Ч.Улаан “улайхдаа” Засгийн газар “ЭЗЭН-100”-ийн үр дүнд сэтгэл дундуур байгааг батлав

zaluu_543b5bb3b9732_1-Бүтцийн өөрчлөлтийн эдийн засгийн үр дүн 1.2 тэрбум төгрөг гэдэг нь чамлалттай бус уу-

Сангийн сайд Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн үр дүнг төгрөгөөр хэмжихэд 1.2 тэрбум төгрөг байх нь гэлээ. Энэ тухайгаа тайлбарлахдаа “УИХ-аар баталсан бүтцийн өөрчлөлтөөр удирдлагын албан тушаалтны 140 орчим орон тоо цөөрнө. Үүнийг дагаж гарах зардал гэвэл 1.2 тэрбум төгрөгийн хэмнэгдэхээр байна. Бүтцийн өөрчлөлтөөс хүсэн хүлээсэн хэмнэлт гардаггүй. Учир нь халагдаж буй хүмүүст гэнэт халагдсаны тэтгэмж олгоно. Голдуу тэтгэвэрт гарах дөхсөн хүмүүсийг ажлаас чөлөөлөгдөж таарах байх. Тэгэхээр мөн л Төрийн албаны тухай хуулийн дагуу 18-36 хүртэлх сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгоно. Магадгүй, ингэснээр хэмнэхээр төсөөлсөн буюу чөлөөлсөн орон тооныхоо зардлаас даваад гарах тохиолдол ч бий” гэсэн юм. Энэ нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх нь эдийн засгийн үр дүнд бус улс төрийн учир шалтгаантай байсан. Тэр тусмаа Ерөнхий сайдын Засгийн газраа болон өөрийнхөө байр суурийг хангах сүүлчийн боломж энэ байсан гэдгийг бататгаж өглөө. Бүхэл бүтэн гурван яамыг “хасаад” 1.2-хон тэрбум төгрөг хэмнэх гэж байхад Сангийн сайд маань “Хүлээгдсэн хэмнэлт гардаггүй юм” гэж тайлбарласныг ингэж ойлгож болно биз дээ.

Татвар нэмээгүй, орон нутагт эрх олгож байна

Улсын нэгдсэн төсөв болон төсвийн орлого, зарлагыг баланслуулахад нэг ч төрлийн татвар шинээр нэмээгүй. Харин орон нутагт бид эрх олгож байна. Хэрэв суурь орлогоос илүү бүтээн байгуулалт хийе, тодорхой асуудал шийдье гэвэл иргэдтэйгээ зөвшилцөж байгаад нэмэгдэл эх үүсвэр дайчлах эрхийг нь нээж өгч байна. Мөн улсын нэгдсэн төсвөөс Хөгжлийн банкаар дамжуулаад хөрөнгө оруулалтын санхүүжилт авах бололцоог нээж өгье. Олон жил “Улаанбаатар хот татвартай байна” гээд хуульд бичсэн мөртлөө ямар татварыг, хэн, ямар хэмжээгээр тогтоох вэ гэдгийг шийдээгүй байсан. Одоо нээж өгч байгаа юм.

Гадаад өр 48.6 хувьтай байна

Улсын өрийг тодорхойлох аргачлалаар тооцоход улсын өрийн хэмжээ 48.6 хувьтай тэнцүү байгаа. Улсын өрийн хязгаарыг ДНБ-ий 70 хүртэлх хувьд хүргэх орон зай бий болгон хөрөнгө оруулалт татах хэрэгцээ бий. Энэ нь хяналтаас гарах, эрсдэлд орох аюултай хэмжээ биш, УИХ-аар хэлэлцүүлж шийднэ. Улсын өрийг өнөөгийн үнэ цэнэд шилжүүлэн тооцож байгаа. Олон улсын жишигт нэрлэсэн үнээр буюу шууд төлөх аргачлалд шилжсэн. Ингээд аргачлалын зөрүүгээс болоод 48.6 хувьтай өр маань бараг 60 хувь болж харагдаад байгаа юм.

Оюутолгойн хөрөнгө оруулалт яагаад нэмэгдсэн шалтгаан нь нууц

Оюутолгой төсөлд хийсэн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд манай талаас хоёр жил аудит хийлгэсэн. Хөрөнгө оруулалтын хэмжээ анх төлөвлөсөн 5.1 тэрбум ам.доллар байснаа яагаад 7.2 тэрбум ам.доллар болов, үүнд юу нөлөөлөв гэдэгт анализ хийсэн. Аудитын дүгнэлт эцэслэж гараагүй гэхдээ нууц асуудал. Дараагийн “ил” асуудал нь С.Ганбаатар гишүүний шүүмжилж байсанчлан “Оюутолгой” ХХК нь өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Татварын тухай хуулийг зөрчиж 130 орчим сая ам.долларын торгуулийн хүлээхүйц зөрчил гаргасныг татварын байцаагч тогтоож торгууль тавьсан. Үүнийг шийдэх гарцыг хуульд тодорхой заасан байдаг.Нэг талаас байцаагч акт тавьж, нөгөө талаас татвар төлөгч зөвшилцөн хүлээн зөвшөөрөх, эс бөгөөс зөрчил гаргаагүй гэдгээ нотолж, нотлогдох байдлын үр дүнгээр хуулийн байгууллага шийддэг. Гэтэл хоёр тал 30 сая ам.долларын торгуулийн хэмжээн дээр хүлээн зөвшөөрөлцөөд байгаа аж. Харин 100 сая ам.долларыг хэрхэх вэ гэдэг дээр хоёр тал ажилласаар байгаа гэнэ. Энэ бол 100 сая ам.долларын татвар биш, зөрчил дээр гарсан торгуулийн хэмжээ юм байна. Мөддөө шийдэгдэх найдвар багатай энэ асуудал хэрэв Татварын маргаан таслах зөвлөл дээр нэгдсэн байр сууринд хүрэхгүй бол Арбитрын шүүхэд ч хандахаар Оюутолгой төслийг хэрэгжүүлэх Тогтвортой байдлын гэрээнд тусгасан байдаг.

“ЭЗЭН-100” хөтөлбөрийг дүгнэх шалгуур тодорхойгүй байна

“ЭЗЭН-100” хөтөлбөрийг хөтөлбөрийг үнэлж дүгнэх шалгуур нь өнөөдөр тодорхойгүй байна. Зарим нь бүх зүйл сайхан болно, эдийн засаг өснө гэж нөгөө тал нь эсрэгээрээ дүгнэлээ. Засгийн газар эдийн засгийн эрчимжилтийг нэмэх зорилгоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Манай яам энэ хугацаанд 11 хууль батлуулж, УИХ, Засгийн газрын гурван тогтоол батлууллаа. Үр дүнг нь шууд харах хугацаа хараахан болоогүй байна. Нэг л жишээ хэлье. Уулсын чанартай томоохон төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтыг урамшуулах зорилгоор тоног төхөөрөмж импортлох гаалийн татвараас хоёр жилийн хугацаатай чөлөөллөө. Энэ бол маш зөв үндэс. Гэхдээ үр дүн нь 1-2 жилийн дараа ч харагдаж болох юм. Энэ оны сүүлийн дөрвөн сарын байдлаар буюу “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн хэмжээг өмнөх онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн. Энэ хэмжээгээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил идэвхжсэн гэж үзэж болно. Гэвч эдийн засгийн үзүүлэлт заавал эерэг, сөрөг үр дагавартай байдаг. Хэдийгээр бид ирээдүйд бий болох орлогыг нь дэмжиж, хөрөнгө оруулалтыг урамшуулж байгаа боловч өнөөдрийн төсвийн орлого дээр ачаалал ирж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр авах байсан татварыг хойшлуулснаар төсөв тасалдаж байгаа нь үнэн. Гэвч өнөөдөр алдах нь алдагдал бага, ирээдүйд олох ашиг нь их гэдэгт би итгэж байна.

С.Чулуун

/zaluu.com/


URL:

Сэтгэгдэл бичих