Н.Алтанхуяг сайд нараа хэрхэн сонгох вэ?

sddewewweЕрөнхий сайд Н.Алтанхуяг Засгийнхаа  бүтцийг  өөрчлөх ажлыг санаснаас хурдан  амжууллаа. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх төслийг УИХ-ын гишүүд ч богино хугацаанд баталж  өгөв. Нийлүүлсэн яамдын нэршил өөрчлөгдсөн, Тэргүүн шадар сайд гэх албан тушаалыг  нь хүлээж  аваагүйг эс тооцвол танхимынх нь бүтцийг элдэв завсаргүйгээр баталсан. Харин одоо дахин эмхлэгдсэн  яамдын сайд нар хэн байх бол гэдэг нь олны анхааралд байна. Ерөнхий сайд өнөөдөр УИХ-ын даргад сайд нарынхаа нэрсийг өргөн барихаар  болжээ.Эх сурвалжуудын мэдээлж  байгаагаар шинээр нэгтгэж байгуулсан Уул уурхай, эрчим хүч, Зам тээвэр, барилга, хот байгуулалт, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам шинэ удирдлагатай болох гэнэ. Зарим нь Сангийн сайд Ч.Улаан өөрчлөгдөнө гэж байгаа ч АН ,МАХН-ынхан үгүйсгэж байгаа юм. Эдийн засгийн хөгжлийн яам татан буугдаж хариуцаж байсан чиглэл нь гурван яаманд хуваагдсан. Тодруулбал,  Ерөнхий сайд, Гадаад харилцааны яам, Сангийн яамны эрхлэх асуудалд очсон юм. “Гадаад харилцааны сайд Л.Болд албан тушаалаа өгч, Ч.Улаан ажилдаа хэвээр үлдэх байх” хэмээн Д.Ганбат гишүүн онцлов.  “Шинэ сайд нарын олонхи нь УИХ-ын гаднаас байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч гэсэн гаднаас байхыг үүрэгдсэн”гэх гишүүн олон байв. Харин нам доторх фракцийн квотоор сайд нарыг томилох жишиг өөрчлөгдөхгүй нь.

Өмнөх бүтцээр бол Зам тээврийн сайд А.Гансүх МоАХ фракц. Харин Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, татан буугдсан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар МҮДН-ийнх, Гадаад харилцааны сайд Л.Болд “Зүүн хойд Ази” фракцийн хүн юм. Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Шонхор” фракцийнх бол Эрчим хүчний сайд М.Сономпилийн албан тушаал “Шударга ёс” эвслийн суудалд хамаарна. Эвсэл дотроо МҮАН-ын мэдлийн ганц суудал нь энэ юм. Тэгэхээр шинээр томилогдох гээд байгаа гурван сайдын суудал фракцийн зарчмаар бол “Шударга ёс” эвсэл, МҮДН фракцид хамаарч таарахаар байна. Харин үлдсэн ганц суудлыг нь “Зүүн хойд Ази”, МоАХ, “Шонхор”-ын аль нь авах вэ гэдгийг таахад хэцүү юм. Төрийн ордонд нисч байгаа “бор шувуу”-гаар бол Ерөнхийлөгчийн захиад байгаа шинэ сайд нарыг  УИХ-ын гаднаас байлгах шаардлагыг хангаж  байгаагаараа А.Гансүх Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд болно гэж байна. Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэнг томилно гэсэн яриа ч тархжээ. Харин Уул уурхай, эрчим хүчний сайдаар М.Сономпил  ажиллана гэж байсан ч “Шударга ёс” эвслийнхэн МҮАН-ын дарга М.Энхсайханыг томилох санал өгсөн тухай мэдээлэл тарж амжив.

Яамдыг нэтгэхээр  хоёр дэд сайдтай ажиллана гэсэн мэдээлэл гарсан ч үүнийг Засгийн газрын зүгээс үгүйсгэж байна. Тиймээс ажилгүй болж  байгаа  дэд сайд нарын хувьд байдал хэрхэн өөрчлөгдөхийг таахад хэцүү. Хуучин бүтцээр Уул уурхайн дэд О.Эрдэнэбулган, Эрчим хүчний дэд Д.Доржпүрэв, Эдийн засгийн хөгжлийн дэд О.Чулуунбат, Гадаад харилцааны дэд Д.Ганхуяг, Зам тээврийн яамны  дэд Х.Ержан, Барилга хот, байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа нарын хэн нэг нь яамандаа үлдэж, нөгөө нь ажлаа өгч  таарна. Эх сурвалжуудын мэдээлснээр Уул  уурхай, эрчим хүчний дэд сайдаар О.Эрдэнэбулган үлдэх бололтой. Сайд болохоосоо өмнө Төрийн  өмчийн хорооны дэд дарга байсан түүнийг ажлаа  сайн мэддэг, нефть бүтээгдэхүүний  үнийг тогтвортой байлгахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэх мэтээр ам сайтай  байдаг юм билээ. Харин  Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын  ажиллагааны дэдээр  О.Чулуунбат, Зам тээвэр ,барилга хот  байгуулалтын дэдээр Г.Байгальмаа очно гэсэн таамаг байна.

Байр суурь

Ц.Цолмон: Гурван сайдын нэгийг эвслээс сонгох ёстой

Шинээр нэгтгэн байгуулсан яамдын сайд нар хэн байх бол. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Цолмонгоос зарим зүйлийг тодрууллаа.

-Засгийн газрын шинэ бүтцийг баталлаа. Гурван сайд шинээр томилогдох нь ойлгомжтой  болж байна. Шинэ сайд нарын хэд нь танай эвсэлд хамаарах билээ. Эрчим хүчний сайд М.Сономпилийн суудал лав танай эвслийнх биз?

-“Шударга ёс” эвсэл Засгийн газарт орж ажиллахдаа АН-тай байгуулсан гэрээ бий. Үүнд Засгийн газрын бүрэлдэхүүний 25 хувийг “Шударга ёс” эвсэл бүрдүүлнэ гээд заачихсан байгаа. Шинэ бүтэц ёсоор Засгийн газар 16 сайдтай байх ёстойгоос дөрөв нь манайд хамаарч таарна. Ингэхдээ эвслийн нэрээр ажиллаж байгаа гурван сайдын удирдаж байгаа яаманд өөрчлөлт ороогүй учраас тэд хариуцлагатай үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Харин Уул уурхай, Эрчим хүчний яам нэгдсэн учраас энэ албан тушаалд өөр  нэгэн очих байх. Одоогоор хэнийг томилох вэ гэдэг нь тодорхойгүй байна. Ерөнхий сайд ч биднээс энэ талаар санал аваагүй. Ерөнхий сайд энэ талаар тал, талаас мэдээллээ авч өөрийнхөө бодлыг тусгаад бидэнд саналаа хэлэх ёстой. Гурван сайдын нэгийг нь манай эвслээс сонгох учиртай. Зарим хүн Сангийн сайд Ч.Улааныг өөрчилнө гэж ойлгоод байх шиг байна. Тэгвэл Ч.Улаан Сангийн сайд хэвээрээ үлдэнэ гэж хэлэх байна. Энэ яамны өмнөх бүтцэд нь төдийлөн өөрчлөлт ороогүй. Эдийн засгийн хөгжлийн яамны хариуцаж байсан тодорхой асуудал нэмэгдсэнээс биш сайдыг нь өөрчлөх хэмжээнд өөрчлөгдөөгүй.

-Эдийн засгийн хөгжлийн яам татан буугдсан. Танай намын гишүүн О.Чулуунбат дэд сайд нь байсан. Энэ суудлаа өөр албан тушаалаар орлоно гэх үү?

- Яам нь нэгэнт татан буугдсан шүү дээ. Гэхдээ энэ талаар бүлэг дотроо ярьсан зүйл алга.

-М.Сономпил сайдын суудал МҮАН-ын квот. Түүний оронд “Шударга ёс” эвслээс өөр хүн санал болгох уу?

-Мэдээж эвслийн хэмжээнд ярьж нэрээ санал болгоно. МАХН-МҮАН хоёр намд тохиролцсон зүйл бий.

С.Бямбацогт: Сайд нарыг парламентын гаднаас томилоорой

Харин шинэ бүтцийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт ийм байр суурьтай байна.

“Засгийн газрын бүтэц, хариуцлагын асуудал тусдаа яригдах ёстой гэдгээ МАН-ын бүлэг удаа дараа мэдэгдэж байгаа. Бүтцээр далимдуулж эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн сайд нарыг хариуцлагаас зугтаалгаж болохгүй. Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг өргөн мэдүүлэхдээ зарчмын тодорхой шаардлагуудыг баримтлахыг Ерөнхий сайдад сануулъя. Юуны өмнө Ерөнхий сайд танхимынхаа шинэ бүрэлдэхүүнд “давхар дээл”-гүй мэргэжлийн хүмүүсийг санал болгох, ажлаа хийж чадахгүй хариуцлага алдаж ард иргэд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн, салбарынхаа ажлыг унагасан сайд нарыг дахин оруулж ирэхгүй байх ёстой. Түүнээс гадна  эрүүл мэнд, газар тариалан, хөдөө аж ахуй, төсөв санхүү, соёл, спортын салбар хариуцаж байгаа сайд нарыг давхар өөрчлөх ёстой. Энэ салбарууд уначихаад байна шүү дээ. Хариуцлага алдаж улсын эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлыг хямралт байдалд хүргэхэд нөлөөлсөн, МАН-ын бүлгээс хариуцлага тооцож огцруулах саналыг удаа дараа гаргаж байсан Засгийн газрын гишүүдийг шинээр бүрдүүлэх танхимдаа сайдаар дахин ажиллуулахгүй байх ёстой. Нэгэнт Засгийн газрын бүтцийг өөрчилсөн учраас өргөн мэдүүлсэн 2015 оны Төсвийн тухай хуулийн төслөө эргүүлэн татаж авах ёстой. Засвар өөрчлөлт орох нь дамжиггүй” гэсэн юм.
Зууны мэдээ
Д.Болормаа


URL:

Сэтгэгдэл бичих