Хар технологи

энэ2009 он. Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад улсын мөнгө туучихсан Д.Сүрэнхор сураггүй алга болоод байв. Гэтэл тэр хүн гэв гэнэт Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гараад ирлээ. Уг нь тэр оргож явсан юм шүү дээ. Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан тэрээр хэн нэгний тусламжтайгаар хилийн чанадаас “Монголын ард түмэндээ” хандаж захидал илгээжээ. 2009 оны тавдугаар сарын 15-наар огноолсон тэрхүү захидлаараа Ерөнхийлөгч Н.Энхбаярын эхнэр О.Цолмон Швейцарийн Swiss Credit банкинд 1.3 тэрбум ам.долларын хадгаламжтай хэмээн зарласан. Сонгуулийн санал хураалтаас есхэн хоногийн өмнө шүү дээ.

Хачирхалтай нь энэ захидал гэгчийг оргодол Д.Сүрэнхор бичсэн эсэх нь тогтоогдоогүй. Дараа нь ч тодорхой болоогүй. Сүүлдээ захидалд дурдсан банк байгаа эсэх нь ч асуудалтай болсон.

Чухамдаа тэрхүү мэ­дээ­лэл тухайн үедээ Ерөнхийлөгч Н.Энхбаярын сонгуулийн өмнөх нэр хүндийг унагах зорилготой байсан. Хэн ч араас нь нэхэж тодруулаагүй. Үнэн зөвийг олоогүй. Учир нь тэр сонгуулиар Ц.Элбэгдорж ялалт байгуулсан юм.

2013 он. Мөн л сонгуулийн өмнө Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж солонгосуудтай лицензийн наймаанд холбогдсон тухай Yahoo news агентлагаар дамжин дэлхий дахинд цацагдав. Yahoo news агентлагийн мэдээлснээр ….Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүний ойрын хамсаат­нууд Өмнөд Солонгосын нэгэн хөрөнгө оруулагчид алтны лиценз амлаж, толгойг нь эргүүлэн ямар ч алт байхгүй орд өгч луйвардлаа.

…Өмнөд Солонгост суугаа  Монголын Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч ноён Сүхээ хөрөнгө оруулагчтай уулзаж тохирсны дагуу санхүүгийн гүйлгээ хийхийг хүсчээ. Тун удалгүй Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ноён Цагаан болон Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх ноён Пүрэвсүрэн нар Өмнөд Солонгост хүрэлцэн очиж тус бүр нь 150 сая воны дөрвөн ширхэг, 100 сая воны чек нэг ширхгийг хүлээн авчээ. Нийт дүн нь ойролцоогоор 650 мянган ам.доллар болсон байна. Хөрөнгө оруулагч мөн гурван сая ам.доллар шилжүүлж, уул уурхайн лицензтэй газраа шалгаж эхэлсэн байна. Хайгуулын ажилд 400 мянган ам.доллар зарцуулсан бөгөөд үүнийг хөрөнгө оруулагч болон Солонгосын Засгийн газрын уул уурхайн хамтын ажиллагааны байгууллага хоёр хамтран санхүүжүүлжээ. Гэвч тухайн газар нутагт ямар ч алтны нөөц байхгүй бөгөөд Монголын Засгийн газарт мэхлэгдсэн гэдгээ ойлгож, гүн цочирджээ. Тэднийг ихэд цочруулсан гол зүйл нь алтны лицензийг төрийн албан хаагчид тэдэнд санал болгосонд байгаа юм. Тэд нар Ерөнхийлөгч Элбэгдоржийн Гадаад бодлогын зөвлөх Пүрэв­сүрэнгийн тушаалаар уул уурхайн лицензийг зарсан байжээ…

Энэ мэдээлэл  бас л сонгуулийн өмнө гэдгээрээ онцлогтой. Өмнөхийн адил буруу зөвийг хэн ч тогтоогоогүй. Сонгууль өнгөрсөн. Тэгээд л сураг алдарсан. Энэ мэдээ үнэн бол маш аюултай, худал бол бүр аюултай. Гэсэн ч сонгуульд ашиглагдаад л өнгөрсөн байдаг.

Яг одоо нэгэн мэдээлэл Монголд жинхэнэ сенсаац болж байна. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Өмнөд Солонгосоос иргэншил ч гэнэ үү,  орогнол ч гэнэ үү хүссэн гэнэ. Бас л барим тавим гэж болохоор “баримт сэлт”-тэй.

БНСУ-ын үндэсний өдөр тутмын төв хэвлэл Жунганг Илбу сонин, JTBC NEWS агентлаг ийм мэдээлэл түгээсэн байна. Уг мэдээлэлд “…Монгол Улсын Ерөнхийлөгч асан

Намбарын Энхбаярт саяхан БНСУ-д орогнох зөвшөөрлийг олголоо хэмээн Засгийн газрын төлөөлөгч мэдэгдлээ. Энэ нь гадаад улсын төрийн тэргүүн Өмнөд Солонгос улсад орогнож байгаа анхны тохиолдол юм. …Н.Энхбаяр нь үүний дараа ихэнх хугацаанд БНСУ-д оршин сууж байсан бөгөөд эмчилгээ хийлгэж гадаад харилцаагаа үргэлжлүүлж байсан. Саяхан тэрээр гэр бүлийн хамтаар Солонгосын иргэний харьяаллыг авлаа. Тэрээр Ерөнхийлөгчийн албыг хашиж байх үедээ тус улстай онцгой найрамдалт харилцаатай байсан юм….”

Энэ мэдээлэл БНСУ-ын сонин,  телевиз, сайтаар цацагдсан байгаа юм. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр МАХН-ын даргын хувьд намынхаа удирдлагуудаар дамжуу­лан уржигдар няцаасан мэдэгдлийг хийв. Гэвч үүнийг үнэн болгож нотлох гэсэн мэдээллүүд өнөө хэр нь үргэлжилж байна.

2009, 2013 онд, өнөөдөр болж буй үйл явдлууд нэг л танил. Тодруулж хэлбэл, яг ижилхэн хар технологи үргэлжилж байгааг олон хүн анзаарчээ.

Үнэн хэрэгтээ Монголын улс төрийн өрсөлдөөн хил даваад явчихаж. Хүн ам нь цөөхөн ч чамгүй том газар нутаг дээрээ сөргөлдөж багталцахаа больчихож.

Улстөрчдийн бие биеэ намнах зорилго бүхий шидсэн чулуу нь тээр тэндээс, хилийн чанадаас наашаа шунгинадаг болжээ.

Яг үнэндээ энэ технологи тийм ч сайхан эд биш болохыг юм мэддэг хүмүүс анхааруулаад байна. 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн төрийн мөнгө идээд зугтчихсан,  интерполоор эрэн сурвалжлагдаж байсан оргодол этгээд гадаадаас захиа дэлгэж ч байх шиг. Дараагийнх нь сонгуулийн өмнө бас л Ерөнхийлөгч нь ойр дотны шадар хүмүүстэйгээ нийлж солонгосчуудад хоосон газрыг алттай гэж их мөнгөөр зарсан нь баригдаж булай болсон. Хамгийн сүүлд, өнөөдөр Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг эх орон нь хавчиж гадуурхаад Солонгос улсаас иргэншил гуйлаа гэсэн мэдээ дэлхий даяар цацагдаж байна.

Олгой хагаравч тогоон дотроо гэж ардын сайхан үг байдаг. Энэ философи хаачив. Өрсөлдөж болно оо, харин ингэж биш.

2009 онд Ерөнхийлөгч Н.Энхбаярыг ялагдахад Ц.Элбэгдорж түүний орыг залгасан. Яг үнэндээ хөшигний цаана Н.Энхбаярын эсрэг АН, бас МАН-ын удирдлагууд  зогсч байсан нь өнөөдөр нэгэнт нууц биш болсон. Монголын хоёр том улс төрийн хүчинтэй сонгуульд өрсөлдөж байсан Н.Энхбаярын талаар оргодол нөхрийн нэрээр бичигдсэн захианы эзэн нь хэн байсан бэ гэдэг бас л сонин. 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАН-ын Б.Бат-Эрдэнэтэй өрсөлдөж ялан, Ерөн­хий­лөгчийн суудалд үргэлжлүүлэн суухаар болсон. Харин сонгуу­лийн үеэр нь Ц.Элбэгдорж Солонгосын хөрөнгө оруулагчдад хуурамч лиценз зарсан гэж дэлхий дахинд мэдээлж 2009 оны хар технологи дахин гарч ирсэн нь хачин. Yahoo-гийн мэдээг Монголын хэвлэлээр түгээн тараах ажлыг лав МАН-ын PR-чид хийж байсан юм даг.

Энэ удаад Н.Энхбаяр иргэншил хүссэн гэх асуудал ч тэр чигээрээ дээрх технологиор хийгджээ. Нэг л танил, ийм хар технологийг хэн нэгэн улстөрч, магадгүй ямар нэг улс төрийн хүчин ашигласаар л байна. Уг нь хувь улстөрч, эсвэл аль нэгэн томоохон намын ялалт бахдлаас улс орны гадаад нэр хүнд туйлын чухал билээ.

 

Х.ОЧИРСҮХ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих