ҮАБЗ-ийн зөвлөмжгүйгээр эхний 200 вагон улаанбуудайг ОХУ-аас импортолж эхэлжээ
Газар тариалан эрхлэгчдийн холбооны тэргүүн Л.Цандэлэг ҮХААЯ-ны энэ оны есдүгээр сарын 30-ны зөвшөөрөлтэйгээр “Улаанбаатар” гурил компани ОХУ-аас 20 вагон улаанбуудай оруулж ирлээ хэмээн мэдэгдлээ. Нэг вагоныг 60 тонноор тооцдог бөгөөд нийт 200 вагон улаанбуудай орж ирэх төлөвтэй байна хэмээн тэрбээр хэвлэлийнхэнд мэдэгдлээ. Уг нь Ерөнхийлөгч өнгөрсөн сарын сүүлчээр ҮХААЯ, тариаланчдын хоорондын маргааныг зохицуулаад ирсэн. Гэхдээ эцсийн шийдээ гурван талт хэлэлцээрээр шийд гэсэн боловч ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал “Тариаланчид гарч бай. Эхлээд бид гурил үйлдвэрлэгчдтэй ярилцъя” гэсэн аж. Гэвч гурилын үнийг тогтворжуулах нэрийдлээр 400 орчим тэрбум төгрөгийг ҮХААЯ маш бага хүүтэйгээр гурил үйлдвэрлэдэг компаниудад тараасан гэнэ. Мөн тариаланчидтай тохиролцохдоо нэг килограмм гурил 730 төгрөг байх ёстой гэж тохирч, гэрээ хийсэн боловч гурил үйлдвэрлэгчид 850 төгрөг болгох санал өгчээ. Өөрөөр хэлбэл тариаланчдад 50 төгрөг нэмж, гурил үйлдвэрлэгч нарт 150 төгрөг нэмсэнд тариалан эрхлэгчид гомдолтой байгаа аж.
Стратегийн бүтээгдэхүүнийг Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орж, зөвлөмж гарсны дараа оруулж ирэх ёстой. Өнөөдрийн байдлаар энэ зөвлөмж гараагүй байгаа боловч энэ сарын 1-нд улаанбуудай ачсан вагон нь Дархан хотод “Улаанбаатар” гурил компанийн хашаанд буудай буулгасан. Ийм зүйл байх ёсгүй. Манайхаас Хятад улс малын тэжээлийн хивэг авахдаа баг ирж шалгаж авдаг. Гэтэл манай улс хүн амын өргөн хэрэглээний удаанбуудайг импортоор оруулж ирэхдээ ийм байдлаар хандаж байна. Хууль зөрчиж, квот олгосон эрх мэдэлтнүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна хэмээн Газар тариалан эрхлэгчдийн холбооны тэргүүн Л.Цандэлэг ярилаа.
Дашрамд сануулахад тариаланчид Монгол Улсын дотоодын улаанбуудайн хэрэгцээг тогтоож өгөхийг ҮХААЯ-наас удаа дараа шаардсан ч 400-450 мянган тонн улаанбуудай байхад дотоодын хэрэгцээгээ хангах боломжтой гэсэн там тум тоо л яриад байдаг. Өнгөрсөн жил350 тонн улаанбуудай хурааж авч дутаж буй 100 мянган тонн улаанбуудайг импортоор оруулж ирэхээр болсон нь ч зөвшөөрлийн хугацаа нь өнгөрсөн зургадугаар сарын 1-нд дууссан. Гэтэл ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, “Улаанбаатар” гурил компанийнхан хуйвалдаж, хууль бусаар улаанбуудай оруулж ирээд байгаад тариаланчид үгээ барж явна.
Хамгийн гол нь тариаланчид дотоодынхоо хэрэгцээг хангах хэмжээний улаанбуудай тариалж, хураах ажил ид өрнөж байх үеэр ийм зүйл хийж байгаа нь улаанбуудайн үнийг санаатай унагаж байгаа төдийгүй “Импортоор улаанбуудай оруулж ирэхийг зогсоох хэрэгтэй. Тэгэхгүй бол үндэсний үйлдвэрлэгч, тариаланчдаа унагаах болно” гэж анхааруулсанЕрөнхийлөгч Ц.Элбэгдоржийн захиасыг үл тоомсорлож буйд тариаланчид ихээхэн бухимдалтай байна. Энэ бүхэн үндэсний хэмжээний амин чухал салбарыг мэргэжлийн бус хүмүүс удирдаж, ашиг хонжоо хайсан бүлэглэлийн олзны голомт болгох гэж буй нь тариаланчдад төдийгүй талх иддэг, гурилыг хүнсэндээ хэрэглэдэг хүн бүрт хохирол авчрах болно.
Учир нь “Манай тариаланчдын тарьсан улаанбуудай цавуулаг сайтай. Монголын хөр сөнд ургасан хамгийн сайн улаанбуудайгаар хийсэн гурилыг идэхдээ хэрэглэгчид ч сэтгэл хангалуун байдаг.Гэтэл ОХУ-ынIV, V сортын улаанбуудайг оруулж ирж байна. Үүгээр гахай, нохой, шувуу, малын тэжээл хийдэг буудайг оруулж ирээд гурил хийх гээд байгаагийн нууц нь дэлхийн зах зээлээс хамаагүй хямд үнээр оруулж ирж байгаа нь ойлгомжтой. Ойролцоогоор нэг тонн нь 300-400 мянга орчим төгрөг байдаг аж. Гурил килограмм нь 850 төгрөг байдаг. Ингээд бодохоор гурав нугалж байгаа юм. Ийм ашгийн төлөө тэд улайрч байна” гэж тэрбээр ярилаа.
С.Чулуун Zaluu.com
URL: