Г.Бямбасүрэн: Нэгнийхээ зовлонгоор жаргадаг нь бид байж болохгүй
Монгол Улсын Засгийн газраас явуулж байгаа бүтэц зохион байгуулалтын асуудал түүнтэй холбоотой МАХН-ын бодлого шийдвэр, цаг үеийн асуудлаар МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэнтэй ярилцлаа.
-Та ямар ажлаар Сөүл яваад ирэв?
-Миний бие БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа. Манай дүүрэг БНСУ-ын Инчон хотын Дунг-гу дүүрэгтэй найрсаг, хамтын ажиллагааны гэрээтэй тул ажлын шугамаар бидний арваад төлөөлөгч БНСУ-руу явсан юм.
-МАХН-ын дарга, Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр БНСУ-д хийлгэж байгаа эмчилгээнийхээ дундуур эх орондоо ирлээ. Биеийн байдал нь сайн болоо юу, ер нь ямар байгаа вэ?
-Дарга эмчилгээ хийлгэж л байна. Анх очиж байснаа бодоход биеийн байдал нь дээрдсэн хэдий ч хууль бус баривчилгааны үед, мөн өлсгөлөнгөөс үүдэлтэй олон эрхтэнд үүссэн гэмтэл, эд эсийн дутагдлын нөхөн төлжилт гэдэг өргөс авахтай адил хурдан дээрддэггүй юм байна. Удаан хугацааны нарийн системтэй эмчилгээ шаардагддаг, дахин давталттай байнгын шинжилгээнүүд хийгддэг төдийгүй бие нь хурдан тэнхрэх орчин нөхцөл, тухайн хүний сэтгэл санааны тайван байдал хүртэл нөлөөлж байж эдгэрэлийг олдог амаргүй оноштой өвчин юм шиг байна. Одоо ч эмчилгээ үргэлжилсээр байгаа, биеийн жин нь бага зэрэг нэмэгдсэн хэдий ч хэвийн хэмжээнд очих болоогүй харагдаж байна лээ. Монголдоо цөөхөн хоногийн хугацаатай ирсэн.
-Сүүлийн үед тэр хүнтэй холбоотойгоор үүсээд байгаа БНСУ-ын иргэн болсон гэсэн мэдээллийн талаар таны бодол?
-Мэдээж ээлжит, санаатай зохиомол гүтгэлэг. Энэ зохиолын эзэд, манай залуусын ярьдгаар зугаацах гэж гадаадын телевизэд их мөнгө төлж тийм жүжиг тавиагүй нь ойлгомжтой. Тиймээс учир шалтгааны эх үүсвэр нь юу вэ гэдгийг харах хэрэгтэй.Н.Энхбаяр гэдэг хүнийг эх орон ард түмнийхээ эрх ашгийн төлөө хэнд юу гэж хэлж, юунд хаалт тавьсаныхаа төлөө хохирч хэлмэгдсэн түүхийг нь мэдэж байж л юу болоод байгаад бодитой дүгнэлт өгч чадна. Н.Энхбаяр дарга Монгол Улсын Ерөнхийлөгч байх үедээ тухайн үеийн Ерөнхий сайд байсан Санжийн Баяр, Гадаад хэргийн сайд байсан Сү. Батболд нарын олигархиудыг дуудаж уулзаад хувьдаа эзэмшдэг Таван толгойн бүх хувьцаагаа төрийн мэдэлд өгчих, ард түмэн, эх орон чинь та нарыг хангалттай хэмжээнд хүргэлээ шүү дээ, та нар хариуг нь барих үүрэгтэй гэсэн төр түмнээ төлөөлсөн хатуу шаардлага тавьсан байдаг. Тэр үед уул уурхай ид цэцэглэж байсан үе л дээ. Нөхдүүд “За тэгье таны хэлснээр болъё “ гэсэн хэдий ч дотроо “Н.Энхбаяр гэдэг хүн бидэнтэй хэзээ ч эрх мэдэл, мөнгөний зам нийлэх хүн биш байна” гээд “ дэлхийн хэмжээний тэрбумтан болох шунаг хүсэл”-д нь тээг, саад болсонд хатуу хонзон зангидаж гарсныг нь одоо мэдэх хүмүүс ярьдаг шүү дээ.
Тэр үед Сү Батболд хэн байлаа. Төрөөс төрсөн тэрбумтан, Мэргэжлийн хяналтын газрыг гартаа атгачихсан Уул уурхайн архивын хажууд баахан геологич хөлсөлж суулгаад Монгол Улсын Богд хаант улсаас эхлээд,социализмын бүтээн байгуулалтын үед улсын хөрөнгөөр хийгдсэн бүх л геологийн хайгуулын мэдээ мэдээллийн нууцыг гартаа оруулаад зарж арилжихыг нь хил давуулан арилжиж ухаж төнхөхийг нь төнхөж, засаг төрөөс ч илүү хагартлаа баяжиж олигархи болсон байсан үе. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн шахаагаар Таван толгойн хувьцааг улсад өгсөн хэдий ч зальжин аргаар, хамгийн их нөөцтэй хоёр хувийг нь үлдээж аваад улмаар асар их үнээр эдүгээ МСS-д худалдаж орхисныг нь эдүгээгийн бодит түүх бэлхнээ харуулж байгааг бид бүгдээрээ мэднэ. Тэр мөнгөөрөө магадгүй Санжийн Баяраас Ерөнхий сайдын суудлыг худалдаж авсныг, Н.Энхбаяр гэдэг хүнийг АН-тай хүч хавсарч Ерөнхийлөгчийн сонгуульд унагах компанит ажлыг нам дамнасан өргөн фронтоор ямар хэмжээний хүчтэй тунгаар найруулсан хороор унагаасныг 2009 оноос эдүгээ хүртлэх түүх харуулж байгаа. Энэ бүхэн хүн бус их үзэн ядалт, араатанлаг харгис үйлдлээр илрэн гарсан шүү дээ.
-Г.Бямбасүрэн гуай, ингэхэд энэ түүх миний асуулттай хамаатай гэж үү…
-Хамаатай. Хамгийн их хамаатай. Энэ хүний хэлмэгдлийн түүх яг эндээс л эхэлсэн гэхэд болно. Сү.Батболд, Санжийн Баяр, М.Энхболд, Т.Бадамжунай нарын Н.Энхбаяр гэдэг хүнээс л ямар ч хамаагүй аргаар салахгүй бол бидний цаашдын улсаасаа баян, дэлхийн хэмжээний тэрбумтан болох гэсэн “АЛТАН МӨРӨӨДӨЛ”-д саад болох хүн юм байна гэдгийг хатуу мэдэж хэрхэн ганцаардуулж, түлхэн унагаж, шар махтай нь хатааж тарчилган зовоож хэлмэгдүүлж, гэмт хэрэгтэн болгож, хилс хэрэг үүрүүлж ял шийтгэл оноолгосон ч, сэтгэл үл ханан эдүгээ хүртэл элдэв цуурхлын бай болгож, бүр байтлаа улс гүрэн дамнасан гүтгэлгийг ямар ч ичгүүр сонжуургүйгээр ил тод явуулж байгааг нь хараад ой гутаж байна. Тэд үнэнд гүйцэгдэх вий гэсэн бодлоосоо өөрсдөө ч айж эмээн, Н.Энхбаяр гэдэг хүнийг эх оронд нь ч ирүүлэхгүй байх зорилгоор ар араасаа цуварсан ямар олон цуурхал тарааж ард түмнийг хуурч байгааг үнэн мөнөөр мэдээсэй гэсэндээ үүнийг хэлж байгаа юм. Аливаа юманд хэмжээ хязгаар гэж байх ёстой юм. МАХН-ын байрыг хуулийн дагуу, гэрээ хийж авсан, өгсөн хүмүүсийн дундуур орж “Энэ байрыг Н.Энхбаяр чамаас хямд авчихсан юм биш үү. Тиймээс чи наймаагаа буцаа, би Н.Энхбаяраас илүү үнээр чамаас авъя” хэмээн хол байгаа тэр гадаад иргэнийг дуудан ирүүлж, ятган үймүүлж, хүчлэн илүү мөнгө амлаж хийсэн наймаагаа буцааж авах талаар цагдаагийн байгууллагад өргөдөл бичүүлж Н.Энхбаяр, намын байртай холбоотой гэсэн сөрөг мэдээлэл тарааж байгаа нь мөн л дээрх нөхдийн хийсэн өрөвдөлтөй ч сэтгэл зэвүүцэм үйлдэл.
Бүр эцэст нь улс дамнан Солонгосын жирийн нэгэн, хэн ч үл мэдэх ТВ-ээр өдгөө дэгдээд буй худал хуурмаг “гадаадын иргэн болсон, улс төрийн орогнол хүссэн… гэх мэт хэн ч үл итгэм, хүний ой тойнд багтахгүй гүжир гүтгэлгийг нийтэд цацаж байгаа нь монголчуудыг төдийгүй солонгосуудын толгойг эргүүлсэн хэрээс хэтэрсэн үйлдэл болоод байна. Энэ бүхэн дээрх олигархиудын гар ямар урт агаад хорон болохыг хүн бүрт ойлгууллаа. Тэд хор найруулсан, хийсэн үйлдлээрээ өөрсдийн үнэн нүүрээ олонд мэдүүллээ. Тэд юу ч хийхээс буцахгүй байна. Яг үнэндээ тэр хүний амь насанд санаа зовж байна.
-Н.Энхбаяр даргыг юутай ч эх орондоо яаралтай ирж эдгээр эргэлзээтэй байдалд өөрийн биеэр хариулт өгөөсэй гэсэн хүмүүсийн хүлээлт маш их байсан…
-Н.Энхбаяр дарга эх орондоо ирэхийг маш их хүссээр ирлээ дээ.”Монголынхоо цэвэр агаарт л оччихвол би хурдан тэнхэрчихнэ дээ тийм ээ, Бямбасүрээн” гээд ярьж байсан. Тэр хүнийг Монголын ард түмэн хүндлэн хайрладаг, үтэр түргэн эх орондоо ирээсэй гэж олон олон эмээ өвөө ээж, аавууд, залуус хүсч залбирч байгааг харсан олигархиуд шээсээ гоожуулан айж эмээж байна. Ард түмэн гэдэг өөрсдийн билэг оюунаараа хэнээр ч заалгалгүй үнэн мөнийг тунгаадаг. Тиймээс тэр хүнийг хүндлэн хайрлаж, өр зүрхээ өмрүүлэн хүлээж суугаа нь явсан газар бүрт мэдрэгддэг юм.Монголын ард түмэн ухаантай даа. Хар цагааны дэнс гэж байдаг бол тэр нь ард түмэн шүү дээ. Өнгөрсөн зун Төв, Хангай, Баруун, Зүүн, Говийн бүсүүдэд МАХН-ын чуулган зохион байгуулагдлаа. Эдгээр чуулгануудын үеэр орон нутгийн иргэдийн хэлж байгаа үг, санаа бодлыг сонсоход Н.Энхбаяр гэдэг хүний эрүүл мэндэд санаа зовнисон асууж сурсан,эх орондоо хэзээ ирэх бол…бушуу ирээсэй хэмээн сураг ажиг тавьсан асуултууд голлож, энэ хүнийг нэн яаралтай цагаатгах нь зүйтэй, энэ ажлыг МАХН-ын удирдлагууд санаачлага гарган шуурхай зохион байгуулахыг хүссэн байдал ажиглагдаж байлаа. Үүнтэй холбоотойгоор Н.Энхбаярыг яаралтай цагаатгах талаар төр, засгийн өндөр албан тушаалтнуудад хандсан баримт бичгүүд бүсүүдийн чуулган бүрээс гарч байсныг хэлмээр байна.
-Н.Алтанхуягийн Засгийн газрын явуулж байгаа Засгийн газрын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн талаар МАХН-ын даргын байр суурь ямар байгаа бол…
-Өнгөрсөн зургадугаар сард МАХН-ын Удирдах ажилтны зөвлөгөөн Улаанбаатар хотноо болсон. Энэ зөвлөгөөнөөс МАХН-ын Гүйцэтгэх товчооны өргөтгөсөн хуралдааны тогтоол гарсан. Н.Энхбаяр даргын хувьд энэ шийдвэрт санал оруулж хамтарсан Засгийн газарт ажиллах МАХН-ын байр суурийг тодорхой илэрхийлсэн. Энэ нь эх орон, ард түмний эрх ашгийг хамгаалж ингэхдээ шударга ёсны зарчмыг баримтална. МАХН-аас сонгогдож томилогдсон УИХ, Засгийн газрын гишүүд улс орны эдийн засгийн нөхцөл хүнд байгааг анхаарч өөрсдийн хамаарах салбар дээрээ хэрхэн хариуцлагатай, улс орны эрх ашгийг дээдлэн ажиллахыг 10 гаруй заалтаар анхааруулж даалгасан байгаа.
-Тэгвэл МАХН-аас УИХ, Засгийн газарт ажиллаж байгаа гишүүд дээрх хамтын шийдвэрийг хэрхэн биелүүлсэн бол…
-УИХ, Засгийн газарт МАХН-ын бодлогоор сонгогдон ажиллаж төрийн эрх барилцаж байгаа хэн бүхэн бидэнд итгэж дэмжсэн Монголын ард иргэд, МАХН-ын нийт гишүүд дэмжигчдийн итгэл найдварыг санаж ажиллах нь тэдний амин чухал үүрэг байх ёстой. Гэтэл өнөөдөр тэдний үйл ажиллагаа, өөрсдийн үүрэг хариуцлагатайгаа дүйж ажиллахгүй байгааг шударгаар хэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тэдний ажиллаж байгаа байдал, улс орны өнөөгийн эдийн засгийн болон улс төрийн нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд тэд хариуцлагагүй ажиллаж байна гэсэн дүгнэлтийг гишүүд дэмжигчдээсээ аль хэдийн авцгаасан. Намын дарга ч үүнийг харж байгаа биз ээ. Энэ бол бодит байдал. Итгэл гэдэг агуу атлаа алдсан бол үнэгүй болчихдог зүйл. Хоёр жилийн хугацаа гэдэг бага хугацаа биш. Ард түмэн харлаа шүү дээ. Энэ дүгнэлтийг МАХН-ын хоёр сар шахам үргэлжилсэн бүсийн чуулганаар хөдөөгийн ард түмэн дахин давтан хэлж байна.
МАХН-ын дарга Н.Энхбаярын намаа удирдаж байсан 2010 оны есдүгээр сараас 2012 оны сонгууль өнгөртөл хугацаанд олон судалгаагаар нэр хүнд нь өссөөр УИХ-ын сонгуулиар УИХ-д 11 суудал авч 22.3 хувийн ретингтэй байсан бол одоо 10 хүрэхгүй хувьтай байгаа нь юуг харуулж байна вэ. Ер нь бидний ажил яриа ихтэй, үр дүн муутай байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
-Таны ярианаас харахад МАХН дотоод шүүмжлэл ихтэй байгаа юм байна гэж ойлгож болох уу. Энэ хагарал мөн үү?
- Дотоод шүүмжлэл байна гэдэг хагаралтай гэсэн ойлголт биш юм. Харин ч эсрэгээрээ эрүүл саруул шударга ёсны орчинтой байгаа хэрэг. Алдаа дутагдлаа нуулгүй нүүр нүүрээ харалцан шүүмжилж хэлэлцэх нь эв нэгдэлтэй байхын үндэс болдог.Тэгээд ч шударга шүүмжлэлд эмзэглэх, эсвэл юу хэлэв гээд хүлээн авах эсэх нь тухайн хүний оюуны чадамж, хүн чанарын илэрхийлэл гэж би үздэг. Шүүмжлэл өрнүүлснээр, үг яриа гарснаар журмын нөхөд ч алдаа оноондоо дүгнэлт хийж залруулахыг хичээх биз. Дашрамд хэлэхэд хэн нэгнийхээ зовлонгоор жаргадаг нь бид байж болохгүй биз дээ.
-Засгийн газар шинэ бүтцээр ажиллахад МАХН-аас гарсан сайдууд цаашдаа хэрхэх бол…… Дээлээ тайлахыг хүсэхгүй тохиолдолд яах бол?
-Бид, манай нам шударга ёсыг тогтоохын төлөө, үнэн мөний дуу хоолой болж явдаг. Бяд чадал маань заримдаа дутдаг ч бид хичээдэг. Дээр товч дурдсанчлан МАХН-ын Удирдах ажилтны зөвлөгөөнөөс гарсан шийдвэрт “Улс төрчид давхар албан тушаал хашихаа зогсоох, төрийн мөнгөөр тансаглах, үнэтэй автомашин авах, ажлын байр өрөө тасалгаагаа үнэтэй засвар хийлгэх, ганган тавилгаар чимэх зэрэг ёс суртахууны гажуудлыг бусдад үзүүлэхгүй байж энэ талаар үлгэрлэн ажиллах” гээд хэлчихсэн байгаа. Тиймээс МАХН-аас гарсан сайдууд маань бусад нам эвслээс сонгогдсон хүмүүст үлгэр үзүүлэн давхар дээлээ тайлах биз ээ. Энэ нь шударга ёсонд нийцнэ. Хэрвээ тайлахгүй тохиолдолд удахгүй болох МАХН-ын ээлжит Бага чуулган өөрийн сайдуудынхаа асуудлыг шийдэж өгнө биз ээ. Ингэх эрх нь МАХН-ын Бага чуулганд дүрмээрээ хадгалаастай байгаа. Тэгээд ч МАХН-ын эгэл жирийн гишүүд дэмжигчид, намынхаа нэрийг сэргээн үүсгэн байгуулагчид, халуунд халж хүйтэнд хөрч энэ л намаа босгож Н.Энхбаяр гэдэг хүнийг бүчин хүрээлж, тэр хүнд урам зориг хайрлан, итгэж итгэлцэж, дэмжиж хамтран тэмцэж байсан эгэл жирийн журмын нөхдийнхөө хүсэл, зорилго бодлын чанадыг имрэн үзэж санаа бодлыг нь дагах ёстой шүү дээ. Юм ганцаар дуусахгүй гэдгийг санах л хэрэгтэй. МАХН-аас УИХ, Засгийн газарт ажиллаж байгаа гишүүд төрийн ажлыг өгч авч сурсан хүмүүс, нөхцөл байдлыг ойлгож мэдрэх биз.
-Одоо сайдаар ажиллаж байгаа УИХ-ын гишүүдийг эргүүлэн татсан тохиолдолд орны нь сайд болох боловсон хүчин нь МАХН- д байгаа гэж та бодож байна уу
-Байлгүй яахав дээ. Жишээ нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн том эдийн засагч, банкир О.Чулуунбат, туршлагатай гавъяат хуульч Ц.Шаравдорж гээд дурдаж болно. МАХН-ын залуу дарга нарын дунд ч Шадар сайдын албыг сэтгэл, зүтгэлтэй аваад явчих чадвартай хүмүүс бий.
-Сүүлчийн асуултыг таньд үлдээе?
-МАХН-ын дарга Н.Энхбаярт тохиосон улс төрийн зорилго бүхий бизнесийн эрх ашгийн хөндөгдлөөс үүссэн энэ хэлмэгдүүлэлтийг дахин давтаж өөр хэн нэгэн магадгүй дараагийн Ерөнхийлөгчид бүү давтагдаасай. Н.Энхбаяр дарга “Өндөр албан тушаал хашиж байсан хэн нэгнээ улс төрийн золиос болгон хэлмэгдүүлдэг байдал зуршил бүү болоосой, энэ бүхэн надаар л төгсгөл болоосой” гэж давтан давтан хэлж байсан нь сая санаанд орж байна.
Ё.ДУЛАМСҮРЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: