Бүргэдийн анчин охинтой 1 долларын гэрээ хийж хохироожээ
Энэ сарын 04-05-ны өдөр Баян-Өлгий аймагт болсон Бүргэдийн баярын үеэр ирж зураг авалт хийж явсан тэрбээр уг баярын аварга болсон 13-хан настай охиныг басхүү эцэг эхийг нь олзолж, хуурч мэхэлсэн нь тодорхой боллоо. Үнэндээ бол Монгол улсын нэрийг гаргах, Казак түмний соёлыг дэлхий дахинд сурталчлах сайн талтай ч үнэ хөлсний тал дээр явуургүй хандлага гаргажээ.
Талуудын байгуулсан гэрээнээс үзэхэд Отто Беллийн продюсерласан кинонд тоглож буй Н.Айшолпан болон түүний гэр бүл их хөдөлмөр гаргасныхаа шанд ердөө ганц доллар авах гэнэ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр О.Белл кино дэлгэцэнд гарсны дараа олсон ашгаас хүртээнэ гэсэн сураг байна. Тэгвэл бүхий л үйл ажиллагаагаа цаасан дээр баталгаажуулж, түүнийгээ ч гол болгон барьдаг барууныхны байгуулсан гэрээнд нэг доллараас өөр нэмэлт төлбөрийн талаар ганц ч үг дурдсангүй.
Охины эцэг эхийнх нь ярьж буйгаар кинонд тоглоно гэдгийг ойлгосон ч ганцхан долларын хөлстэй ажиллахаа огт мэдээгүй аж. Өөрсдийгөө өндөр соёлжсон гэж аархдаг барууны мөнгөтэй студи эгэл жирийн малчин айлыг хэл усгүй, мэдлэг тааруу, даруу төлвөөр нь далимдуулан хулхидаж, улмаар бүхэл бүтэн үндэстэн, улс орныг ийн доромжилжээ. Том студи атлаа жүжигчиндээ өгөх мөнгөгүй юм бол жилийн нэг долларын гэрээтэй ажилладаг НҮБ-ын элч хэмээх Холливудын одуудаа авчирч тоглуулах хэрэгтэй болов уу.
Киног продюсерлан ажиллаж буй Отто Белл гэгч британи эр кино зураг авалтынхаа талаар ярих огт дургүй байна. Тэрбээр байгуулсан гэрээндээ өөрсдийн цуглуулсан Н.Айшолпаны тухай бүхий л баримт мэдээллийг насан туршдаа өмчлөх эрхийг онцгойлон тусгажээ. Хэдийгээр жүжигчин охин гэрээг цуцлах, өөрчлөх эрхтэй гэж оруулсан ч зөвхөн гэрээнд гарын үсэг зурсан талууд тохиролцоонд хүрэх ёстойг хатуу заажээ. Түүн дээр талуудын байгуулсан гэрээг зөвхөн Англи хэл дээр бичиглэсэн нь гайхмаар юм. Тэгэхдээ бүр маш ойлгомжгүй байдлаар хэт урт өгүүлбэрийг сунжруулан бичсэн нь сэжигтэй санагдана.
Хуулийн англи хэл тун сайн мэддэг хүн л эл гэрээг ойлгоно уу гэхээс биш англи хэлтэй хүн бүр уншаад шууд ойлгохгүй. Хэд хэд уншсаны эцэст дөнгөж ерөнхий утга санааг нь дөхүүлэн ойлгох байдлаар бичжээ. Үүнийг бичигчийн зүгээс үзэхэд аливаа гэрээг ойлгомжгүй, сунжруулан бөөрөнхийлж бичих нь хожим үүсэх алив асуудлаас нэр цэвэр үлдэх гэсэн башир арга байж магадгүй хэмээн сэрдсэнээ нуумааргүй байна.
Энэхүү 13 настай казак охины авъяас чадварыг биширсэн гадныхан Н.Айшолпаны талаар баримтат кино хийхээр 1 ам.долларын гэрээ байгуулсан тухай мэдээллийг хамгийн анх “Цэрэн турс” компанийн захирал Э.Цэрэндолгор цахим сүлжээнд цацсан нь олны анхаарлыг эрхгүй татсан юм.
Энэ талаар Э.Цэрэндолгор “Бүргэдийн баярт Айшолпан охин түрүүлж цом авав. Бүргэд эзнээ танин таван секундын дотор ирэв. Монголчууд баатраа таниагүй байхад гадныхан олзоллоо. Дэлхийд цор ганц 13 настай бүргэдчин охины тухай киног хийхэд олон улсын киноны баг 1 долларын гэрээ хийжээ. Энэ айл надаас тусламж хүссэн. Кино арилжааны зорилготой гэнэ. Их мөнгөтэй болоод мөнгө өгнө гэжээ. Тэгвэл түүнийгээ гэрээндээ бас дурдах хэрэгтэй” хэмээгээд “Гадныхан хэлэхдээ киног бид өөрсдөө тохиролцоно гэж ярьсан гэж байна. Компанийн хариуцлага хаана байгааг би бас гайхаж л байлаа. Энэ охинд хууль ёсны өмгөөлөл хэрэгтэй байна. Энэ гэрээг хөдөөний малчин байтугай орчуулагч багш нар ч ойлгохгүй юм билээ. Зарим нэг замын хүмүүс үзээд ийм хачин юм гэж юу байсан юм гэсэн мөртлөө сайн утга учрыг тайлбарлаагүй. Миний шахалтаар гурван хэл дээр гэрээ хийгдэж төлбөрийн дүн бичихээр тохирсон ч мөн л толгойг нь эргүүлээд хаячих вий, хэн хянах вэ? гэсэн асуулт үлдэж байна. Нутгийн хүмүүс энэ айлыг баяжиж байгаа л гэж харж байгаа. Изриаль Ашэр надад маш “гоё” ярилцлага өгсөн. Сүүлд нь гэрээний тухай асуугаад эхлэхэд би ерөөсөө чамайг ойлгохгүй байна, чи надаар яах гээд байгаа юм бэ? юунд над руу агрессив хандав гээд шууд жүжиглээд эхэлсэн” хэмээх тайлбарыг өгсөн юм.
URL: