Хохирогч хаанаас олдсон бэ? хэн хөнөөсөн бэ?
Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо “Жамдамбын уурхайн арын хуучин аманд нас барсан хүн байна” гэсэн мэдээллийн дагуу Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын хүнд онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид хэргийн газрын үзлэгийг хийхэд цогцос гадны нөлөөтэй /боомилж/ амь насаа алдсан болох нь тогтоогдож Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажилласан.
Хохирогчийг эрэн сурвалжлах ажлыг явуулахад 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс “Хьюндай грейс” маркийн автомашинтай сураггүй алга болсон “А” болох нь тогтоогдож Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажилыг явуулж богино хугацаанд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тогтоон шалгаж байна.
ХЭН ҮЙЛДСЭН БЭ?
Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах хүнсний дэлгүүрийн эзэн “П” гэгч үйлдсэн болохыг тогтоож холбогдогчийн төрсөн дүүгийн гэрээс хохирогчийн тээвэрлэж явсан архинуудыг эд мөрийн баримтаар хураан авч “П” Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид хорьж шалгаж байна.
Дээрх гэмт хэргийг илрүүлэхэд Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын хүнд онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид мэргэжлийн өндөр ур чадвар гарган богино хугацаанд гэмт этгээдийн гэмт үйлдлийг бүрэн нотлосон болно.
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв
URL: