Давхар дээл vs Дан дээл
Өнгөрөгч 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газар болон УИХ-ын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл оруулсан. Энэ нь засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнийг давхар хашдагыг болиулах тухай хуулийн төслийг оруулсан боловч дэмжигдээгүй өнөөг хүрсэн юм. Энэ асуудлаар Х.Баттулга гишүүн УИХ дээр өөрийн байр сууриа илэрхийлж давхар дээлээ тайлсанд зарим нэг гишүүд дургүйцэж хариуцлагаас бултлаа хэмээн үгээр хатгаж байсан цаг саяхан. Тухайн үед ерөнхийлөгч өөрийн байр сууриндаа бат зогсож байсан боловч УИХ доторх намын бүлгүүд хаяагаа манаж энэхүү хуулийн төслийг илээд өнгөрсөн гэхэд болно. Гэтэл дан дээлтэй байх нь сул тал ихтэй хэмээн УИХ дахь хоёрхон дан дээлтэй сайдын нэг болох Эрүүл мэндийн сайд Н.Удвал 2014 оны 6-р сарын 10-нд Өглөөний мэдээ сонинд өгсөн ярилцлагадаа “Дан дээлтэй сайд жишээ нь УИХ-аар төсөв, хөрөнгө, бодлогоо батлуулахад гишүүдэд нөлөөлөх нөлөөлөл, дэмжлэг авах талд давхар дээлтэй сайд нараас илэрхий дутмаг байдаг. Би тэр зовлонг дэндүү сайн туулж, мэдрээд явж байна. Давхар дээлтэй буюу УИХ-ын гишүүн сайд нар УИХ-аар том бодлогоо гаргах, төсөв хөрөнгөө салбартаа хангалттай хуваарилуулах гээд нэг танхимд зэрэгцэн сууж байгаа ангийн нөхдөөсөө авах дэмжлэг, туслалцаа үнэхээр шал өөр байдаг. Хэдийгээр УИХ дахь нам, бүлгийн нөлөөлөл, лобби орж байгаа мэт боловч эцсийн дүндээ монголын ард түмний төлөө л чиглэгдсэн болохоор би тэдгээр дэмжлэг, нөлөөллийг муу зүйл гэж боддоггүй” гэсэнтэй багагүй гишүүд санал нийлснээр давхар дээлний асуудалд гишүүд хоёр хуваагдаж эхлэсэн юм.
Эндээс үзвэл сайд нарын хувьд давхар дээлтэй байх нь яамандаа илүү их боломж, гарцыг нээж байгаа гэх боловч нөгөө талдаа манай улсын хувьд энэ шийдвэр нь эрсдэлтэй алхам болохыг эдийн засгийн болоод засаглалын хямралаас олж харж болно. Мөн “Давхар дээл”-ийг дан болгох бас нэгэн тодорхой шалтгаан нь давхар дээлтэй гишүүдийн хувьд УИХ нь хяналтын чиг үүргээ алдахад хүрч, хуралдааны ирц муудах, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт сулрах, гишүүн өөрөө сайдын ажил дээр төвлөрч ажиллах боломж багасч, ажил цалгардах зэрэг хамгийн энгийн жишээнүүдийг дурьдахад хангалттай болов уу. Өнөөдрийг хүртэл энэ байдлыг гишүүдийн ирцгүйгээс хурал хойшлох, хангалтгүй ирцээр чуулган, байнгын хороодоо хуралдуулсаар байгаагаас олж харж болно. Иймээс ч давхар дээлнээс татгалзах асуудлыг ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дахин дахин хөндсөөр байгаа юм.
Ерөнхийлөгчийн зүгээс давхар дээлний асуудлыг нэг мөр цэгцэлнэ гэдэгээ Baabar.mn сайтад 2014 оны 10-р сарын 4-ний өдрийн Сэтгүүлч, нийтлэлч Б.Ганчимэгтэй ярилцсан ярилцлагандаа “Одоо бол намрын чуулган эхэлж байна. Энэ асуудал хөндөгдөх ёстой. Хэрвээ ямар нэгэн сайд өөрчлөгдөх юм бол дараагийн томилогдох сайд нь их хурлын гишүүн биш, үнэхээр нэр хүндтэй, мэргэжлийн,тухайн салбартаа тод, том, хүлээн зөвшөөрөгдсөн тийм сайд томилогдоосой гэсэн ийм л хүсэл надад байгаа. Ер нь тэр давхар дээлний асуудлыг би оруулж шийдүүлнэ” хэмээн хэлсэн байдаг. Гэтэл ерөнхийлөгч давхар дээлтэй болох хуулийг анхлан өөрөө санаачилж байсныг хэвлэлүүд олон талтай хүлээж авсан бөгөөд эргээд давхар дээлээ тайлах ёстой хэмээн бат зогсож байгаа нь олны дунд хүлээлт үүсгээд байгаа.
Ерөнхий сайд бүтцийн өөрчлөлт хийх болсныг зарим нэг хэвлэлээр “шинэчлэлийн засгийн газар анхлан байгуулсан цагаас л эхлэн зарим нэг улс төрчдийн шахалт шаардлагаар ийнхүү бүтцэд өөрчлөлт оруулж, шинэ цус сэлбэх замаар АН гэх тодотголтой Шинэчлэлийн Засгийн газрыг аврахаас өөр аргагүй болсон байж болох талтай “, “ МоАХ, Шонхор зэрэг фракциудаас Засгийн газрыг огцруулах тухай яриа нэлээд гарч байсан. Тиймээс энэ галыг унтраахын тулд бүтцийн өөрчлөлт хийх замыг сонгож байх шиг байна” хэмээн таамаглаад байсан юм. Харин ерөнхийлөгч энэ тал дээр ерөнхий сайдад итгэл хүлээлгэж буйгаа хэлснээр шинэ бүтэц өөрчлөлтөөр ерөнхий сайд давхар дээлийг тайлуулах нь уу гэсэн найдвар төрүүлж байгаа юм. Гэвч Н.Алтанхуягийн засгийн газар хэвээрээ үлдсэн ч давхар дээлний асуудлыг өмнөх жилийн хаврын чуулган дээр хэлэлцдэг шиг 2016 оны 7 дугаар сарын 1-ээс дагаж мөрдөнө гэж үзвэл шинээр томилогдох сайдууд давхар дээлтэй орж ирэхээр болж байгаа юм. Хэрвээ ерөнхийлөгчийн оруулсан санал УИХ-аар дахин дэмжигдэхгүйд хүрвэл ерөнхийлөгч бүрэн эрхээ эдлэж хориг тавих эрхтэй. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд тус хуулинд хориг тавьбал УИХ-ын шинэ бүтцэд сайд нар давхар дээлгүй болох бөгөөд анх санаачилсан хуулийн төслөө эргүүлэн татах боломжтой болох юм. Ингэснээр хяналтын механизмын зүгширэх гараа нь тавигдах болно. Тэгэхээр давхар дээлгүй шинэ бүтэцтэй болохын тулд ерөнхийлөгчийн шийдвэрийг хүлээх л үлдээд байна.
medee.mn
URL: