Өмнөд Солонгос байлдааны бэлэн байдалд шилжив

148088-13102014-1413179520-318176148-gl0toil8

Хойд болон Өмнөд Солонгосын харилцаа хурцадмал байгаа. Энэ сарын 7-нд Өмнөд Солонгосын байлдааны хөлөг онгоц болон Хойд Солонгосын эргүүлийн онгоц Шар тэнгис дэх газар нутгийн маргаантай бүс нутагт харилцан гал нээлээ.

Хойд Солонгосын зүгээс өсөн нэмэгдэж буй цэргийн аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд Өмнөд Солонгос Шар тэнгисийн хилийн ойролцоо цэргийн нэмэлт зэр зэвсэг байрлуулсан байна. Энэ талаар тус улсын Зэвсэгт хүчний штабын дарга нар мэдээлснийг иш татан ИТАР-ТАСС дамжууллаа.

Хойд Солонгос сүүлийн үед цэргийн ажиллагаагаа өргөжүүлж байгаа бөгөөд тэдний талаас ирэх гэнэтийн дайралтын үед байлдааны бэлэн шилжих зорилгоор Шар тэнгисийн хилийн орчимд хуягт машин болон цэргийн бусад нэмэлт техникүүдийг илгээн, хариу үйлдэл үзүүлэх төлөвлөгөө боловсруулжээ. Энэ тал дээр Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчин АНУ-тай нягт хамтран ажиллаж байгаа аж.

Эргэн сануулахад 2010 оны арваннэгдүгээр сард Шар тэнгис дэх Өмнөд Солонгосын Енпхендо арлыг Хойд Солонгосын тал их буугаар буудсан юм. Энэ үеэр өмнөдийн хоёр иргэн, хоёр цэргийн албан хаагч амиа алджээ. Хойд Солонгос тэр үед тус арлын ойролцоо цэргийн сургуулилтын буудлага хийсэн гэж мэдэгдэж байсан юм.

Мөн үүнээс өмнө энэ бүс нутагт Өмнөд Солонгосын “Чхонан” усан онгоц живж, 46 хүн амиа алджээ. Сөүлийн талаас усан онгоцыг умардын цэргийнхэн живүүлсэн гэж үзэж байсан юм.

Үүнээс гадна он гарсаар БНАСАУ пуужингийн цуврал туршилт хийсээр байгаа. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Хойд Солонгосын зүгээс энэ онд нийт 50 гаруй пуужин харважээ.

Ийнхүү олон тооны пуужин харвах болсныг шинжээчид энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр эхэлсэн Өмнөд Солонгос болон АНУ цэргийн хамтарсан сургуулилттай холбон тайлбарлажээ. Энэхүү сургуулилтыг Сөүл, Вашингтоны зүгээс Пхеньянд довтлох бэлтгэл гэж үзэж байна.

Түүнээс гадна Пхеньян цөмийн зэвсгийн дөрөв дэх туршилт хийх төлөвлөгөөтэй буйгаа гуравдугаар сарын сүүлчээр мэдэгдсэн нь Солонгосын хойгийн нөхцөл байдлыг улам хурцатгав.

Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй болсноо 2005 онд зарласан бөгөөд 2006, 2009, 2013 онд цөмийн зэвсгийн туршилт хийжээ.

gogo.mn


URL:

Сэтгэгдэл бичих