Улсын дээд шүүх 1949 оны гэрээг хэрэгссэнгүй
Гаалийн ерөнхий газрынхан өнгөрсөн онд Сангийн сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт бүрдүүлэлтийн дараахь шалгалт явуулж, их хэмжээний санхүүгийн зөрчил илрүүлсэн. Улмаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт 79.5 сая төгрөгийн торгуулийн акт тавьсныг тус нийгэмлэгийнхэн эсэргүүцэж шүүхэд хандсан юм. Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх уг хэргийг хэлэлцэж “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг 48 сая төгрөгийн мөнгөн торгуулийг төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Уг хэргийг өчигдөр Улсын дээд шүүх захиргааны журмаар хянан хэлэлцжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Гаалийн ерөнхий газраас”УБТЗ” нийгэмлэгийн 2009-2012 онд импортолсон барааны гаалийн мэдүүлэг, холбогдох баримтыг шалгахад 557 сая төгрөгийн барааны зөрчил илэрчээ. Дээрх барааны гаалийн болон НӨАТ-т 86.3 сая, 25.9 сая төгрөгийг торгуулийн акт тавьсан байна. Гэтэл “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийнхэн оруулсан бараагаа БНМАУ, ЗСБХУ-ын хооронд 1949 онд байгуулсан гэрээний дагуу татваргүй оруулах ёстой гэсэн үндэслэлээр захиргааны хэргийн шүүхэд хандаж, хоёр шатны шүүхэд ялагджээ. Өчигдөр болсон шүүх хуралдаанаар тус нийгэмлэг татварт 112.2 сая төгрөг бус 5.3 сая төгрөг төлөх өстой гэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Ингэснээр “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг татварт дахин мөнгө төлөх нь тодорхой болжээ.
ҮНДЭСНИЙ ШУУДАН
URL: