Д.Батцогтын болчимгүй улстөр
Далайн чанад, МАХН-ын дарга Н.Энхбаяр Солонгос улсаас улстөрийн орогнол хүссэн мэдээлэл цацуулж байхад энд “Шударга ёс” эвсэл, МҮАН-аас Д.Батцогт татгалзаж, АН-д орогнол хүсч байгаагаа албан ёсоор дуулгав. Н.Энхбаярын орогнол хүссэн мэдээлэл монгол даяар ид шуугиан тарьж байхад экс Ерөнхийлөгч Буянт-Ухаад хөл тавьж байв. Сайхан л тохируулга, улстөрийн хамгийн наад захын туршлага гэж энэ. Харин Д.Батцогт яг энэ үетэй дөрөө харшуулан орогнолыхоо тухай зарласан нь газар авсангүй. Тэр ийм мэдрэмжгүй улстөрч үү, эсвэл мэдээлэлгүй суудаг нөхөр үү. Магадгүй, түүнийг сонирхох хүн үгүй ч байж мэднэ.
Уг нь Н.Энхбаярын энэ сенсаациас арай хол орогнолынхоо тухай мэдэгдсэн бол нийгэмд гайгүй тархах байлаа. Гэвч түүний энэхүү орогнол экс Ерөнхийлөгчийн сүрэнд дарагдаад алга болов. Одоо бол Д.Батцогт гишүүн нь АН-ынх уу, МҮАН-д харъяалагддаг уу гэдэг сонин биш. Магадгүй, анхнаасаа хүмүүсийн чих, нүдэнд ийн хийж чадаагүй учраас айсуй сонгуулиар ч аль намынх вэ гэдэг тал дээр сонгогчид будилахаар болов.
Энэ ч дүүрсэн хэрэг. Ингэхэд Д.Батцогт чухам яагаад АН-ыг сонгох болов. Ямар итгэл үнэмшлээр ийнхүү хөрш намаасаа орогнол хүсдэг билээ гээд олон асуудал хөндөгдөж таарна. Уг нь тэр, 2012 оны сонгуульд Ховд аймагт “Шударга ёс” эвсэл МҮАН-ын нэр дээрээс өрсөлдөж ялалт байгуулсан. Гэвч залуу улстөрчийн хувьд тэр айсуй 2016 оны сонгуульд “Шударга ёс” болон МҮАН бол юу ч биш хэмээн үзсэн нь илт. Нөгөө талаар алс хэтдээ ийм улстөрийн хүчин гэж байхгүй болно гэдгийг хэлж өглөө. Тэгэхээр хойшид “Шударга ёс” эвсэл гэж үгүй гэдгийг эрх биш тогоон дотор байсан нь улстөрч мэдэж таарна. Энэ бол түүний сонголт.
Гэтэл Д.Батцогт АН-д нэгдэснээр чухам хэн болох вэ гэдэг асуудал зүй ёсоор ургаж таарна. АН түүнийг хадгаа дэлгэж угтаад хоймор эзлүүлэхгүй нь л лав. Байгаагаа шингээж чадахгүй хоорондоо зодолдож байгаа бүлэглэлд уг нь тэр хамгийн хэрэггүй хүн. Яг МАН-аас АН-д орогнол хүсч очсон Д.Арвин шиг л сулын сул хэнд ч хэрэггүй нэг гишүүн байсаар дуусах байх. Тодруулбал, түүнд ямар нэгэн ямбаны суудал өгөхгүй гэсэн үг. Тэр хэзээ ч сул гишүүн хэвээр байсаар 2016 онтой золгоно. Ялгаагүй, Ховд аймагт, АН-ын нэр дээрээс зодоглоно. 2012 онд ховдчууд Н.Энхбаярыг өрөвдөж, “шударга ёс”-чуудад нэг удаа итгэл хүлээлгэсний учир л тэр өнөөдөр УИХ-д сууж байгаа. Түүнээс биш тэр энд байхгүй байсан биз.
Харин эргээд АН-аас нэр дэвшээд очихоор ховдчууд бараг чулуугаар шидээд хөөх байлгүй дээ. Ядахад АН-ынханы нэр хүнд ямар байгааг мэдэрдэггүй юм байх даа. Ховдчууд түүхэндээ АН-ыг сонгож байгаагүйн дээр улам ч итгэл нь алдарсан нь юу юунаас илүү харагдаж баймаар юм.
Тэгэхээр энэ залуу чухам ямар зам сонгосон болоод ийнхүү АН-ыг бараадав. Юутай ч түүнд намын жагсаалтад дээгүүр эрэмбэ эдлүүлэхгүй. Уг нь тэр АН-ыг сонгохдоо З.Энхболдыг, Ардчилсан хүчний холбоог бараадсан байна лээ. Бодоход АН-ын дараагийн дарга З.Энхболд, магадгүй Ерөнхий сайд гэж мөрөөдсөн нь илт. Ийм л болчимгүй улстөрийг тэр хийж. Ирээдүйд бүү хэл одоо байх эсэх нь тодорхойгүй намын юунд нь итгэж ирснийг мэдэх юм алга.
Яаж ч бодсон алс хэтдээ “Шударга ёс” эвсэл нь түүнд өлзийгөө өгөх л байсан болов уу. Яагаад гэхээр МАХН-ын ард Н.Энхбаяр, МҮАН-ын ард М.Энхсайхан нар байгаа шүү дээ. Энэ хоёр эрхэм хэзээ ч байх МАН АН хэмээх хоёр хүчний угшилтай. Цаг ирэхэд хэн нь ч хэнтэйгээ ч хамтарч чадах тийм л улстөрийн нөхцлийг сайтар мэдэх нөхдүүд. Зарим зүйл дээр өнөөдөр хамт ажиллаж байгааг бид бүхэн мэднэ. Ийм л улстөрийн нөхцөл байдал дунд болчимгүй алхам хийчихэв үү гэж харж болохоор.
Н.Дөл
URL: