ЕРӨНХИЙ САЙДЫН ДАРААГИЙН НҮҮДЭЛ ЮУ БОЛ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нартай уулзлаа. Уулзалтад УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар оролцсон юм. Ерөнхийлөгч тэдэнтэй шинээр томилох сайд нарын тухай болон энэ чуулганы хугацаанд голчлон анхаарах зарим зүйлийн талаар ярилцаж чиглэл өгөв. Ингэхдээ УИХ-ын гишүүнийг Засгийн газрын гишүүнээр давхар томилдог явдлыг зогсоох хэрэгтэй гэдгийг хатуу анхааруулсан юм. Тэрээр ганцхан Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байна гэв. Тэрээр “Засгийн газрын бүтцийн тухай хуулийг харахад долоон сайд өөрчлөгдөж, дөрвөн сайдыг шинээр томилох тухай асуудал ярих юм байна. Хариуцлага тооцдог, бие биедээ хяналт тавих боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ цаг мөчөөс эхлэн УИХ-ын гишүүнийг Засгийн газрын гишүүнээр давхар томилдог явдлыг зогсоох хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийллээ. Мөн үндсэн чиг үүргийн яамдыг УИХ-ын гишүүн толгойлж болно гэдэгтэй санал нэгдэхгүй гэдгээ ч хэллээ. Ерөнхийлөгч шинээр томилогдох сайд нарыг парламентын гишүүн бус байхаар УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай өмнө нь ярьсан юм байна. Тиймээс Ерөнхийлөгч нь энэ талаар ярьсан байхад “давхар дээл”-тэй сайдын нэр өргөн барихгүй болов уу гэж Ерөнхий сайдад найдаж байна гэлээ. Тэгээд ч энэ бол Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал гэсэн өнгөлөн далдлалт хэрэггүй гэдгийг хатуу санууллаа.
Харин энэхүү сануулгыг эрхэм еөрөнхий сайд маань хэрхэн хүлээж авч амьдралд хэрэгжүүлэх нь одоогоор тодорхой бус байгаа юм. Ерөнхий сайдын Засгийн газрын бүтцийг өөрчлөх асуудлаар өргөн барьсан хуулийн төслийг УИХ-ын гишүүд цаг хугацаа алдалгүй баталж өгсөн. Түүний дараагийн өргөн барих хуулийн төсөл нь сайд нарын нэрсийг өргөн барих нүүдэл байх болно. Гэвч энэхүү нүүдэл нь ерөнхийлөгчийн “Давхар дээл”-тэй байж болохгүй гэсэн сануулгыг дагаж мөрдөх болов уу? Чухам ямар нүүдэл хийх үү гэдгийг цаг хугацаа л харуулах болов уу?
ЧОЙ
URL: