О.Магнай: Бидний эсрэг байгаа шүүгчдийн нэрийг зарлаж байна
ШӨХТГ-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус газрын дарга О.Магнайгаас зарим зүйлийг тодрууллаа.
-Банкууд ШӨХТГ-ыг шүүхэд өгсөн гэлээ. Энэ талаар тодруулъя?
-Өнгөрсөн хавар ШӨХТГ-аас арилжааны банкуудад иргэдээс ирсэн гомдлын дагуу шалгалт хийсэн. Зээл авахад 0.25-1 хувийн, дээрээс нь 1000-40000 төгрөгийн шимтгэл хураамж авдаг гэсэн гомдол иргэдээс манайд ирсэн. Банкууд энэ зөрчлөө үйл ажиллагааны зардал гэж тайлбарлаж байгаа юм. Гэхдээ нэг тэрбум, хоёр тэрбум төгрөгийн зээл олгоход үйл ажиллагааны зардлын хооронд тэгж их зөрүү гардгийг би ойлгохгүй байна. Энэ бүхнийг болиулах албан шаардлага хүргүүлсэн. Арилжааны банкууд энэ албан шаардлагын эсрэг шүүхэд хандсан. Энэ сарын 15-нд шүүх хурлын тов гарсан байна. Энэ бүгдийг олон нийтийн анхаарлын төвд оруулбал шүүхийн шийдвэр шударга гарах болов уу гэсэн үүднээс та бүхэнд энэ мэдээллийг хүргэж байна.
-Шүүхийн шийдвэрийг шударга бус гарна гэж та үзэж байна уу?
-Өнгөрсөн хугацаанд манай байгууллагатай холбоотой 9 асуудал шүүх дээр гацаж байна. Би шүүгч нарын нэрийг хэлэхээр бэлдсэн. Эдгээр шүүгч нар шүүх хурал бүр дээр манай байгууллагын эсрэг, мөнгөтэй төгрөгтэй эрх мэдэлтэй комдпаниудын талд шийдвэр гаргаж байна. Есөн удаа ийм хэрэг гарсан болохоор би тэсэхгүй үүнийг хэлж байгаа юм шүү гэдгийг анхааруулж байна. Анхан шатны шүүхийн Лхавгасүрэн, Эрдэнэчимэг, Оюунгэрэл, Батзориг, Адьяасүрэн гэж шүүгчид, давж заалдах шатны шүүхийн Тунгалагсайхан, Зоригтбаатар, Хонинхүү, Цогт, Энхмаа, Батбаатар, Халиунбаяр, Зандраа, Сумъяа, Мөнхтуяа, Цэцэгээ нар манай шүүхээр явсан 9 асуудал дээр манай эсрэг шийдвэр гаргалаа.
-Шүүгч нарыг авлига авсан гэж үзэх үндэслэл бий юу?
-Авлига авсан гэж хэлээгүй. Манай эсрэг шийдвэр гаргаад байгаа болохоор дахиад ийм шийдвэр гаргах магадлалтай гэж үзэж энэ бүхнийг ярьж байна. Манай эсрэг шийдвэр гэдэг нь хэрэглэгчид, олон нийтийн эсрэг шийдвэр гаргасан гэсэн үг. Тухайлбал, барилгын метр квадраттай холбоотой асуудал буюу “Тайгам-Алтай” гэх компанийн асуудлыг шүүх дээр дөрвөн сар сунжруулж, буцаасан. Мөн нөгөө талын илт хууль бус нэхэмжлэлийг асуудал болгож тавьдаг. Тиймээс эдгээр хүмүүсийн нэрийг нэрлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсч байна.
-Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны үнийг нэмсэнээ ШӨХТГ-т хамаагүй гэж мэдээлсэн. Энэ асуудал юу болсон бэ?
-Эрчим хүчний зохицуулах хорооныхон цахилгаан үнийг таван төгрөгөөр нэмсэн. Үүнийг бид хууль зөрчсөн гэж үзсэн. Тиймээс таван төгрөгөөр нэмсэн асуудлаа хүчингүй болго гэсэн шаардлага явуулсан. Тухайн үед тэд хэвлэлийн хурал хийж, манай байгууллагаас явуулсан шаардлагыг хүлээж авахгүй гэж мэдэгдэж байсан. Гэвч надад С.Отгонбаяр даргаас өнгөрсөн баасан гарагт бичиг явуулсан. Таван төгрөгөөр нэмсэн асуудал буюу энэ оны 8 дугаар сард баталсан хууль хүчин төгөлдөр бус болсон. Тэгэхээр эрчим хүчний үнэ таван төгрөгөөр нэмсэн асуудал хүчингүй болсон гэсэн үг. Гэхдээ өнгөрсөн сарын айл өрхүүдийн эрчим хүчний үнэ таван төгрөгөөр нэмэгдэж гарсан. Үүнийг бид ирэх сараас иргэдэд яаж буцааж олгох вэ гэдэг асуудлыг ярилцаж байгаа. Гэхдээ бэлнээр буцаана гэж байхгүй. Дараа сарынх нь төлбөрөөс хасах талаар ярилцана.
-Иргэдээс өөр ямар гомдол мэдээлэл ирсэн бэ?
-МХЕГ-аас хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуй нэгжүүдэд шалгалт хийж, хортой бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна, гэхдээ нэрийг нь хэлэх боломжгүй байна гэж хэвлэлийн хурал хийсэн. Үүний дараа яагаад хортой бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэчихээд нэрийг нь хэлэх боломжгүй гэж байгаа юм бол. Үнэхээр хортой бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бол түүнийг нь зарлах хэрэгтэй гэж үзэн МХЕГ-т шаардлага хүргүүлсэн. Гэвч НМХГ-ын дарга “Тийм зүйл байхгүй. Манай нөхөд иргэдэд буруу мэдээлэл хүргэсэн байна билээ” гэсэн хариу илгээсэн. Үүнд НМХГ-ын дарга хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ нь НМХГ-ын нөхдүүдийн хийсэн хариуцлагагүй үйлдэл юм.
medee.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Шүүх засаглал гэж Монгол Улсад байхгүй шдээ, саяхан цалингаа 4 сая болгосон гэсэн бх шүү. Дэндцэн новшнууд