Дээд шүүх Н.Очирбатад 82 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэв

download-213

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар энэ сарын 9-ний өдөр Н.Очирбат, Б.Хулан нарын нэхэмжлэлтэй “Хурилдуур” ХХК, “Баганат өргөө групп” ХХК-иудад холбогдох иргэний хэргийг хэлэлцжээ. Шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна. Ингэснээр Н.Очирбат, Б.Хулан нарт “Баганат өргөө”, “Хурилдуур” ХХК-иудаас гэм хорын хохиролд 82 сая төгрөг гаргуулахаар болжээ.

Хэргийг сануулахад, Н.Очирбат нь “Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн бүлгийн даргаар ажиллаж байхдаа 2012 оны есдүгээр сарын 7-ны өдөр ангийн захирагч А.Батмөнхийн тушаалаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Бөхийн өргөөний баруун урд байрлалтай “Хурилдуур” ХХК-ийн харьяа “Эрин” эмнэлгийн барилга дээр 11 ахлагчийн хамт ажил үүрэг гүйцэтгэсэн. Гэтэл 10.00 цагийн үед хажуу талын “Баганат өргөө” ХХК-ийн барьж буй барилгын 12 давхраас тулгуур төмөр унаж, Н.Очирбатын дух, нүүрний хэсгийг онож, тархи болон нүүр, хацрын яс нэлэнхүйдээ бяцарч хүнд гэмтэл авч байсан.

Тэрбээр “осолд орсноосоо хойш БНХАУ, Энэтхэг улсад явж эмчилгээ хийлгэсэн боловч өрөөсөн нүд сохорч, үнэрлэх амтлах чадваргүй болж, нүүрний гоо сайхан засаршгүйгээр гэмтэл учирсан. Ийм учраас БНСУ-ын “Тэжон Сон” эмнэлэгт 2013 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хэвтэж, наймдугаар сарын 6-ны өдөр хагалгаанд орж, зовхинд мэдрэл шилжүүлэн суулгах, хамар хацрын хугаралтай ясыг тэгшлэх, сорви арилгах клиник болон пластик хагалгаа хийлгэж, 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл эмчлүүлсэн. Эмчилгээний зардалд нийт 82 сая төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү”  гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх дээрх хэргийг 2014 оны гуравдугаар сарын 19-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд хариуцагч “Баганат өргөө групп”, “Хурилдуур” ХХК-иудаас тус бүр 28.912.868 төгрөг, нийтдээ 57.825.736 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Очирбат, Б.Хулан нарт олгож, нэхэмжлэлээс 24.174.264 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

shuud.mn

Гэтэл Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр мөн хэргийг хянан хэлэлцээд Н.Очирбат, Б.Хулан нарын нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байжээ. Харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг дээрх байдлаар шийдвэрлэсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих