Ажилчдын амийг хэмнэе
Манайдаа л томоохон, тохилог бүтээн байгуулалт өрнүүлж байсан “Хүннү” хорооллын барилга дээр ажиллаж байсан 51 настай эрэгтэй цахилгаан шатны хонгил руу унаж амиа алдсан харамсалтай явдал уржигдар гарчээ.
Ганц нэг хүн барилгаас унаж осолдвол олон нийт “аан” гээд л өнгөрдөг болсон байна. Осол аваарьт дөжирчихсөн байна шүү дээ. Харин гудамжинд явсан хүн дээр юм унах, эсвэл нэг дор олноороо осолдвол мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагууд хурал зарлаж юун түрүүнд өөрсдийнх нь буруу байхгүй болохыг зарлаад дараа нь гэмт этгээдийг нэрлэдэг.
Гэвч ийм байдалтай байсаар байх нь хэр зөв бол. Гадаадын хөрөнгө оруулалттай уурхайнуудын бахархал нь аюулгүй ажиллагаа байдаг. Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг “Бороо гоулд” компани байсхийгээд тэдэн сая хүн цаг аюул осолгүй ажиллалаа гэж тэмдэглэдэг.
Төдийгөөс өдий хүртэл тэнд ажилласан хүмүүс дундаас хуруугаа бяцалсан нь ч байхгүй. За тэгээд Оюутолгой дээр очоод ирсэн хүмүүс “Айхтар сүртэй аюулгүй байдлаа хангаж ажилладаг юм билээ” гэлцдэг. Гэтэл манай бүх л хяналт шалгалтынхаа байгууллагуудын дэргэд байдаг Багануур, Налайхын уурхай, барилга бүтээн байгуулалтууд дээр ямар их осол гарна вэ.
Тиймээс шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулдаг сэтгэлгээгээ ч гэсэн өөрчлөөд үзэх хэрэгтэй юм шигээ. Аюул осолгүй ажилласан барилгууд өөрсдийгөө түүгээрээ рекламдаж, тэндээс хүмүүс байр авч байвал ямар вэ.
Жилийн эцэст баахан шилдгүүд шалгаруулдаг. Түүн дээр хамгийн их аюулгүй ажиллагаа хангаж аваарь эндэгдэлгүй ажилласан нь тэргүүлдэг баймаар байна. Ашиг олж, татвар төлсөнөөс илүү амь хэмнэсэн нь баатарлаг үйлс бус уу.
Ж.Баяр
Эх сурвалж: Нийслэл таймс
URL: