Манайх “дугуй” түлмээргүй байна
Орон сууцанд амьдардаг иргэд“Мини маркет”-аар үйлчлүүлж амттанаар тор дүүргээд гарч байхад гэр хорооллынхон ажлаа тараад харих замдаа ойролцоох дэлгүүрээр орж25 килограммын шуудайтай нүүрс аваад гэртээ орно. Ийнхүү хоёр өөр өнгө хосолсон миний хотын амьдрал үргэлжилсээр л. Хүйтний улирал ойртож өглөө оройд гал түлэх болсон болохоор өөрийн эрхгүй нүүрс зөөвөрлөх шаардлагатай. Үүнийг дагаад өнөөх утааны бохирдол нэмэгдэж, Хайлааст, Чингэлтэй, Баянхошуу гэх мэт гэр хорооллын дээгүүр оройдоо хар, хөх утаан манан татна. Ийнхүү бидний өвлийн амьдрал эхэллээ. Өнгөрсөн жил“Нүүрс хөтөлбөр” хэмээн сүр дуулиантай нэртэй ажлын буянаар хог, тортогтой ч гэсэн түлэх нүүрстэй өвөлжсөн гэр хороолынхны хувьд энэ жил хүндхэн байна. Багануурын уурхай энэ жил нийслэлд нүүрс нийлүүлэх үгүй нь одоогоор шийдэгдээгүй. Тиймээс иргэд Налайхын нүүрсийг шагийн үнээр худалдан авч байна. Орой бүр100 төгрөгийн шар тор дүүрэхгүй шахам нүүрсийг3500 төгрөгөөр худалдан авч үдшийг дэнтэй дунтай галтай өнгөрөөж буй иргэдээ анхаарахгүй бол“Манай дугуй түлдэг” гэх хошигнол бодит амьдралд хэрэгжих вий дээ.
В.Нэргүй
URL: