Дулааны гомдол хэзээ тасрах вэ?

халаалтНийслэлийн ЗДТГ-ын Иргэдэд үйлчлэх төвийнхний мэдээлснээр иргэдийн төрийн байгууллагад гаргаж байгаа гомдлын дийлэнх нь газар, барилгын салбарыг онцолдог аж. Үүний араас орон сууцны халаалт, дулааны асуудлаар мэдүүлсэн гомдол багагүй хувийг эзэлдэг болжээ. Өчигдрийн байдлаар л гэхэд “…БГД-ийн VII хорооны Эко 19 дүгээр байранд халаалт ирэхгүй байна”, “75 дугаар цэцэрлэгийн халаалт одоо хүртэл ирээгүй”, “СБД-ийн VIII хорооны 64 дүгээр байр халаалтгүй байна”, “Налайх дүүргийн II хорооны 59 дүгээр байр халаалтгүй удлаа…” гэсэн гомдлуудыг хотын захиргаанд ирүүлсэн байлаа. Айл өрх битгий хэл сургууль, цэцэрлэг дулаанаа авч чадахгүй байгаа гомдол байна. Саяхан л гэхэд Нийслэлийн II төрөх эмнэлгийнхэн дулааны асуудлаар жагсаал цуглаан хийгээд амжсан.

Нийслэл хот жил бүрийн есдүгээр сарын дундаас хэсэгчилсэн дулаанд холбогдож эхэлдэг. Иргэд харин хотынхон тэр чигээрээ дулаанаа авчихлаа гэж ойлгох нь бий. Харин ид өвлийн хүйтэнд дулаан тасалдах, бага даралттай ирдэг нь ямар учиртай юм бол.

Өчигдрийн байдлаар дулааны станцууд бүрэн ачааллаараа ажиллаж байгааг “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн инженерүүд мэдээлж байна. Гэвч Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол, Зайсан орчим, 13 дугаар хорооллын урд хэсэг, III, IV хорооллын хойд хэсэг зэрэг өндөрлөг газруудад дулаан хангамж хэрэгцээт хэмжээгээр очих боломжгүй гэнэ. Түүнчлэн станцуудаас алслагдах тусам сүлжээний даралт унаж халаалтын хэм бага очдог байна. Одоо байгаа станцуудын хүчин чадал ийм. Улаанбаатар хотын хүн ам жилээс жилд өсч үйлчилгээний байгууллагуудын ачаалал тэр хэрээр нэмэгдсээр байна. Жил бүр 500-550 барилга шинээр барьдаг судалгаа бий. Гэтэл сүүлийн жилүүдэд “Дулааны цахилгаан станц-4” компаниас өөр томоохон бүтээн байгуулалт энэ салбарт байсангүй. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдийн тоо хэдэн мянгаар нэмэгдэж байхад эх үүсвэр хангалтгүй байна. Яг л манай цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ шиг. Энэ жил гэхэд 9000 гаруй барилга дулаанд холбогдох юм байна. Мэдээж станцуудын хүчин чадал нэмэгдвэл ачаалал багасах тустай. Одоогийн байдлаар нийслэлд “Амгалан дулааны станц”, “Дулааны цахилгаан станц-3” өргөтгөл, “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК дээр цахилгааны 123 мВт өргөтгөлийн ажил үргэлжилж байна. Эхний бүтээн байгуулалт ес эхлэхээс өмнө ашиглалтад орох таатай мэдээг саяхан УИХ-ын дарга З.Энхболд дулааны станцуудын өргөтгөлийн ажилтай танилцах үеэрээ мэдэгдсэн. “Амгалангийн дулааны станц” ашиглалтад орчихвол дулааны доголдолтой олон жилийг үдсэн хотын зүүн хэсгийнхэнд тустай. Гэхдээ энэ жилийн байдлаар ачааллаа барихын тулд шинээр барьж буй барилгуудыг ус, цахилгаанд холбогдох зөвшөөрлийг түр хязгаар­лах шийдвэрийг Эрчим хүчний сайд гаргажээ.

Харин бусад дүүрэг, хэсгүүдэд халаалт очихгүй байгаа нь орон сууцны контортой холбоотой юм байна. Нийслэлд нийт орон сууцны 21 контор үйл ажиллагаа явуулдаг. Конторынхон “Улаанбаатар дулааны сүлжээ” компанитай дулаан түгээх гэрээ хийж, иргэдийн төлбөр тооцоог хариуцдаг. Гэтэл зарим конторынхон гэрээгээ хийгээгүйгээс дулаанд холбогдох боломжгүй байдаг аж. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалдаг байгууллагууд орон сууцны конторууд иргэдийн залилан мөнгийг нь хувьдаа завшдаг зөрчлийг нэрлэж байсан билээ. Түүнээс гадна нийслэл хотод жил бүр зам, барилгын ажил өрнөж шугам сүлжээ холбох, таслахтай холбогдуулан ус, дулаан тасалдах тохиолдол гардгийг инженерүүд ярьж байна. Ийм шалтгаануудын улмаас нийслэлийн иргэд жил бүр бухимдалтай өвөлжсөөр байна. Станцуудын хүчин чадлыг хуваалцах бүтээн байгуулалт, түгээлтийн конторуудын зөв зохицуулалт энэ салбарт хэрэгтэй болжээ.

 

Б.ЗАЯА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих