Н.Батбаярыг уснаас хуурай авч гарна
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын талаар эдийн засагчдын дүгнэлт, иргэдийн санаа бодлыг жагсаагаад бичнэ гэвэл Чингис бондын мөнгийг цаас болгоод бичсэнээс ч урт гомдол цуврах нь мэдээж юм.
Үр ашиггүй хөрөнгө оруулалтууд, Гудамж төслийн хэт үрэлгэн төсөв мөнгө, 888 хөтөлбөр, дааж давшгүй их өр шир, Хөгжлийн банктай холбоотой үй олон санал хүсэлт, АТГ-т шалгагдаж байгаа түүний эргэн тойрны хань хамсаатнууд, Төрийн нарийн бичгийн даргынх нь өрөөнөөс олдсон чагнах төхөөрөмж гээд Н.Батбаяр сайдын хариуцсан салбар хөгжиж дэвших нь битгий хэл уруудан доройтож, сөнөж мөхсөн гэхэд бараг болохоор байна.
Чингис бондын гэрээг одоо болтол нуун дарагдуулж байгаа, Самурай бондын хүү, төлбөр зэргийг урьдчилж өгсөн гэсэн зөвхөн хоёрхон шалтгаан түүнийг сайд байх ямар ч чадамжгүй гэдгийг наад захын УИХ-ын гишүүн ам бардам хэлж, огцруулах санал хураалт явагдах аваас “ОГЦРУУЛ” хэмээн кноп дархад бэлэн болжээ.
Бөө зайран, гал тахидаг тахидаггүй, хөх тэнгэртэй харьцдаг байдал зэргийг нь энэ удаад ор тас хаялаа гэж бодоход түүний эдийн засгийн талаарх дүгнэлтүүд, бусдад өгч буй зөвлөгөө зэрэг нь эрүүл, галзуу нь эсэхэд нь заримдаа олон хүнийг эргэлзэхэд хүргэдэг юм.
Саяхан Засгийн газраас өргөн барьсан шинэ бүтцийн өөрчлөлтийн улмаас Н.Батбаяр сайд яамтайгаа хамт Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарч байгаа нь нэг талаараа сайн мэт харагдах авч яг хариуцлага тооцсон эсэхээ яривал өөр болоод байна. Хариуцлага алдсан тул огцруулах биш, бүтцийн өөрчлөлтийн улмаас Засгийн газраас гарсан хэмээх шалтгаан нь түүний Монгол улсын эдийн засагт оруулсан хар бараан бүх хийсэн үйлдлийг зөвтгөх мэт болж, цаашид хариуцлага алдаж улс оронд томоохон хохирол учруулж байгаа албан тушаалтнуудыг Н.Батбаярын адилаар “уснаас хуурай гаргаж” амьдарсаар байвал сайд болох хүсэлтэн олширч, хариуцлага нэхэх иргэд багасан ул орон хариуцлагагүйн хар далайд унах буйзаа.
URL: