Д.Тунгалаг: Гурван жил зүрх зүсэгдэж, элэг эмтэрч явна

Өнөөдөр долдугаар сарын нэгэн. Монголчуудын хувьд хэзээ ч мартагдахааргүй хар өдөр. Одоогоос гурван жилийн өмне буюу 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээний улмаас таван сайхан залуу амиа алдсан. Хохирогчдын ар гэрийнхний хүсэлтийн дагуу уг хэргийг сэргээн шалгаж эхэлсэн ч өнөөг хүртэл шийдэгдсэнгүй.

Амиа алдсан таван залуугийн ард аав, ээж, хань ижил үр хүүхэд ах дүү нар нь “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэдэг шиг сууна. Хүү маань “Ээж ээ би цагдаагийн ажлаа хийхээ болиод, махны ченж болдог юм бил үү” гэж ярьдаг байсан хэмээн үймээний үеэр эрүүндээ буудуулан, амиа алдсан Р.Мөнх-Эрдэнийн ээж Д.Тунгалаг өгүүлж байна. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Өнөөдөр долдугаар сарын 1-ний өдөр тохиож байна. Юуны өмнө танд эмгэнэл илэрхийлье?

-Энэ өдөр хүүгээ дурсаад өнгөрөхөөс өөр арга байхгүй. Орой хохирогчдын ар гэрийнхэн уулзаж, талбайд зул өргөнө. Хуулийн байгууллага хэргийг үнэн зөв шийдэж өгөлгүй гурван жил боллоо. Энэ хугацаанд шүүх хэний талд үйлчилдэг вэ гэдгийг мэдэж авсан. Ард түмнийхээ талд хэзээ ч үйлчилдэггүй юм байна. Хэрвээ энгийн хүмүүсийн хэрэг байсан бол аль хэдийнээ шийдэгдээд, ялаа эдлээд явах байсан байх. Бид прокурорын байгууллагад хэд дахин гомдол мэдүүлж байна. Гэтэл нэг ч удаа хариу ирээгүй. Үнэхээр гомдолтой байна. Ёстой л “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэгч нь л болж байна.

-Энэ хугацаанд хүүгийнхээ төлөө хэрхэн тэмцэв?

-Хохирогчдын ар гэрийн холбоо байгуулаад Ц.Энхбаяртай цуг талбай дээр өлсгөлөн зарлаж, Засгийн газрын үүдэнд суухаас эхлээд маш олон хэлбэрээр тэмцлээ. Тэглээ гээд бидэнд ямар нэгэн хариу өгөөгүй. Тухайн үед хохирогчдын ар гэрийн холбоонд байсан хүмүүсийн ихэнх нь улс төржөөд явчихсан учраас Ц.Энхбаяр ганцаараа тэмцээд дийлэхгүй хөдөлгөөнийхөнтэй нэгдсэн. Гэтэл одоо Ц.Энхбаяр хоригдчихлоо. Ц.Элбэгдорж анх ерөнхийлөгчөөр сонгогдохдоо “Та нар ингэж болохгүй. Одоо тэмцлээ зогсоо. Асуудлыг хэлэлцэж, хуулийн дагуу шийдэж өгнө” хэмээсэн.

Гэтэл одоо шийдсэн юм алга. Ерөнхийлөгч болсноосоо хойш бидэнтэй уулзсангүй. Ер нь буруутан этгээдийг хуулийн байгууллага олчихоод тэднийг байцааж байна, шалгаж байна гээд байгаа болохоос биш арга хэмжээ авсан юм алга. Хүүгийн маань үхэлд Ж.Батзандан, О.Магнай нарыг буруутгадаг. Тэд ард түмнийхээ төлөө будлиантай болсон сонгуулийн эсрэг жагссан болохоос биш таван залууг буудуулах гэж жагсаагүй.

-Таны хүү яаж яваад амиа алдчихав. Үймээнд оролцсон юм уу?

-Үймээнд оролцоогүй. Хамгийн гол нь түүнд л харамсч байна. Хүү маань үймээнд оролцогчидтой дуу нийлүүлэн, эмх замбараагүй байдал үүсгэж яваагүй юм шүү дээ. / Уйлав/ Гэртээ ирчихээд өөрийнхөө гэрлүү харих замдаа буудуулчихсан. Гадаад хэргийн яамны урд замд явж байхад эрүү рүү нь буудсан байгаа юм. Тэгээд хүү маань цусаа урсгаад зугтаж байхад цагдаа нар араас нь гүйцэж очоод зодсон гэсэн. Түүнийг нь харсан залуус бичлэг хийсэн байсан. Тэр бичлэг нь тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад өнгөрсөн. Хүү маань байсан бол хэчнээн сайхан байх вэ.

-Анх хүүгээ буудуулаад амиа алдсан гэдгийг яаж мэдсэн бэ?

-Хүү бидэн дээр ирээд шөнө 12.00 цагийн үед гэр рүүгээ явна гээд гарсан юм. Гэтэл маргааш нь манай хүргэн “Ээжээ Эрдэнээ өнгөрчихсөн байна” гэж хэлсэн. Би гайхаад “Та нар юу яриад байгаа юм бэ” гэж хэлээд, дотроо зам тээврийн осолд орчихсон юм болов уу гэж бодсон. Миний хүү гэрээс гарч яваад автобусны буудал орох замдаа л буудуулчихсан байгаа юм. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс маргааш нь эхнэрт нь хэлсэн байдаг. Тэр өдөр хүү маань над руу олон удаа ярьсан байхад надад юу ч хэлээгүй. Тухайн үед хүүгээ буудуулсан гэдгийг сонсоод ерөөсөө итгээгүй. Гурван жил өнгөрсөн хэдий ч санаанаас минь гарахгүй явна. Үнэндээ гурван жил зүрх зүсэгдэж, элэг эмтэрч сууна.

-Таны хувьд буудсан этгээдүүд нь цагдаа гэж үзэж байна уу?
-Тийм. Угаасаа цагдаа нар буудсан гэдэг нь тодорхой. Тэднийг буудсан гэдгийг гэрчлэх гэрч ч байгаа. Буудсан хүнийг нь илрүүлчихээд, хэрэг нь тодорхой болчихоод байхад ил гаргахгүй байгаад үнэхээр гайхаж байна.

-Та ер нь хавтас хэрэгтэй танилцсан уу?

-Танилцсан. Гэхдээ хавтаст хэргийг одоохондоо ярих болоогүй. Ер нь долдугаар сарын 1-ний үйл явдал олон нийтэд ил байдаг. Тэр хар машинтай хүмүүс, буудсан цагдаа гээд л бүгд л ил байна. Гэхдээ хэрэг шийдэгдсэн хойно л юм ярья. Хэрвээ одоо хамаагүй юм яриад байвал хэрэг шийдэгдэхгүй байж магадгүй.

-Цагдаа нарыг шалгаж байна гэдэг. Ер нь ямар шатандаа яваа юм бол?

-Буудах тушаал өгсөн С.Баяр гадаад руу тэнээд явчихсан. Хамаг буруугаа цагдаа нарт тохоод. Цагдаа буудсан нь үнэн ч тэд ямар нэгэн даргын тушаалаар л буудсан байж таарна. Мэдээж тэд өөрсдөө буудна гэж байхгүй шүү дээ. Гадны улсад нэг хүн буудуулахад л бүгдээрээ нийлэн тэмцэж хэрэгтнийг олдог. Гэтэл Монгол Улсад таван сайхан залуу хүн сонгуулийн будлианаас болж амиа алдчихаад байхад, хаана хаанаа авч хэлэлцэхгүй байна. Бууд гэж тушаал өгсөн Ч.Амарболд, С.Баяр хоёрын аль нэгэнд нь хариуцлага хүлээлгэж байж миний санаа амарна.

-Улсаас нөхөн олговор гэж 50 сая төгрөг өгсөн. Түүнийг юунд зарцуулав?
-Тэр мөнгийг хань ижил, үр хүүхдэд нь өгдөг юм билээ. Бэр маань л авч зарцуулсан байх. Бид нэг ч төгрөг аваагүй. Гэхдээ эрдэнэт хүний амийг 50 сая төгрөгөөр үнэлнэ гэж хаана ч байхгүй шүү дээ.

-Хүүгийн тань ард ямар амьдрал үлдэв?
-Залуу хүмүүс нэг cap л бие, биенээсээ холдоход ямар байдаг билээ. Тэр үед бэр маань зөндөө л шаналсан. Харин хүү нь гурван настай. Гэхдээ одоо бэр, ач хүү хоёр маань Хэнтий аймгийн Цэнхэр мандал суманд байгаа. Ер нь холбоо тасраад удаж байна. Мэдээж хол байгаа хүмүүс бидэнтэй байнга холбоо барих хэцүү л байдаг биз.

-Хүү тань юу хийдэг байсан бэ?

-Дорнод аймагт цагдаа хийж байсан юм. Тэгээд амралтаараа ирсэн үедээ л хорвоог орхичхсон. Хүү маань ээжээ би цагдаагийн ажлаа хийхээ болиод, махны ченж болдог юм бил үү” гэж байнга ярьдаг байсан. Ёстой зөөлөн ааштай ээж амьтай хүүхэд байсан юм. Хүү маань найман хүүхдийн тав дахь нь байв. Гэтэл нэг нь ингээд сонгуулийн будлиан, эмх замбараагүй байдлаас болж ээжийгээ орхиод явчихлаа.

Хааяа зүүдэнд минь орж ирнэ. “Тэр хүмүүс намайг яг алах гэж байна шүү дээ. Би тулдаа л өөрийн эр бяраараа амьд гарч ирлээ гэж хэлэх юм”. Гэхдээ зүүдлээд зүүдлээд босч ирэх биш дээ. Би амьд байгаа цагтаа хүүгийнхээ амийг нэхсэн хэвээр байх болно. Тэр үед хүү маань 28-хан настай байсан.

Б.Батчимэг
Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих