С.Ламбаа: Улсын клиникийн төв эмнэлэг хоёр даргатай болчихоод байгаа

Улсын клиникийн төв эмнэлэгт дарга тогтохоо байсан гэнэ. 2001 оноос хойш Ц.Мухар, С.Сонин, Л.Саранцэцэг, Н.Оюунцэцэг гээд дөрвөн ч дарга солигдоод байна. ЭМЯ-ны сайд С.Ламбаа Улсын клиникийн одоогийн дарга Л.Жамбалжавыг өөрчлөх шийдвэр гаргаснаар дахин бужигнаан үүсэв. Энэ талаар ЭМ-ийн сайд С.Ламбаатай ярилцлаа.
-Нэгдүгээр эмнэлгийн даргын томилгоо яагаад бүтэлгүйтэв?

-Миний хувьд Эрүүл мэндийн сайд болсноороо нэг ч эмч халаагүй, өөрчлөөгүй гэхэд болно. Улсын клиникийн төв эмнэлгийн даргын асуудал намайг томилогдохоос өмнөх асуудал. Н.Оюунцэцэг гэдэг хүн ажлаас хууль бус халагдсан гэж шүүхэд хандсан. Гурван шатны шүүхээр ялалт байгуулаад гараад ирэхээр нь Улсын клиникийн төв эмнэлгийн дарга С.Сонинг ажлаас өөрчлөөд Н.Оюунцэцэгийг томилсон. Тухайн үед Оюунцэцэг нь төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад ороогүй байсан учраас түр томилсон юм. Энэ томилгооны дараагаар Н.Оюунцэцэг “Надад энэ эмнэлгийн дарга байх сонирхол алга. Та намайг эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар томилуулж өг” гэж тулгасан. Ингээд Улсын клиникийн төв эмнэлэг даргагүй болсон учир Монгол Улсын гавьяат эмч Л.Жамбалжавыг томилсон. Бас л түр даргаар томилсон байсан юм.

-Тэгтэл?

-Улсын клиникийн төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга шүүхээр заргалдаад Н.Оюунцэцэг ажилгүй болдог байхгүй юу. Ажилгүй болсон Н.Оюунцэцэг эргээд Улсын клиникийн дарга болно гэсэн шаардлага тавьсан. Энэ үед Л.Жамбалжав Н.Оюунцэцэгт янз бүрийн л албан тушаал амласан юм билээ. Гэвч зөвшөөрөөгүйгээр барахгүй дахиад л шүүхээр явсан. Тэгээд гурван ч шатны шүүхэд ялалт байгуулсан учир сайдын хувьд биелүүлэх л үүрэг үлдсэн. Энэ үүргийнхээ дагуу би Н.Оюунцэцэгийг Улсын клиникийн эмнэлгийн даргаар тавьсан. Гэтэл Улсын клиникийн эмнэлгийн хамт олон Н.Оюунцэцэг гэдэг хүнийг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн. Ажил хаях түр хороо хүртэл байгуулсан.

-Н.Оюунцэцэгийг хүлээж авахгүй байх шалтгаан нь юу юм бол?

-Эмнэлгийн удирдах дарга, тасгийн дарга гээд гуч гаруй хүний гарын үсэгтэй мэдэгдэл надад ирсэн. Тэр мэдэгдэлд “Энэ Н.Оюунцэцэг гэдэг хүн гурав дахь удаагаа ирж байна. Эмнэлгийн удирдлагыг тогтвортой ажиллуулах арга хэмжээ ав. Өөр хүн томилж өг” гэсэн юм. Н.Оюунцэцэгт Л.Жамбалжав дарга тамга, тэмдгээ өгөөгүй. Ингээд Улсын клиникийн төв эмнэлэг хоёр даргатай болоод арга хэмжээнд оролцоод явж байна. Ийм л сонин юм болоод байгаа.

-Хоёр даргын хооронд ажил цалгардаад байгаа юмаа даа?

-Миний барьж байгаа гол зарчим бол эмнэлгийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх. Тийм учраас Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Бямбадоржид үүрэг өгч хагас, бүтэн сайн өдөр ч гэсэн жижүүрлүүлж байгаа. Би өөрөө ч гэсэн амар тайван байж чадахгүй байна. Онцгой бүсэд удирдлагууд л байхгүй, тамга тэмдэггүй, шийдвэр гаргах, зохицуулах боломжгүй болчихоод байгаа нь аюултай гэж ярилаа. Өчигдөр үдийн алдад ажил хаях түр хорооныхон ЭМ-ийн сайд С.Ламбаатай уулзлаа. Эдгээр нөхөд “Сайд та гаргасан шийдвэрээ эргэж харахгүй бол нэгдүгээр эмнэлгийн ажилчид яамны чинь үүдэнд суулт, өлсгөлөн зарлана. Н.Оюунцэцэгээс өөр эрч хүчтэй хүнийг даргаар тавь” гэсэн хатуухан тулгалт хийсэн юм.
Тэгвэл “Одоогийн дарга Л.Жамбалжавыг дэмжих үү” гэсэн асуултад түр хорооны гишүүд “Л.Жамбалжавыг томилохоор Н.Оюунцэцэг заргалдана. Дахиад л бөөн бужигнаан үүсч, эмнэлгийн ажил цалгардана. Энэ хоёр хүний хэрүүлийн бай Улсын клиникийн төв эмнэлэг болох сгүй” гэсэн хариултыг хэлж байсан юм.
Ингээд ЭМ-ийн сайд С.Ламбаа Улсын клиникийн төв эмнэлгийн даргын сонгон шалгаруулалт явуулахаар Төрийн албаны зөвлөлд хандах шийдвэр гаргасан юм. Энэ сонгон шалгаруулалтад Л.Жамбалжав, Н.Оюунцэцэг хоёр орох эрхтэй аж. Хэн нэг нь гараад ирэхэд Улсын клиникийн төв эмнэлгийн ажилчид хүлээн авахад бэлэн гэнэ. Н.Оюунцэцэгийн хувьд ажлаас хууль бусаар халагдсан хэмээн шүүхэд хандах эрх нь нээлттэй бөгөөд анхан шатнаас эхлэх хууль эрхзүйн үндэс ч бүрдэх аж. “Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ” гэгчээр Н.Оюунцэцэгийг хууль бусаар ажлаас халсан гэсэн маргаан хичнээн ч хугацаагаар үргэлжилж, нэгдүгээр эмнэлгийг хэдэн жил самарч мэдэхээр нөхцөл бүрдсэн гэлтэй.

Т.ЭРДЭНЭ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих