“Цүнх баригчид” төрийн албыг гацааж байна

Цүнх баригчидТөрийн албан хаагчид гэдэг мөн чанартаа төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх ёстой үйлчлэгч-төлөөлөгчид байх ёстой гэж ойлгогддог боловч яг амьдрал дээр, бодитоор харахад огт эсрэг дүр төрх ажиглагддаг. Тэд өөрсдийгөө үйлчлэгч бус дарга хэмээн төсөөлөөд, бүр дүрдээ итгэчихсэн нь нүднээ илт тусахаар.

Гэвч энэхүү ойлголтыг бүх төрийн албан хаагчдад нялзаах нь бас учир дутагдалтай, тэдэн дотор нэгэн үзүүрт сэтгэлээр төрд зүтгэгчид цөөнгүй. Харин байх ёстой газраа олоогүй “буучихсан” зарим нэгэн түшмэдэд энэ хамаарна.

Ер нь, нийгэмд болж буй үйл явцыг ажиглаад байхад, засаг захиргааны дээд түвшиндээ асуудлыг шийдэх гаргалгааг сайн үндэслэдэг боловч дунд, доод түвшний хэрэгжих шатандаа саад тээгтэй тулгарч, санаачлага нь нурсаар байна. “Төрийн үйлчилгээг бүх шатанд нээлттэй, ил тод байлгаж, иргэдэд хөнгөн шуурхай үйлчилнэ” хэмээн дээд шатандаа тунхаглаад байдаг хэдий ч энэ нь дунд, доод шатандаа “утаа” болон замхардаг. Ямар сайндаа л, хүмүүсийн дунд “ажил хөөцөлдөх” гэсэн үг хэллэг бий болчих вэ дээ. “Хөөцөлдөх” гэсэн үгийг утгачлан авч үзвэл, барихад түвэгтэй ямар нэгэн зүйлийн араас хамаг хурд хүчээ дайчлан хөөх үзэгдэл гэж ойлгогдохоор. Тэгвэл манайд, яам, тамгын газраар асуудал шийдвэрлүүлэхээр явж байгаа иргэд ёстой л жинхэнэ “хөөцөлдөх” шиг болдог аж.

“Хөөцөлдөх”-ийн зовлонг бараг насанд хүрсэн хүн бүр мэднэ дээ, их бага хэмжээгээр. Энд дунд, доод тушаалын зарим түшмэдүүдийн хүнд суртал асар ихээр нөлөөлж байна. Ажлаа мэдэхгүйдээ тэгээд байна уу, аль эсвэл авлига авах гээд гэдийгээд байна уу гэдэг нь ойлгомжгүйгээр иргэдийн хамаг алтан цагийг гарздаж дуусгана.

Энэхүү сөрөг үзэгдлийг үүсгэгчдийн ихэнх нь зүгээр л нэг “хуруу дарагчид” байх. Тэд өглөө 8:00-д хуруу дараад, өдөржин онцын бүтээж шийдвэрлэсэн зүйлгүйгээр, оффистоо компьютерийн ард баахан мэссинжердэж, чааталж, кээнди крашдаж байгаад орой 17:00-д хуруугаа дарчихаад, жигтэйхэн их ажил хийж ядарсан царай исгэн гэрийн зүг явцгаана. Тэгсэн атлаа, сарын цалин 800 мянган төгрөгөө нэг бүрчлэн тоолж авцгаана. Энэ бол нэлээн түгээмэл харагддаг дүр зураг гэж болохоор.

Сайхь түшмэдүүдийн нэлээн хэсэг нь том даргын цүнхийг хэдэн жил барьж даган, “Бороо орж л байг уу, даргаа?…” хэмээх онигооны эзэн шиг пальдгинасны хүчинд тухайн местэнд заларсан байх жишээний. “Цүнх баригч”-ын ажлын чадвар ямар байх нь хэнд ч ойлгомжтой. Үнэхээр мэдлэг боловсрол өндөртэй, ажлын чадвартай, өөрийн үнэт зүйлээ эрхэмлэдэг хүн бол хэзээ ч том даргын цүнхийг барьж, далдаганаж дагадаггүй л байхгүй юу.

Тэдгээр хурган түшмэдүүд асуудлыг шийдэхдээ хоёр зүйлд голчлон анхаараад байх шиг: 1. Асуудлыг буруу шийдвэрлээд АТГ-т дуудагдчих вий хэмээн болгоомжилно. 2. Асуудлыг аль болохоор өөртөө ашигтайгаар шийдвэрлэх /эв нь таарвал гарын үсгээ “зарчих/-ыг санаархана. Харамсалтай нь, ихэнх нь гарын үсгээ хэрхэн зарах арга ухаан, эв дүйгээ сайн мэдэхгүй, хий дэмий л шунал нь буцлаад байх шиг. Тэрээр хөлс хүчээ шавхан гүрийж байж, Зайсанд тансаг хаустай болсон танилтайгаа барьцан, зүгээр л оффист сууж, гарын үсэг зурсны төлөө тиймэрхүү хаустай болчихыг мөрөөднө. Ингээд асуудал шийдэгдэхгүй сунжирна.

Энэ мэтчилэнгээс залхсан иргэд ямар нэгэн зүйл “хөөцөлдөх” болохоороо асуудлыг шийдвэрлэж үйлчлэх ёстой уг түшмэдийн ах дүү, амраг садан, найз нөхдийг хайн, холбоо сүлбээ тогтоохыг эрмэлздэг. Эс тэгвээс, ном журмаараа уг ажил бүтнэ гэж саналтгүй, ихэнх тохиолдолд.

Ингээд үзэхээр, улс орны хөгжил дэвшилд садаа тээг болж байгаа, хамаг “хэргийн эзэн, хэнгэргийн дохиур” бол яалт ч үгүй, тэдгээр дунд тушаалын “цүнх баригчид” болох нь илт. Иймээс л төрийн албыг тогтвортой, мэргэшсэн болгоё гэж дээр дооргүй ярьцгаагаад байгаа билээ.

Жаахан ч гэлтгүй, иймэрхүү зүйлсдээ л сайн анхаарахгүй бол, бид ардчилсан, гэрэлт нийгмийг цогцлоон бүтээнэ гэж мянгантаа мөрөөдөөд ч нэмэргүй биз ээ.

 

Д.Мягмарсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих