Нийслэлийн төсөв маргаан дагууллаа
Ирэх онд нийслэлийн төсвийн орлого тасарч, хотоос санхүүжүүлж барих зам, барилгын ажил гацах тухай яриа нийслэлийн удирдлагуудын дунд өрнөв. 2015 онд багш, эмч нарын цалинг улсын төсвөөс биш нийслэлийн орлогоос олгохыг Сангийн яамнаас үүрэг болгосон нь тэднийг сандаргаж, уурыг нь хүргэлээ.
ХОТЫГ ДАМПУУРУУЛАХ 330 ТЭРБУМ
Сангийн яам ирэх оны төсвийн төсөлд нийслэлийн багш, эмч нарын цалинг хотын орлогоос олгоно гэж тусгасан нь хотын даргыг ихэд бухимдуулжээ. Засгийн газар эдийн засаг хямарсан тул ийм зохицуулалт хийхээр болсон байна.
Энэ талаар Э.Бат-Үүл дарга “Ирэх оны төсвийн төсөлд багш нарын цалин, сургуулийн ашиглалтын зардал, эрүүл мэндийн анхан шатны салбарт ажиллагсадын цалин, ашиглалтын зардал, соёлын үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагуудын ажиллагсадын цалин, ашиглалтын зардал зэрэг нийтдээ 330 гаруй тэрбум төгрөгийн зардлыг нийслэлд хариуцуулахаар өгсөн. Энэ зардал нийслэлийг дампууруулна. Хотын эдийн засгийг маш хүнд байдалд оруулсан шийдвэр. Хэрэв энэ төсөв УИХ-аар батлагдвал нийслэл багш, эмч, соёлын үйлчилгээ эрхлэгч нарын цалинг тавьж чадахгүй. Яагаад Засгийн газарт урсгал зардал, цалингийн фондыг хариуцуулдаг гэхээр Засгийн газар онцгой татвар, нэмэгдсэн өртгийн татвар, гаалийн татвар гэх мэт өдөр тутам орж ирдэг урсгал дансны орлоготой. Харин нийслэл цалин тавьсаны дараа хүн амын орлогын албан татвар авдаг. Үл хөдлөх хөрөнгө гэх мэт улиралд, жилд нэг удаа авдаг татваруудтай. Өөрөөр хэлбэл, нийслэлд урсгал орлого байхгүй. Цалин тавих урсгал орлого орж ирдэггүй гэсэн үг” хэмээн бухимдав.
ИРЭХ ОНЫ ТӨСӨВ ХОТЫНХНЫ ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛГАРЛАА
Засгийн газраас УИХ-д өргөн барьсан ирэх оны төсвийн төсөлд тусгаснаар хот ирэх онд элгээрээ хэвтэхээр байгааг өчигдөр нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийсэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа нар дүүргүүдийн Засаг дарга нарт танилцуулав.
Хотын удирдлагуудын хэлснээр нийслэл жилд 562 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээс 669.1 тэрбум төгрөгийн урсгал зардал буюу зарлага гарахаар байгаа аж. Үүний зөрүү болох 107 тэрбум төгрөг дутах юм байна. Энэ байдлаар цааш явбал ирэх оны эхний улиралд 71 тэрбум, эхний хагас жилийн байдлаар 105 тэрбум төгрөг дутах аж.
Тэгэхээр сургууль цэцэрлэг, эмнэлгийн ажилчид, соёлын салбарт үйлчилгээ үзүүлэгчдийн цалин, ашиглалтын зардлыг тавьж чадахгүйд хүрнэ. Төсвийг энэ чигээр нь баталвал нийслэл хот хүнд байдалд орж, нийгмийн эсэргүүцэл дээд цэгтээ хүрнэ гэж тайлбарлалаа. Өргөн бариад байгаа төсвийн төслөөр бол 2015 онд нийслэл 343 тэрбум төгрөгийн зардлыг өөрөө хариуцахаар болоод байгаа юм.
Тодруулбал боловсрол, эрүүл мэнд, биеийн тамирын салбарын анхан шатны тусламж үйлчилгээний урсгал зардалд 290.5 тэрбум, цагдаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутны унааны нөхөн олговорт 53.1 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Харин хотын удирдлагууд үүнийг биелүүлэх ямар ч боломжгүй гэцгээж байна. Засгийн газраас үүнийг орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, бие даалгаж байгаа гэж тайлбарлаж буй.
Мөн дээрх зардлаа Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татвар, Үл хөдлөх хөрөнгийн татварыг тус бүр нэг дахин нэмэгдүүлэх, холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар олж авахыг үүрэгдсэн. Мөн ирэх онд хот шинээр нэг ч бүтээн байгуулалт хийх хөрөнгө оруулалтын зардал төсөвт тусгаагүй. Зөвхөн он дамжин хийгдэх зарим ажлуудад 46 тэрбум төгрөг хуваарилсан.
Ийм байхад ирэх онд хотод хаана, ямар бүтээн байгуулалт өрнөх талаар ярих ч хэрэггүй гэдгийг хотын дарга нар онцолсон. Улс мөнгөгүй болчихсон учраас аргагүйн эрхэнд ийм зохицуулалт хийж, ядаж сургууль, цэцэрлэгийн багш нарын цалин, урсгал зардлыг хотынхны нуруунд үүрүүлэхээр шийдсэн нь ийнхүү түмэн эсэргүүцэлтэй тулгарч эхэллээ. Өнөөдрийн байдлаар хотын төсвийн орлого 30 тэрбумаар тасраад байгаа аж
Э.Өнөр
Зууны мэдээ
URL: