Сайн менежерт ч мэргэжлийн чадвар хэрэгтэй л байна даа
Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах сургаар олон хүн зөөлөн сэнтийгээс мулт үсрэх дээрээ тулав аа. Үүний нэг нь УИХ-ын гишүүн, тэргүүн шадар сайд Д.Тэрбишдагва болон түүний дагалдагч ОБЕГ-ын дарга хурандаа Т.Дуламдорж нар юм. Зөөлөн суудалд заларсан хүн буух дургүй байдгийг тэд өнөөдөр харуулсаар байна. Тухайлбал өөрсдийн эргэн тойрны төрөл саданаа халж солин халаа сэлгээ хийсэн дүр үзүүлж байгаа юм. Энэ үйлдлээрээ тэд өөрсдийгөө хамгаалж чадна гэж бодсон бололтой. Гэвч даравч далдайж булавч бултайдгийн үлгэрээр тэдний хийсэн бүгд нь түмний нүдэн дээр ил байж мэдээллийн бүхий л хэрэгслэлээр амтай болгон ярьж гартай болгон бичиж байхад суудлаасаа зүүгдээд байдаг овоо цайцан хүмүүс гэлтэй. Төрийн албыг төрлийн алба болголоо, мэргэжлийн бус хүмүүсээр удирдууллаа гээд байхаар төрөл садан, мэргэжлийн бус хүмүүсээ халчихвал өөрсдөө өндөрлөгтөө үлдэж чадна гэж найдсаных болов уу гэх зэргээр хардах хүмүүс цөөнгүй байгаа юм. Тухайлбал Дархан-уул аймгийн Улсын нөөцийн газрын дарга Н.Энхбаяр гэж шадар сайдын төрсөн ах Д.Пүрэвдагвын хүргэн, Н.Зоригоо нь англи хэлний багш мэргэжилтэй нэгэн гэх мэтчилэн ОБГ-т тохирохгүй, мэргэжлийн бус хүмүүсээ халсан билээ. Тэгэхээр энэ мэт хүмүүсээ халсан юм чинь өөрсдөө ч сайн дураараа албаа өгөх хэрэгтэй гэж иргэд үзэж байгаа юм. Нээрээ л ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж мөн л мэргэжлийн бус хүн шүү дээ. Үүнийг нь батлах хариуцлагагүй олон ч үйл явдал болсон. Тэдний заримаас нэхэн дурдвал: Сэлэнгэ аймагт голын усанд урссан эх хүү хоёрыг ОБЕГ-ын ажилтанууд “Даргыгаа шөнө сэрээж болохгүй, даргынхаа заавраар хөдлөнө” гэж байдлыг даамжруулсаар эх хүү хоёр аврал эрэн үхэлтэй тэмцэлдсээр оросын хил давсан. Хоёр байтугай хорин хүн ч аврах боломжийг алдсан гэж сэлэнгийнхэн одоо хүртэл ярьдаг гэнэ лээ. Бас нэг хэрэг гарсан нь 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Дархан-уул аймгийн Улсын нөөцийн салбарын шатахууны хэсэгт хаа байсан үрийн нөөцийн механикчийг аюулгүй ажиллагааны заавартай танилцуулж гарын үсэг зуруулалгүйгээр шатахуун юүлэх ажлыг хийлгэж байгаад 1000 тоннын багтаамжтай бензиний агуулах дэлбэрч эрдэнэт хүний амь нас эрсэдсэн билээ. Гэтэл тус хэргийг шадар сайд Д.Тэрбишдагва, ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж нар нуухыг хичээсэн ч хэрэг нэгэнт ил болсон юм. Яг энэ хэрэг гарах үед ОБЕГ-ын дарга нар бүгд ээлжийн амралттай байсан нь ОБЕГ тэр үед ямар ч удирдлага хяналтгүй байжээ гэдэг ойлголт хүмүүст төрсөн. Энэ мэтчилэн хариуцлага, ажлын туршлага, мэдлэг зэрэг дутагдсан олон хэргүүд гарсан билээ. Дээрх хоёр бол зөвхөн нэг хэсэг нь. ОБЕГ нь хамаатан саданы цугларалт шиг болж мэргэжлийн бус хүмүүс энэ байгууллагат хошуу дүрсэний хар гайгаар олон ч хүн хохирч цаашид хичнээн олон хүн, мал, эд зүйлээр хохирохыг хэлж мэдэхгүй юм. Одоо ч энэ байгууллагад итгэж найдах цаг өнгөрсөн бололтой гэдгийг саяханы нэгэн галын аюул мөн л сануулаад авна лээ. Учир юу вэ гэвэл паркад байрлалтай MCS-ийн 24 давхар барилга болох “Шангрила II”-ыг шатахад ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж “Манай шат 35 метр учир 12 давхраас дээш гарсан галыг унтрааж чадахгүй байлаа. Ёстой хүний олноор л галыг унтраалаа” гээд хээвнэг өөрөө унтраачихсан юм шиг ярьж байсан. Хүн ямар үхэр мал уу, хувинтай ус бариулаад 24 давхар хүртэл гүйлгээд байдаг. Арай л дэндүү байна шүү. Сайн менежерт ч мэргэжлийн чадвар хэрэгтэй гэдэг нь харагдаад байна аа. ОБЕГ-ыг хүн төвтэй болгоно гээд байсан тэгээд ажилчидаа ажлын тоног төхөөрөмж багаж зэвсгээр нь сайн хангах наад захын хэрэгжилт хийхгүй байна шүү дээ. Олон улсад эрэн хайх аврах багтай болгоно энэ тэр гээд гоё мэдээ гарсан л байсан ийм байдлаараа бол олон улс байтугай л санагдлаа. Ер нь тэгээд ОБЕГ-т төсөв мөнгө хангалттай өгдөг ш дээ гэх яриаг захын нэг Бат, Дулмаа ярьж байхад тэр төсвөөсөө ядаж ганц нисдэг тэрэг авчихаж болоогүй юм уу. Өнөө үед 12 давхар барилга баригдана гэж юу л бол, наад зах нь л гэхэд 15 давхар байна шүү дээ. За тэгээд 12-оос дээш давхарт амьдардаг хүмүүс ч даргын хэлсэн үгэнд үгүй мөн их эмзэглэж зарим нь айж сандаран 15 давхарт амьдардаг байраа зарах дээрээ тулсан гэнэ билээ. Чадахгүй бол чаддагт нь, мэдэхгүй бол мэддэгт нь зайгаа тавьж өгвөл таны нэрэнд ч цэвэр бидний амьдралын баталгаа ч нэмэгдэх биз ээ. Т.Дуламдорж даргаа…
URL: