ССАЖЯ Гандантэгчинлин хийдийн өргөтгөлийн тендерийг 5 удаа зарлахдаа өртгийг нь 5 дахин нэмж 12 тэрбум болгожээ

20141009015350Улсын төвд “0.0” дүнтэй тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ гэж байдаг. Энэ нь хөрөнгө оруулалтын төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсаны улмаас тэр жилдээ санхүүжилт аваагүй төсөл гэж ойлгоход болно. Төсвийн багцад нэр нь батлагдаад орсон ч ард тоо тавигдаагүй байдаг. Монгол улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, 130 сумын нутаг дэвсгэрт ийнхүү таг зогссон 272 төсөвт арга хэмжээ, хөрөнгө оруулалтын төсөл байгаа гэсэн дүн гарчээ. Дээрх төслийг зориулалтаар нь авч үзвэл сургуулийн барилга, барилгын өргөтгөл 51, цэцэрлэгийн барилга, барилгын өргөтгөл 52, соёлын төв 21, дотуур байр 17 ширхэг гээд голдуу боловсрол соёлын салбарын төсөвт арга хэмжээ байгаа аж. Саяхан хичээлийн шинэ жил эхэлж сургууль цэцэрлэгийн тоо цөөдөж байгааг дээр дооргүй баахан халаглан ярьсан. Гэтэл салбарын яам нь 100 гаруй сургууль, цэцэрлэгийн барилга, барилгын өргөтгөлийн санхүүжилтийг авч чадаагүй байсан аж.

Энэ нь яамны удирдлагын бүтэлгүй урагшгүйг харуулсан гэхээс өөрөөр дүгнэх аргагүй юм. Мөн 19 автозамын өргөтгөл, эмнэлэг, төрөх байрны 10 төсөл ардаа “0.0” гэсэн санхүүжилт тавиулсан байжээ. Тэдгээрийн дунд талаас зургаан жилдээ он дамжиж байгаа төсөл зөндөө бий. Иймэрхүү 47 төсөл Л.Гантөмөр, Ц.Оюунгэрэл сайдын нэр дээр бичигдсэн байгаа аж. Сургууль цэцэрлэг, соёлын төвийн ажил ардаа “0.0” гэсэн тоо тавиулдаг нь аанай л хариуцсан салбарын сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын хариуцлага, сэтгэлгүйгээс үүдэн батлагдсан зураг төсөлгүй гэдэг шалтгаанаар санхүүжилт авч чаддаггүй гэнэ. ССАЖЯ-наас Гандантэгченлин хийдийн өргөтгөлийн барилгын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг нийтдээ таван удаа зарлан холион бантан болгожээ. Үр дүнд нь анх батлагдсан өртөг нь мөн тав дахин өсөж өдгөө 12,8 тэрбум гараад явж байна. Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын барилгыг эхэлж нэг тэрбум төгрөгөөр төсөвлөн төсөвт суулгаад, хэсэгчилсэн төсөвт өртөгөөр нь гурван удаа баталгаажуулаад мөн гурван удаа тендер зарлаж.

Одоо энэ чуулгын барилгын ажлын өртөг зургаа дахин нэмэгдэж 6,2 тэрбум болсон нь ССАЖЯ-ын дарга нарыг ноцтой хардахад хүргэж байгаа гэнэ. Бас л энэ яамны хариуцаж хийлгэсэн Дархан-Уул аймгийн Дархан суманд баригдаж байгаа 2200 хүний суудалтай спорт цогцолборыг 2011 онд 11 тэрбумаар төсөвт өртгийг нь баталсан. Дараа нь анхны ажлын зурагт тусгагдаагүй инженерийн шугам сүлжээ, барилгын хийц өөрчлөх, тохижилт зэрэг ажил хийсэн гээд нэмэлт ажлын зураг үйлдэн өртгийг нь 10 тэрбумаар нэмж 22 болгочихоод жишим ч үгүй сууж байгаа гэнэ. Улсын төсвийн хөрөнгө оруулалт, санхүүжилтээр хэрэгжүүлэх төслийг хэд хэдээр давхардуулан бөөндөж авдаг, авсан ч ажлаа олигтой хийдэггүй компани олон гарсан. “Нийслэл өргөө” гэхэд л гурван обьектод 30 тэрбумын тендер авсан бол “Алтанбулаг трейд” компани мөн л гурван тендерт 8.8 тэрбумын ажил авчээ. Энэ мэтээр нэг компанид их хэмжээний өртөгтэй олон ажил өгдөг ч гүйцэтгэгч нар нь ажлын туршлага, чадвар хариуцлага муугаас хэрэгжих, гүйцэтгэх боломжгүй байдалд оруулан унагаж хаячихаад суудаг болжээ.

 

Б.Баяр

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих