“АПУ” ХК-ийн борлуулагчийг П гэгч хороосныг тогтоожээ

54042

АПУ компанийн гэрээт борлуулагч, “Ариун алтан тэвш” компаний ажилтан Б.Алтанхуягийг эрэн хайх ажиллагаа 15 хоног үргэлжилсний эцэст түүний цогцсыг Налайхын ашиглахаа байсан уурхай гүнээс (15 метр) өнгөрсөн сарын 30-нд 16:00 цагийн орчимд олсон билээ. Түүний унаж явсан “УНК 2983” улсын дугаартай ачааны микро автобусыг Төв аймгийн Зуун мод хотоос олсон, энэ сарын 01-нд Б.Алтанхуягийг хөнөөсөн байж болзошгүй этгээдийг Хонхороос саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Сэжигтэн этгээд ямар нэг мэдүүлэг тайлбар өгөхгүй байгаа талаар албаны хүн хэлсэн билээ.

Өнөөдөр бидний олсон мэдээллээр тухайн гэмт хэргийг БЗД-ийн 11-р хороонд байрлах хүнсний дэлгүүрийн эзэн П гэгч үйлдсэн болохыг тогтоосон байна. Мөн хохирогчийн тээвэрлэж явсан архиудыг эд мөрийн баримтаар хураан авчээ. Сэжигтэн П гэгч нь тэдгээр архийг хамаатныхаа айлын гаражид нуусан байсан бөгөөд хийсэн хэргийнхээ талаар мэдүүлэг өгч эхэлсэн байна. Бид энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахмад

Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Дээрх гэмт хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хүнд онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс болон Налайх дүүргийн цагдаагийн алба хаагчид маш богино хугацаанд илрүүлэн гэмт этгээдийн буруутайг бүрэн нотолсон. Сэжигтэн П-д Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангид саатуулан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” хэмээлээ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1-д “Шунахайн сэдэлтээр хүнийг алсан бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ” хэмээн заасан байна.

medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих