Импортын улаанбуудайн асуудалд гишүүд шүүмжлэлтэй хандав
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар намрын ургац хураалтын явцын талаарх ҮХААЯ-ны удирдлагуудын мэдээллийг сонслоо.
Тус яамныхан намрын ургац хураалт 80 гаруй хувьтай яваа. Энэ сарын 20-д хавьд ургац хураалтын ажлыг дуусгахаар ажиллаж байгаа гэсэн цаг үеийн мэдээллийг байнгын хорооны гишүүдэд өглөө. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх тус яам газар тариалангийн бодлогоо тодорхойлж, УИХ-д оруулж ирэх нь зүйтэй. Салбарын бодлого тодорхойгүйгээс өнөөдөр импортын улаан буудай орж ирүүлэх нөхцөл бүрдэж байна хэмээн үзэж байгаагаа хэллээ. Мөн үеэр УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан газар тариаланчдаас ирүүлсэн албан бичгийг уншиж танилцуулав. Тариаланчид ОХУ-аас их хэмжээний улаан буудай оруулж ирж байгаа нь гурилын үнийг унагаж байгаагийн дээр ирэх оны тариалалтыг багасгах үндэс болж байна хэмээн уг бичигт дурдсан байв.
ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал хэлэхдээ, “Энэ жил 100 гаруй мянган тонн улаан буудайн цавуулгийн хэмжээ бага байна. Цавуулаг багатай улаан буудайг гурил болгож тээрэмдэхэд цавуулаг өндөртэй улаан буудай холих шаардлагатай. Цавуулаг өндөртэй улаан буудайг нөхөхийн тулд импортоор бага хэмжээний улаан буудай авч гурилын үйлдвэрүүдэд өгсөн. Нэгэнт ургасан улаан буудайгаа чанартай гурил болгохын тулд хэрэггүй зардлуудыг багасгаж, чанартай гурилыг арай хямд үнээр иргэдэдээ нийлүүлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө ийм арга хэмжээ авч байна” гэсэн тайлбарыг хийлээ. Түүнчлэн хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс ийм шийдвэрийг гаргасан гэсэн Төрийн нарийн бичгийн даргын тайлбарт гишүүд нэлээдгүй шүүмжлэлтэй хандсаны дээр энэ сарын 30-ны дотор салбарын бодлогоо боловсруулж, УИХ-д оруулж ирэхийг тус байнгын хорооноос үүрэг болголоо.
Б.Туул montsame
URL: