“Б.Бүлтэн эмч төгс хагалгаа боллоо гэсэн”

adc71fb6253d0e0426ab0694fbf1aa4fbig

Анхны  үрээ тэврэх гэж харьяа дүүргийн гуравдугаар амаржих газарт очсон 22 настай бүсгүй эмч нарын хайхрамжгүй, хариуцлагагүй үйлдлээс амиа алдаад жил болсон байна. Өнгөрөгч 2013 оны аравдугаар сарын 9-ний өдөр талийгаач Ц-д гуравдугаар амаржих газрын эмч С.Энхзаяагаар ахлуулсан  эмч, ажилтнууд  анхны хагалгаа хийсэн байдаг. Гэсэн ч анхны хагалгаа хийхдээ бохирдуулж, эхэсийг саванд  дутуу үлдээснээс 3-5 удаа давтан хагалгаанд орж улмаар амь насаа алдсан. Жил тойрон шалгагдсан энэ хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр 14,00 цагийн орчим Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд  эхэллээ. Шүүх хуралд талийгаачийн аав Ц.Баттулга, тэдний ар гэрийнхнээс гадна  гуравдугаар амаржих газарт мөн энэ байдлаар амь насаа алдсан зарим нэг хүмүүсийн ар гэрийнхэн хүрэлцэн ирсэн байлаа. Харин хариуцлага алдсанаа өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа III амаржих газрын эмч С.Энхзаяа, н.Цовоо, н.Соёл, н.Мөнхцэцэг, гавьяат эмч Б.Бүлтэн нар хүрэлцэн ирсэн байв. Гавьяат эмч Б.Бүлтэнгийн хувьд  “Таны төлөө бид” хувийн эмнэлгийн захирлаар ажиллахаас гадна I, III амаржих газарт зөвлөх эмчээр ажилладаг нэгэн. Тэрбээр сэтгүүлчдэд  ямар нэг тайлбар өгөхөөс татгалзаж “Миний хийсэн хэрэг биш. Гэтэл хэвлэл мэдээллээр Бүлтэнгийн хэрэг гэж ярьж, бичиж байгаад харамсч байна. Надад үнэхээр хүнд байна” гэснээс өөр зүйл хэлсэнгүй.

Шүүх хуралдаанд хохирогчийн ар гэрийнхнээс гадна тухайн үед мөн л хагалгааны бохирдлоос болж амь насаа алдсан өөр хэргийн хохирогчдын ар гэрийнхнээс төлөөлөл ирсэн байлаа. Энэ  үеэр талийгаач Ц-ийн аав Ц.Баттулгатай  цөөн хором ярилцсан юм.

-Тухайн үед  чухам юу болсон юм бэ. Таны охинд олон удаа хагалгаа хийх ямар шалтгаан байсан талаар тодорхой хэлэхгүй юу?

-Одоогоос яг жилийн өмнө талийгаач охин маань III амаржих газарт хүүхдээ төрүүлэхээр очиход ураг том байна гэх үндэслэлээр заавал хагалгаанд орох шаардлагатай гэж С.Энхзаяа эмч хэлсэн. Ингээд хагалгаанд оруулсан. Үүнээс хойш хоёр хоног нэг ч удаа үзээгүй байгаа юм. Хагалгаанд орсон шөнө халуурч хонолоо гэж охин минь бидэнд хэлсэн юм. Тэр тухайгаа сувилагчид хэлтэл “Ямар бааштай юм. Яагаад халуурлаа гэж яриад байгаа юм” гээд тоогоогүй юм билээ.  Ингээд гурав дахь өдөр нь бид нар эмч нартай уулзаад арга хэмжээ авч өгөөчээ  гэсэн. Гэтэл С.Энхзаяа эмч үзэнгүүтээ хийсвэр хагалгаагаа нээгээд гуурс тавьсан байдаг. Үүнийгээ бид нарт хэлээгүй. Ингээд С.Энхзаяа, н.Цовоо нарын эмч хагалгаа хийхээр болж гавьяат эмч Б.Бүлтэнг мөн дуудсан байсан. Бидэнд Б.Бүлтэн эмч “Төгс сайн хагалгаа боллоо. Охины чинь амь нас аврагдлаа” гэх утгатай үг хэлсэн юм. Бид ч тайвширсан. Гэтэл нэг хоноод дахиад л халуураад эхэлсэн. Үүнээс хойш арваад хоногийн дараа дахин хагалгаанд ороход бас л “төгс хагалгаа боллоо” гэсэн. Хоёр хоногийн дараа дахиад  халуурахаар нь арга бараад “Ачтан” эмнэлгийн гавьяат эмч Батсүх дээр С.Энхзаяа эмчийг гуйсаар байгаад дагуулж авч очсон юм. Батсүх эмч үзээд надад “Охины тань алтан амь чухал байна” гэж хэлсэн. Ингээд маргааш нь хагалгаанд оруулж байгаа юм. Ингэхдээ госпиталийн мэс заслын эмч, мэдээ алдуулалтын эмч гэсэн хоёр эмч дуудсан. Энэ  хагалгаанд оруулахдаа савыг нь авсан. Охиныхоо амийг аварч байвал бусад нь яах  вэ гээд бид ч зөвшөөрч гарын үсгээ зурсан. Ингээд анхны хагалгаанд орсноос хойш яг арав хоногийн дараа амиа алдсан даа. Анхны хагалгаанаас хойш бараг 5  удаа хагалгаан ороод, эцэст нь амиа алдсан.

-Шүүх эмнэлгийн дүгнэлтээр амь насаа алдсан шалтгаан нь юу гэж гарсан бэ?

-Цэвэр эмч нарын алдаа. Мэс заслын бохирдол, эхэсийг хоцроосноос цусанд бохир орсноос амь насаа алдсан гэж гарсан байна лээ. Олон удаа  хагалж цэвэрлээд буцааж оёсоор байгаад  сүүлдээ ийм байдалд хүрсэн. Хоёр удаа мөрдөн байцаалтад буцсан. Хамгийн сүүлд 100 хувь эмч нарын буруутай үйл ажиллагаанаас  амь насаа алдсан  гэсэн дүгнэлт гарсан. Аврах боломж байсан уу байсан 100 хувь байсан гэж үзэж байгаа.

-Эмч хүн санаатайгаар хүний аминд хүрдэггүй гэж  өмгөөлөх хэсэг байх юм. Үүнд та юу хэлэх вэ?

-Би үүнтэй санал  нийлэхгүй. Алдаа гаргасан ч аврах боломжтой байхад   шаардлагатай арга хэмжээг авалгүй алдаагаа давтсаар байсан шүү дээ. Үнэхээр гомдолтой байгаа. Энэ хэргийг шударгаар шийдүүлэхийн төлөө тууштай явна. Ер нь III амаржих  газар мал нядалгааны газар   шиг л хүмүүсийг олноор хагалгаанд оруулж байдаг.  Одоогийн байдлаар ийм хариуцлагагүй байдлаас хохирсон, ойр дотны хүнээ алдсан 12 хүн надтай байнга холбоотой байгаа. Манай охиныг нас барсны маргааш  нь хүртэ бас л нэг 22 настай охин амиа алдлаа гээд шүүх эмнэлэгт ирж байх жишээтэй.

-Эмч нарын зүгээс юу хэлдэг  вэ?

-Ерөөсөө л эмнэлгийн дотоод ариун цэвэр муу байснаас боллоо  гэдэг. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

-Гавьяат эмч Б.Бүлтэнг хэзээ дуудсан юм бэ. Та бүхэн хүсэлт  тавьсан юмуу?

-Бид хүсэлт тавиагүй. III амаржих газрынхан өөрсдөө дуудсан байсан. Хоёр дахь хагалгаанаас эхлээд орсон. Хагалгаанд орох гэж байхад нь “Миний охины амийг л авраад өгөөч. Хэрэггүй зүйл байдаг бол  авчих. Гарын  үсгээ зураад өгөе” гэсэн. Харин хагалгаанаас гарч ирээд “Залуу хүн учраас савыг нь үлдээлээ. Харьцангуй гайгүй байна” гэхээр нь эргээд үрэвсэл өгөх асуудал гарахгүй биз гэж лавласан. Б.Бүлтэн эмч  хагалгаа амжилттай сайн болсон. Асуудал гарахгүй  л гэсэн.

-Эмч нарт хуулийн хүрээнд хүлээлгэх хариуцлагын талаар  таны бодол?

-Хуулийн байгууллага ямар шийтгэл оногдуулахаа шийдэх байх. Миний хувьд  маш их гомдолтой байгаа. Хамгийн гол нь дахин олон сайхан охин ийм байдлаар амиа битгий алдаасай гэсэндээ хуулийн байгууллагад хандсан. Ингэж хуулийн байгууллагаар явж байхад олон янзын зүйлтэй тулгардаг юм байна. Гэхдээ  алдаа гаргаад, алдааг нь засах гэж  мэс засал хийсэн эмч нар нь алдаагаа давтсаар байгаад аминд нь хүрсэн. Тэгэхээр бүгд хариуцлагаа хүлээх  л ёстой гэж бодож байна.

-Эмч нар тантай уулзсан уу?

-Бүгд уулзсан. Алдаагаа хүлээн зөвшөөрдөг. Уучлаарай л гэдэг.

Ийнхүү ярилцаж байхад шүүх хуралдаан эхлэхээр болж бидний яриа өндөрлөлөө. Тэднийг Эрүүгийн хуулийн 106.2-т заасан үндэслэлээр БЗД-ийн цагдаагийн I хэлтэст шалгаж харьяа прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа юм. Хүний гавьяат эмч Б.Бүлтэн нарын гэм буруутай нь тогтоогдвол албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн заалттай юм. Бид шүүх хуралдааны шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.

НЭМЭЛТ: 18.44 цаг.

Хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцлаа. Учир нь шинжээчийн дүгнэлтийг хэрэгт холбогдсон эмч тус бүр дээр дахин гаргах шаардлагатай гэж үзжээ.

Эмч тус бүр ямар алдаа гаргасныг тодорхой болгоогүй учраас хэнд ямар хариуцлага хүлээлгэх нь эргэлзээтэй гэж үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.

news.mn


URL:

Сэтгэгдэл бичих