бодлогын бичиг баримт сарын дотор УИХ-аар батлагдах ёстой. Гэтэл хуулийн төсөлд эдийн засгийн хүндрэлт байдлыг даван туулах арга хэмжээг тусгаагүй. Зөвхөн монголчуудын өрийг нэмэгдүүлэх, иргэдээс дөрвөн төрлийн татвар нэмж авах санал оруулж ирсэн. Эдийн засаг хямралтай, ард түмний амьдрал хүнд үед татвар нэмэгдүүлнэ гэсэн бодлого гаргадаг эрх баригч дэлхийн аль ч улсад байхгүй. Татвар төлнө гэдэг бол ард түмэн, аж ахуйн нэгжүүдийн халааснаас авна л гэсэн үг. Ард түмэн ирэх оны төсөв бидний амьдралд яаж наалдах вэ, аж ахуйн нэгжүүд бидэнд ямар ахиц дэвшил авчрах вэ гэж хүлээж суугаа. Гэтэл ард түмний нуруун дээрх татварыг хоёр дахин нэмнэ гэсэн бодлогын баримт бичиг оруулж ирж байгаа учраас МАН-ын бүлэг энэ төсвийн хуулийн төслийг эсэргүүцэж байна” гэлээ.
Мөн МАН-ын бүлгийн хуралдаанаар Нийтийн сонсголын тухай болон Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, ажлын хэсэг байгуулахаар болов.
URL: