Та биднийг тэжээх Тавантолгой маниасаа түрүүлээд элгээрээ хэвтчихлээ
Монгол улсад сүүлийн долоо, найман жилд төрийн өмчит компаниуд олноороо байгуулагдах болсон. Эхэндээ Монгол хүн бүр тэдгээр төрийн өмчит компаниудаас асар ихийг горьдож байсан билээ. Учир нь 2007-2008 оны сонгуулийн мөчлөгт АН-ынхан иргэддээ нэг сая төгрөгний “Эрдэнийн хувь” олгоно гэсэн бол МАН 1.5 саяын “Эх орны хишиг” түгээхээр амалсных байлаа.
Гэвч эдүгээ Монголчууд нэгэнт горьдохоо байж. Яагаад гэхээр эдүгээ тэдгээр төрийн өмчит компаниудын зарим нь сураггүй болж, ихэнх нь дэлхийн зах зээл дээр түүхий эд буюу ашигт малтмалын үнэ өсөхийг хүлээн дөнгөж л амь зогоох төдий үйл ажиллагаатай сууцгаана. Гэтэл өнөөгийн эрх баригчид стратегийн ордуудыг ашиглах нэрийдлээр үргэлжлүүлэн шинээр төрийн өмчит компаниуд байгуулсаар л байна.
Төрийн өмчит компани байгуулах эхлэлийг С.Баяр Ерөнхий сайд байх үедээ тавьж билээ. Тийнхүү төрийн өмчит компани олноор байгуулагдах болсон нь 2007 онд УИХ-аас стратегийн ордын жагсаалтыг баталсантай бас холбоотой юм. Мөн ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэл ч үүнд холбоотой.
Эдгээр төрийн өмчит компаниудтай холбоотой асуудлууд, тэдгээрийн байдлын тухай цуврал нийтлэл бичиж байна. Эхний удаад Тавантолгойн орд тойрсон асуудлуудаас хүргэхийг зорилоо.
“Эрдэнэс-Тавантолгой”-г элгээр нь хэвтүүлэгсэд гадны тусламж гуйж байна
Нөгөө гамин, бароныг дарахын тулд гэдэг шиг Тавантолгойн аугаа том орд уурхайгаа ашиглахын тулд манайхан гадны компани, менежмэнтийн багийг гуйхаар болоод байна. Энэ ордын асуудлыг стратегийн ордод орууулсан үеэс нь хойш товч авч үзье.
Тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр болон Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Тавантолгойн нүүрсний ордыг бизнес-улстөрийн 14 олигархиас 100 хувь буцаан төрийн мэдэлд авна гэчихээд 96 хувийг нь авсан нэр зүүсэн. Нөгөө 14-өөс нь гурав нь дөрөв хувь буюу “Ухаа худаг” хэмээх ганц толгойг авч үлдлээ гэж байлаа.
Гэвч тэрхүү дөрвөн хувь гэгдсэн Ухаа худгийг авч үлдсэн МСS, Шунхлай, Петровис гурвын нэгдэл “Энержи ресурс” үнэн хэрэгтээ 20-оод хувийг нь авч үлдэж чадсан гэдэг. Үүнийг Ухаа худаг бол Тавантолгойн хамгийн их коксжих нүүрстэй өрөм болсон хэсэг хэмээн яригддаг асуудлаар баталж болох.
Гэхдээ үүний хамгийн том баталгаа нь Ухаа худагт үйл ажиллагаа явуулдаг “Энержи ресурс” нь Тавантолгойд цахилгаан станцаас эхлээд нүүрс угаах үйлдвэр, усан хангамжийн төв, Ухаа худгаас хилийн Гашуунсухайт боомт хүртэл 260 гаруй км хатуу хучилттай автозам, Цогтцэций суманд нийслэлд ч ховор сургууль, цэцэрлэг бүхий орон сууцны хороолол гээд асар их бүтээн байгуулалт хийсэн.
Тэд мөн Гонконгийн хөрөнгийн биржид хувьцаа гарган тэрбум ам.долларыг анхны худалдаан дээрээсээ л босгож байсан. Хэрвээ бага нөөцтэй байсан бол ийм их бүтээн байгуулалтыг өрнүүлж, их хэмжээний мөнгө босгож чадах байсан уу. Үгүй л байх. Мөн тэд төр, засаг дахь холбоо сүлбээ, лоббичдоо ашиглаад тус уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл 260 км нарийн царигтай төмөрзам тавихаар маш их хүчлэн зүтгэж ирсэн.
Энэ хооронд хоёр, гурван ч удаа засгаар шийдвэр гаргуулсан ч тухай бүрд нь асуудал “царцаж” ирсэн. Одоо харин тэдний хүсэл биелэх цаг тун ойртоод байна. Засгийн газар өнгөрсөн хавар урагшаа нарийн царигтай зам тавих тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан нь одоо хэлэлцэгдэж байгаа. Энэхүү тогтоолын төслийг эсэргүүцэгчид байгаа ч тэд УИХ дээр хүч мөхөсдөх нь тодорхой юм.
Эсрэгээр Тавантолгойг хариуцдаг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани өрөнд баригдаж өтөнд идэгдсэн хэвээрээ л байна. Стандарт бус Засгийн газарт хамтарч байхдаа Н.Алтанхуяг /Тэргүүн шадар сайд асан/, /С.Баярцогт /Сангийн сайд асан/ нарын оролцоотой хишиг, хувь тараахын тулд Тавантолгойн Зүүн Цанхиас олборлох нүүрснийхээ мөнгийг Хятадын Чалкогоос урьдчилан зээлж аваад тараачихсан.
Тэрхүү 350 сая ам.долларын нүүрсний өрийн талыг нь төлөлгүй Шинэчлэлийн гэх Засгийн газарт хүлээлгэн өгсөн. Н.Алтанхуяг Ерөнхий сайд болж, Д.Ганхуяг уул уурхайн сайд болсоныхоо дараа Чалкод нүүрс өгч өрийг нь төлөлгүй гацаасан. Тэгж хэдэн сар алдсаны эцэст нүүрсээ гаргаж өр төлж эхэлсэн ч сүүлийн хоёр жилд нүүрсний үнэ унаж, Хятадууд бусад улс орноос их хэмжээгээр нүүрс худалдан авч нөөцлөөд эдүгээ бараг нүүрс авахгүй байгаа.
Энэ хоёр жил гаруйн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Б.Энэбишийг УИХ-ын гишүүн асан Я.Батсууриар сольсон. Нөгөөх нь Чалкогийн өрийг 2013 ондоо багтаагаад, дараа нь 2014 оны зургаан сар гэхэд төлж дуусна гээд байсгээд л худлаа ярьсаар ирсэн. Одоо бол хэзээ төлж дуусах нь тодорхой бус байна.
Мөн үүний сацуу Б.Энэбишийн үед “Эрдэнэс Тавантолгой” олон тэрбумын шахааны газар болсон тухай бас л их ярьлаа. Ярихаас өөр юм ч бас ховор хийж байна. Шахааны бизнес хийсэн гэгдсэн хүн нь одоогийн эрх баригчидтай нэг намын нөхөр нь. Одоо гадаадад байгаа түүний хэрэг хэзээ шийдэгдэх юм бүү мэд.
Саяхан Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанийн менежментийг сайжруулах тухай тогтоол гаргаад байна. Хэдийгээр стратегийн хөрөнгө оруулагчид болон үндэсний компаниуд хамтран Тавантолгой ордын менежментийг хийнэ гэж байгаа ч эрх баригч АН-ын “Алтангадас” фракцийнхны гар дамжиж яваа Тавантолгой хэр хурдан хугацаанд та биднийх болохыг таашгүй.
Энэ Засгийн газраас гаргасан тогтоолоос харвал “Эрдэнэс Тавантолгой” компанийг удирдагчид менежментээ өөрсдөө хийнэ гээд миаруулж өгч. Тиймээс одоо гадныхныг оруулж менежмэнт хийлгэнэ гэсэн нь энэ. Гэхдээ Тавантолгойг зөвхөн “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагууд ч хариуцаад байгаа юм биш тэдний дээр “Эрдэнэс-МГЛ” гэж төрийн өмчит компаниудын толгой компани бас бий. Гэвч тэд нийлээд ч асуудлыг шийдэж чадахгүй байгаа тул гадныхныг оруулахаас аргагүйдсэн нь энэ.
Эдүгээ Я.Батсуурь “Эрдэнэс Тавантолгой”-г өндийлгөхөд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэчихсэн явна. Тэр их мөнгийг хэн хаанаас өгөх билээ. Тавантолгойд ийм л юм болоод байна. Ийнхүү та биднийг хэдэн зуун тэжээж тэтгэх Тавантолгой та биднээс түрүүлээд элгээрээ хэвтчихээд байна даа.
URL: