Төр дээрэмчин болчихсон уу

Төр зохицуулагч уу, дээрэмчин үү. Үүнийг бүр ойлгохоо болилоо.  Нэг бодлын сонсоход зохицуулагч юм шиг.  Нөгөө шийдвэрээс нь харахад дээрэмчин ч юм шиг. Хошин шогийн жүжигчин Д.Хүрэлхүүгийн “Эргэлзээ” шиг.  “Би ер нь амьдралд их эргэлзээд байдаг болчихож. Зурагтаа асаангуут нээх том том өмд өмссөн хип хопууд гарж ирээд дуулаад ч байгаа юм шиг загнаад ч байгаа юм шиг. Сувгаа солингуут парламэнтийн гишүүд гарж ирээд хууль зохиогоод ч байгаа юм шиг, хуйвалдаан зохиогоод ч байгаа юм шиг” гэж ирээд л элэг хөшөөсөн  юм ярьдаг даа. Яг тиймэрхүү үйл явдал өнөөдөр тохиож байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн шатахууны хомсдолд сэтгэлээ багагүй чилээж, санаа тавьж эхэлжээ. Тиймдээ ч тэд нэгэн санал дэвшүүлээд байгаа юм. Харамсалтай нь, тэр санал импортлогчдийн эгдүүцлийг багагүй төрүүлж буй гэх. Тус намын УИХ дахь бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Төр шатахууны асуудлаар захиалагчийн үүрэг гүйцэтгэх хэрэгтэй. Ингэснээр шатахуун нэг үнэ, нэг зориулалтаар орж ирнэ.  Оруулж ирсэн шатахууныг компаниуд худалдан авч  жижиглэнгээр  борлуулбал нефть бүтээгдэхүүний үнэ тогтворжиж, цаашид буурах боломжтой” хэмээн үзэж буйгаа ил тод зарлав. Эдийн засгийг хямрааж, иргэдийг цухалдуулж байгаа шатахууны хомсдолыг салбарын сайдын ажил хэмээн үл тоомсорлоогүй Ардчилсан намынханд баярламаар. Гэвч чадахгүй нь. Баярлаж чадахгүй байгаа минь бас учиртай.

Хүний юмыг хүчээр булааж авахыг цагдаагийнхан ил цагаан дээрмийн хэрэг гэж тодорхойлдог. Тэгэхээр цагдаагийнхны хэллэгээр бол төр хувийнхний бизнесийг булааж авахаа зарлана гэдэг ил тод дээрмийн хэрэг үйлдэхээ илэрхийлж байгаа бус уу. Бусдыг айлгаж, ичээх, дээрэмдэж, тонох нь Эрүүгийн хэрэг гэдгийг эрхэм гишүүд мэдэхгүй юм биш байгаа.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг нефть бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь Батж.Батбаярыг томилсон.  Ажлын хэсгийн ахлагч маань “Нефть бүтээгдэхүүн импорлогч  компаниудын эрхийг цуцлаад 100 хувь төрийн мэдлийн компанид эрхийг нь өгнө гэдэг хамгийн оновчтой. Ингэсэн тохиолдолд шатахууны үнэ өссөн ч төсвөөс татаас олгох замаар үнийн зохицуулалт хийж болно. Өмнө нь ийм арга хэмжээ авч байсан. Дандаа хувийн хэвшлийнхэн байсан болохоор тэдний халаасыг  л тэтгэсэн хэрэг болоод өнгөрч байсан юм” хэмээн ажиг ч үгүй ярьж суух. Энэ бол эрүүл саруул төрийн түшээ хүний үг яавч биш. Миний бодоход Монгол Улс ардчилсан нийгэм байгуулаад 20 жилийг үдсэн. Чөлөөт зах зээлийн эдийн засгийг хөгжүүлээд бас 20 жилийг үдсэн. Гэтэл тэр ардчилал, чөлөөт эдийн засгийн хөгжлийг хөшүүрэгдэх бодлого нь хаана төвхнөчихсөн юм бол. Ардчилсан үзэлтэй ардчилсан намын нөхдүүдийн амнаас унах үг аймаар сонсогдож байна, нуугаад яахав. Өнөөдөр компаниудыг дээрэмдэж байгаа төр шатахууны хомсдол үүсгээд байна гээд  магадгүй маргааш машиныг минь хураагаад авчихвал би яах уу. Ядаж байхад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Мандах нь болохоор шатахууны хий хомсдол үүсээд байгаа юм биш биз гэж асуухаар “Хэн дуртай нь ямбий машиг авч уначихаад, түүндээ бензин хийх гэж хомсдол үүсгэлээ” гэж загнаад байх юм даа.

“Шатахуунаар улс төр хийж болохгүй”


“Сод Монгол” группын захирал Ц.Анандбазар

-Ийм зүйл рүү шилжих юм бол шатахууны асуудал байсаар л байна. Төр хувийн хэвшлийн ажилд бодлогоор хутгалдсанаас болоод л асуудал үүсээд байгаа юм шүү дээ. Үнийг нь чөлөөлөх юмыг хүчээр бариад байна. Цаад хангамж нь  асуудалд орохоор Монголын зах зээлд тодорхой хэмжээгээр нөлөөлөх нь ойлгомжтой. Дээрээс нь хэвлэл мэдээлийнхэн үнэ хөөрөгдөх гэдэг шиг мэдээгээ хөөрөгдөөд түүнээс болоод таван литр шатахуун худалдаж авдаг хүн гэнэт 50 литрийг худалдаж авахаар хомсдол үүснэ биз дээ. Зөв менежмент хийгээд явж байгаа компаниудын ажил руу хутгалдаад байх шаардлага төрд байхгүй. Улсын нөөц бүрдүүлэх гээд төсвийн 12 тэрбум төгрөгийг үргүй цацсан асуудлыг яагаад ярихгүй байгаа юм.  Шатахуун өндөр үнээр аваад буцаад хямд үнээр зарж төсвийн мөнгийг үргүй хийж, төр алдагдал хүлээж байснаа яагаад дурдахгүй байна.  шатахуунаар улс төр хийж хэзээ ч болохгүй. Яагаад гэвэл энэ бүтээгдэхүүн суурь эдийн засагт нөлөөлдөг болохоор. Тэгэхээр ийм зүйл болохгүй биз гэдэгт найдаж байна.

“Нэг компанийн халаасанд багтана гэсэн үг”


“НИК” компанийн дэд захирал С.Сүхбаатар

-Буруу л юм ярьж байна даа. Нэг улсын нэг компанийн мэдэлд бүрэн багтана гэсэн үг. Гадаадын нэг компанийн хэлсэн үнээр л шатахуун худалдан авах болно. Юун шударга өрсөлдөөн бэ. Төр захиалагчаар оролцвол асуудал буруутах болно. Тэгэхээр ийм юм ярьж байгаа хүмүүс цаашдын хор хохирлыг нь тооцох хэрэгтэй. Урт нэртэй хууль шиг юм гарчихвал яах уу. Төр захиалагчаар оролцоно гэдэг хэн нэгэн хүний үзэмжээр шатахууны асуудал шийдэгдэнэ гэж ойлгогдож байна.


“Тэгвэл,социализм байгуулчихаач гэмээр байна”


“Жамп” компанийн захирал Л.Цэрэндаваа

Төр шатахууны импор­тыг гартаа авна гэсэн мэдэгдлийн талаар нефть импортлогчдын байр суу­рийг сонслоо.

-Тэгвэл тэгнэ л биз. Үн­дэс­ний компаниудаа ша­хах нэг арга юм шиг бай­на. Санааныхаа зоргоор бурах юм даа. Тэгээд тэр санаснаар нь болчихвол шатахуун буурна гэдэг худлаа шүү дээ. Үүний цаана авлигын асуудал нуугдах болно. Авлига цэцэглэнэ. Сонгуулийн нэг шоу юм даа. Тэгэх байсан юм бол анхнаасаа “НИК” компанийг хувьчлах ямар хэрэгтэй юм бэ.  Төр авчихвал шатахууны хомсдол нүүрлэхгүй гэж хэн хэлсэн юм. Төр нь байна уу, компани нь байна уу цаад эх үүсвэр нь шатахуун нийлүүлэхгүй гэвэл хомсдол нүүрлэж л таарна. Ингэж янз бүрийн юм ярьж байхаар нэг мөсөн социализм байгуулчихаач гэж хэлмээр байна.

Ж.НЯМСҮРЭН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих